Ө.Уянга: Солонгос хэл дээр дуулсан болохоос биш ”K-поп” ертөнцөд орох гэж зүтгээгүй ээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 29

Сүүлийн үед алдартай болж буй К-поп ертөнц орчин үеийн охид, залуусын анхаарлын төвд байдаг болжээ. Харин тэрхүү ертөнцөд Монгол залуусын хамтлаг хөл тавилаа гэсэн сайхан мэдээ хүн бүрд хүрсэн биз ээ. Өсвөр үеийн охид залуусын дунд алдартай болж буй "Uyangaa x Rutuu" хэмээх залуу уран бүтээлчид цоо шинэхэн дуугаа цацаад байгаа юм. Тэдгээр залуусыг Уянга болон Төрмөнх гэдэг бөгөөд Өмнөд Солонгос улсад суралцаж буй оюутнууд юм. Ингээд хамтлагийн гишүүн Ө.Уянга охинтой хэдхэн хором ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.


 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай Зиндаа.мн сайтад ярилцлага өгөх болсонд баярлалаа. Ингээд “Uyangaa x Rutuu” хамтлаг хэрхэн үүссэн түүхээс ярилцлагаа эхлэе.

Бид үнэндээ албан ёсны хамтлаг биш. “Let me be” гэдэг дуун дээр л хамтран ажилласан юм. Төрөөгийн хувьд өмнө нь хэд хэдэн дуу гаргаж байсан. Харин энэ дуу миний анхны уран бүтээл учраас Rutuu, Syd Kyd хоёр маань надад тусалсан юм. Цаашдаа бид хоёр хамтлаг болсон ч хувь хувийнхаа уран бүтээлийг хийж байвал ер нь бол хамаагүй гэж бодож байна. Шинэхэн уран бүтээлчид учир мэдэхгүй, чадахгүй, дутуу дулимаг зүйлс их байгаа шүү дээ. Тиймээс ганцаараа хийснээс хамтдаа хийвэл илүү чанартай уран бүтээл гарна гэж бодсон юм. Бас олон хүнд хүрэх уран бүтээл хийе гэсэн хүсэл зорилготой байсан лдаа. 

Хамтлагийн гишүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Хамтлаг гэхээс илүүтэйгээр хамтарсан уран бүтээлчид гэж хэлж болно. Rutuu буюу Төрмөнх одоогоор Солонгос улсад өөрийн студи байгуулаад уран бүтээл дээрээ ажиллаж байгаа. Харин SydKyd Солонгос улсад Олон улсын бизнесээр мастерт суралцахын хажуугаар продюсер, Видео edit хийдгээр нь хүмүүс сайн мэддэг. Миний хувьд Солонгос улсад эдийн засгийн бакалавраа төгсөөд одоо АНУ-д мастерт сурч байна.

Гадаад оронд суралцахад хэцүү зүйл байгаа биз?

Өөрөө шийдэж чадахааргүй асуудал тийм ч их гараад байдаггүй юм. Энэ улсынхаа хэлийг л сайн сурсан байхад асуудал бараг байхгүй. Зарим улиралд хичээлдээ хайхрамжгүй хандсанаас болж тэтгэлгээ алдах үед мөнгөний асуудал гардаг. /инээв/

Та нар хоорондоо хэрхэн танилцаж байсан бэ?

Бид гурав гурвуулаа Солонгост анх танилцаж байсан. Syd Kyd бид хоёр нэг сургуульд суралцдаг байсан юм. Дуугаа бичүүлэх гээд студи хайгаад явж байхад минь Syd Kyd намайг Төрөө дээр дагуулж очиж танилцуулж байсан юм лдаа. “let me be” дуугаа бичүүлж байх явцдаа Төрөөтэй хамтрахаар болсон юм.


Цаашдаа ямар төрөл жанраар уран бүтээл хийе гэж бодож байна вэ?

Бидний гол баримталж буй зүйл үргэлж шинэлэг, өвөрмөц бүтээл хийх байдаг. Өмнө нь сонсож байгаагүй дуу, клипийг хүргэхийг хичээж байгаа гэсэн үг.

Таны ойрын зорилго юу вэ?

Миний хувьд анхны дуугаа олонд хүргэсэн байгаа учраас цаашдаа илүү гоё дуу хийх талаар бодож байна. Сургуулиа төгсөөд энд сурч буй мэргэжлээрээ ажиллана. Ажлынхаа хажуугаар уран бүтээл ч бас хийнэ гэсэн бодолтой байгаа.

Анхны уран бүтээлийнхээ талаар товчхон өгүүлээч?

“Let me be” дуу бол өөрийнхөө тухайн үедээ мэдэрч байсан мэдрэмжээрээ хийсэн дуу. Улам урагшаа тэмүүлэхийг хүссэн ч яг яах учраа олохгүй төөрөлдөж байгаа үеийн минь дуу юм. Манай үеийн залуучууд эерэгээр хүлээж авах байхаа.

Яагаад заавал К-поп ертөнц гэж?

Би яг оригинал Поп урсгалаар дуулдаггүй R&B тал руугаа илүү дуулдаг. Солонгос хэл дээр дуулсан болохоос биш "K-поп" ертөнцөд орох гэж зүтгээгүй ээ. Монгол уран бүтээлчдын бодлыг гадаадынханд сонирхуулахыг хүссэн юм.

Монгол эх орноо санах үе их л байдаг байх даа?

Эх орон, гэр бүл, найз нөхдөө байнга л санадаг. Тэглээ гээд өөрийнхөө гаргасан шийдвэрт хариуцлага хүлээж зорилгоо биелүүлэх хэрэгтэй болохоор тэвчинэ дээ.

Дараагийн уран бүтээлдээ орсон болов уу?

Тийм ээ. Одоо  саяхан цацсан дуунаас тэс өөр дуу хийж байна. Маш цоглог, зун цагийг санагдуулсан бүтээл хийж байгаа. Rutuu бид хоёр хамтарч байгаа. Цаашдаа магадгүй өөр өөрийн гэсэн уран бүтээл хийж  магадгүй ээ.

 Ярилцсан: Б.Амир

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top