Дэлхийд од болон гялалзах Монгол хүүхдүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

Мундаг бондгорууд

Ийм үг цахим орчинд өчигдрөөс хойш “бор шувуу” шиг нисэлдэж байна. Энэ бол гадаадад Монгол Улсынхаа нэрийг гаргасан 30 уулаа очоод 30 медаль хүртсэн тамирчин хүүхдүүдийн амжилтаар бахархсан үгс юм.

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Жюү жицү бөхийн  дэлхийн хүүхдийн их наадамд Монгол Улсаас өсвөрийн ангилалд 30 тамирчин оролцож 17 алт, 7 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд 1000 гаруй тамирчин оролцсон байна. Манай тамирчдын хамгийн бяцхан хүү зургаан настай А.Хүслэн Кids-2 ангиллын 23 кг-ын жинд алтан медаль хүртжээ. Ёстой л мундаг бондгор. Мундаг бондгоруудын гаргасан амжилт ирээдүйг нь гэрэлтүүлж байгаа гэдэгт итгэж байна. Тэдний дунд олимп, дэлхийн аваргууд яваа. Монгол хүүхдүүдийн амжилт арвин.

Хөөрхөн бондгорууд

Монгол хүүхдүүд, бидний ирээдүй хойч болсон  багачууд урлаг, спортоор төдийгүй оюун ухаанаар дэлхийн энтэй болсон гэдгийг Индонези улсад болсон ой тогтоолтын тэмцээнд оролцсон хөөрхөн бондгорууд баталсан юм.  Индонези улсын нийслэл Жакарта хотод 2017 оны 12 дугаар сарын эхээр Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн боллоо.

Дэлхийн өндөр чансаатай 21 орны 130 гаруй хүүхэд оюун ухаанаараа өрсөлдсөн юм. Монгол багачууд 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медаль хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулан үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Багачуудын маань амжилт үүгээр хязгаарлагдахгүй. Малайзын Куала Лампур хотод болсон Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнд  монгол хүүхдүүдийн амжилтын буухиа үргэлжилсэн юм. Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 75 орны 8500 гаруй хүүхэд оролцсон. 

Монголоос “ТОЯА” хүүхэд хөгжлийн академийн дэргэдэх “Соробан” сампингийн сургалтын төвийн 5-14 насны шилдэг хүүхдүүд очоод цомыг нь хуу хамах нь, хүрэл цом 20 хүүхэд хүртсэн байна. Тэмцээнд Улаанбаатар, Баянхонгор, Эрдэнэт, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн  6-14 насныхан оролцсон. Тэмцээнээс  Гранд Чампион-1, Гран При-1, Алтан цом-8, Мөнгөн цом-20, Хүрэл цом-25-ыг хүртэж байлаа. Монголын ирээдүй хүүхэд, багачууд ямар их авьяастай, спортоор хичээллээд амжилт үзүүлж болдгийг тэд баталсаар байна. Харин тэдний ирээдүй төр засгаас , нийгмийн амьдрал, ээж, ааваас нь ихээхэн шалтгаална. Монгол хүүхдүүд, хөөрхөн бондгорууд, мундаг бондгорууд маань  дэлхийн од болон гялалзах цаг ирж байна

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.226) 2018 оны 04 сарын 25

Ийм сайхан мэдээ уншихаар ирээдуй гэрэлтэй харагдаж бн шуу Хоорхон чадалтай чадвартай ухаалаг хуухдуудээрээ бахархаж бн Улам их Амжилт!!!

0  |  0
mongol(27.123.212.138) 2018 оны 04 сарын 24

Ayaya. Ted ireeduid delhiin sportiin haad boloh ni. Mundag.

0  |  0
Top