Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын уран бүтээлийн дээжээс сонсгох “Их дуурьсал” тоглолтыг Улсын филармони, Морин хуурын чуулга санаачилсан бөгөөд энэ сарын 17-нд “Корпорэит конвеншн сентр”-т зохион байгуулах гэж байна.
“Их дуурьсал” тоглолт гурван хэсгээс бүрдэж буй. Эхлэл хэсэгт ард түмний байнга сонсож байдаг “Тэнгэрийн орон” симфони удиртгал, “Гэгээн алсад одохуй”, “Баярын уянга”, “Манан”, “Сэтгэлийн эгшиг” зэрэг бүтээлийг тоглоно. Эдгээр зохиол монголчуудын амны уншлага болсон атал заримыг нь Шаравынх гэж оноож хэлж мэддэг нь ч бий, үгүй нь ч бий. Тийм дотно, ардын дуу мэт болсон. Энэ хэсгийн оргил бүтээл нь морин хуур, симфони найрал хөгжмийн концерт юм. Морин хуурч Р.Амарбаяр гоцолж тоглох бөгөөд дөрөвц болон тавцын хөгтэй хоёр хуураар ээлжлэн тоглоно.
Тоглолтын хоёр дахь буюу хөгжих хэсэгт Гавьяат жүжигчин Ө.Уянга, Г.Ариунбаатар нар хөгжмийн зохиолчийн шилдэг дуунуудаас үзэгчдэд хүргэнэ. Тэд дуу, ардын дууны найруулга, ари гэсэн төрөл тус бүрт нэг нэг, өөрөөр хэлбэл нийт зургаан бүтээл сонордуулах юм. Гоцлол дуучин Ө.Уянга хөгжмийн зохиолчийн “Бүүжидмаа” ардын дууны найруулга, “Таны төлөө дуулъя” дуу, “Чингис хаан” дуурийн Хадааны ари дуулна. Харин гоцлол дуучин Г.Ариунбаатар “Гавалмаа бүсгүй” ардын дууны найруулга, “Монголын тал нутаг” дуу, “Чингис хаан” дуурийн Тэмүүжиний ари дуулах юм.
“Их дуурьсал” тоглолтын төгсгөлийн буюу гол хэсэгт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы бүтээл “Үхэж үл болно, Чингис хаан” киноны хөгжмөөс сонордуулах юм байна.
Р.Оюунжаргал
2018.3.13
Сэтгэгдэл ( 0 )