Н.Батболд ”Буйдхан нутагт”

2018 оны 04 сарын 21

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Нарантуяагийн Батболдын "Буйдхан нутагт" шүлгийг сонордуулъя.

БУЙДХАН НУТАГТ

Чамайг ирээгүй байхад энд би жаргалтай

Цагаан хяруу цоочоод дэгддэг байсан

Цэцэгсийн үзэсгэлэнг ээжтэйгээ зүйрлээд

Цэлмэг тэнгэр шиг л гэгээхэн байсан

Чамайг ирээгүй байхад энд би шаналангүй

Зүсэр бороо дагуулаад буйдхан талаар дэргүүлдэг байсан

Зэгэсний бэлхүүсээр салхи лимбэдэн

Зүүсгэл нь алтраад нутаг миньуянгатай байсан

Чамайг ирсэнээс хойш сэтгэл гэгэлгэн

Цэцэг ижий хоёроо тоохоо больсон

Чулуун тоглоомноос хурууны минь хээ бүдгэрч

Чухам жаргалын уул минь эзгүйрэх болсон

Чамайг ирсэнээс хойш би шилбүүрээ гээгээд

Чиний өнждөг горхины эрэг дээр суудаг болсон

Чингэж суухын амтанд тусыг ч мартаад

Чимээгүй инээмсэглэн аавдаа ороолгуулдаг болсон 

Чамайг ирснээс хойш дотоод минь амилж

Чамгүйгээр буйдхан нутаг минь энгийн гэдгийг ойлгосон

Зүсэн зүйлийн чулууд уулсынх болохыг

Зүрхэний чанганхан цохилтууд учиртай байдгийг мэдэрсэн

Чамайг ирснэээс хойш би хоног, өдрүүдийг умартаж

Чиний нууцхан инээмсэглэлд живсэн

Зэгсний нөмөрт ижилссэн дурдатгал зэллээд

Зүүсгэлээ гээсэннутагтайгаа хоосрох шиг санагдахад

Чи явчихсан байсан.

 

ТЭР ЗҮГТ

Манан зүсээд адуу туусан хүн дэргүүлж

Мартагдсан дурсамж шиг үрээ араас нь давхиад

Мөөрөлдөх үхрийн зэлэн дээр ижий минь зогсож

Мөргөлийн дуу шиг тэндээс элбэрэл гэрэлтдэг болохоор

Тэр зүгт би яарсаар байдаг

Марал урамдаж гөрөөс голын эргээс цахилаад

Миний аав шиг дотнохон уулсын оройгоос наран цухуйхад

Ардын дуу аялсан гандуу дээлтэй хүмүүн

Айлын үүдэнд буугаад амар мэндийг нь мэддэг учраас

Тэр зүгт би яарсаар байдаг

Амьсгалаад л баймаар аргалын үнэр ханхийж

Ааруул шүүрсэн элээ дэлээд буцахын гунигтай

Аягахан нэрмэлээс илүү домог хуучлах өвгөд

Аньсгана чийгтэй өмөлзөн угтдаг болохоор

Тэр зүгт би яарсаар байдаг

Тоотой өдрийн жаргал шиг тогоотой өрөм шаргалтаж

Тос хөвсөн айрагнаас сэтгэлийн үнэн ханхийж

Тэрэгний арал чилсэн намрын урт өдрүүдэд

Тэрлэг жиндүүлэн эмээ минь хүлээдэг учраас

Тэр зүгт би яарсаар байдаг

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top