Эможиуд сөрөг нөлөөтэй байж болзошгүй гэж эрдэмтэд анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

Цахим харилцаанд ашиглагдаж байгаа инээсэн тэмдэгтүүд болоод ажлын мэйл харилцаанд ашиглагддаг бусад сэтгэл хөдлөл илэрхийлсэн тэмдэгтүүд нь хүлээн авагчдаа сөргөөр нөлөөлж болзошгүй гэж эрдэмтэд анхаарууллаа.

Израилийн Бен-Гюрион Их Сургуулийн бизнесийн болон менежментийн мэргэжилтэн Элла Гликсон энэ талаар тайлбарлалаа. “Манай судалгааны материалууд цахим харилцаанд ашиглагддаг инээсэн тэмдэгтүүд нь бодит инээмсэглэлтэй зөрчилддөг гэсэн анхны нотолгоог өгч байна. 

Инээсэн тэмдэгтүүд нь халуун дулаан мэдрэмжийг нэмэгдүүлдэггүй, харин тухайн илгээгчийн ур чадварын талаарх ойлголтыг бууруулдаг болохыг баталсан” гэжээ. “Нийгмийн сэтгэлзүй, хувь хүний шинжлэх ухаан” сэтгүүлд энэ судалгааг нийтэлжээ. Энэ судалгааг хийхдээ 29 орны 549 хүнийг хамруулсан байна. 

Судалгааны дүнд, нийгмийн байдал, орчин нөхцөлийн хэлбэрдэл, ёс төдий харилцаанаас үүдэж хүмүүс хүсэхгүй байсан ч эможиг ашигладаг. Гэсэн ч ихэнхи тохиолдолд эможи буюу инээсэн тэмдэгтүүд нь сөрөг үр дүнг дагуулдаг болохыг баталсан байна. Үгэн бус харилцааг дуурайх хамгийн түгээмэл арга нь цахим харилцааны тэмдэгтүүд болоод байна. Эдгээр тэмдэгтүүд нь өдөрт 6 тэрбум удаа ашиглагдаж, түүхэнд маш хурдан түгэн дэлгэрч байгаа хэл гэж үзэж болохоор боллоо. Эможины нөлөө нь маш аюултай тул ажлын харилцаандаа тэдгээрийг ашиглахаас зайлсхийхийг эрдэмтэд зөвлөж байна. Ялангуяа та анх удаа хэн нэгэнтэй харилцаж байгаа бол цахим харилцааны тэмдэгт ашиглахаас зайлсхийх хэрэгтэйг анхаарууллаа. 

Эрдэмтэд нэгэн сонирхолтой туршилт хийсэн байна. Тэд имэйл хүлээн авагчдаар албан и-мэйл уншуулж тухайн мэйлийг илгээсэн хүний ур чадвар болоод халуун дулаан байдлыг хамтад нь үнэлэхийг хүсчээ. Имэйл хүлээн авсан хүмүүст бүгдэд нь яг адилхан мессеж илгээсэн ч тэдгээрийн заримыг цахим харилцааны тэмдэгтүүд буюу эможитэй, заримыг тэмдэгтүүдгүй илгээсэн байна. 

Нүүр нүүрээ харалцан инээхээс ялгаатай нь и-мэйл харилцаан дахь зарим инээсэн тэмдэгтүүд нь халуун дулаан мэдрэмж төрүүлэх ямар ч нөлөөгүй байлаа. Үнэн хэрэгтээ, ур чадварын талаар сөрөг ойлголт төрүүлэх талтай байгааг судалгаагаар дүгнэсэн байна.  Эсрэгээрээ, инээж буй хүний гэрэл зураг нь огт нүүрний хувирал гаргаагүй хүний зургаас  илүү нөхөрсөг бөгөөд өөртөө итгэлтэй гэсэн ойлголт төрүүлдэг байна. 

Хэрвээ имэйл илгээсэн хүн нь эрэгтэй эсвэл эмэгтэй эсэх нь тодорхойгүй үед, имэйлд инээсэн тэмдэгтүүд ашигласан бол эмэгтэй байж болох юм гэж хүлээн авагч нь таамаглах магадлал өндөр байна. “Хэрвээ чи бусад хүнийг хэдийнээ таньдаг мэддэг болсон бол  инээсэн тэмдэгтүүд нь зөвхөн инээмсэглэлийг орлож болох юм.  Гэхдээ хэн нэгэнтэй танилцаад удаагүй бол нас хүйсээс нь үл харгалзан инээсэн тэмдэгт, эможиг ашиглахаас зайлсхийх нь зүйтэй” гэдгийг эрдэмтэд санууллаа.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top