Чойжин ламын сүм музейн соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр зөвлөн туслав

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26

 

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбатаар ахлуулсан Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын улсын ахлах байцаагч нар Чойжин ламын сүм музейн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж соёлын хосгүй үнэт өвийг хадгалан хамгаалахад тулгамдаж буй асуудлаар музейн удирдлага, ажилтнуудтай санал солилцлоо. Уулзалтын үеэр тус музейн захирал Д.Отгонсүрэн сүм музейн зориулалтаар ашиглаж буй соёлын биет өвийн бүртгэл, хадгалалт, хамгаалалтын байдал, онцлогийн талаар дэлгэрэнгүй танилцуулж илтгэл хэлэлцүүлэв.

1900 онд шав тавьсан тус сүм музей Монгол төрийн түүхтэй салшгүй холбоотой түүхийн хосгүй үнэт өв болохыг МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат онцолж хойч үедээ  энэ чигээр нь өвлүүлэн үлдээх, хадгалан хамгаалах чиглэлээр бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллаж буй музейн хамт олонд ажлын амжилт хүсээд мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийнхээ хүрээнд бүх талаар дэмжин хамтарч ажиллаж ирсэн хойшид ч хамтран соёлын өвийг хамгаалах, хадгалах чиглэлд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Тэрээр “Музейд 4-5 төрлийн хүндрэл байдаг. Нэгдүгээрт байгаа обьектээ хадгалж үлдэх, хоёрдугаарт байгаа бага хэмжээний төсөв мөнгөндөө тааруулаад авч явах, засаж сэлбэх, сэргээх, гуравдугаарт боловсон хүчний асуудлаа шийдэх, дөрөвдүгээрт аюулгүй байдлаа хангах, тавдугаарт соёлын үнэт өвөө авч үлдэх хамгаалахад анхаарах зэрэг нийтлэг асуудлууд бий. Иймд дээрх хүндэрлийг аль болох хамтын хүчээр даван туулахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал гэв.

Музейн тухайд өнөөдрийн байдлаар халаалтгүй, дулаан алдагдал ихтэй нөхцөлд өвөл зунгүй үйл ажиллагаа явуулдаг, ажилтнуудын бөөр өвчлөх гээд хүндрэл гардаг. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тус сүм музей анхнаасаа дулаан алдагдал ихтэй баригдсан учраас халаалт тавих боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн музейн мэдлийн 2 га газар руу халдаж аж ахуйн нэгжүүд барилга барьсан нь өнөөг хүртэл 3 шатны шүүх дээр шийдэгдээгүй асуудал дагуулсаар байгаа талаар ярьсан юм.

Ардын Хувьсгалын анхны 7 Бодоо, Данзан, Догсом нарын нөхөд тус сүм музейд хадгалагдан байгаа Улаан Жамсран буюу дайны бурхны өмнө тангараг өргөн их үйлсийг эхлүүлсэн. Төрийн ордныг анх шав тавихдаа Чойжин ламын сүм музейн чанх хойш чигт байхаар тогтож барьж байгуулсан гээд энэ сүм музейн талаар олон түүхэн баримтыг музейн хамт олон бахархан ярьж байлаа.

Музейн талаар товчхон

Чойжин ламын музей хэмээх уран барилга, уран баримал, уран зургийн цогцолбор чуулганыг 1904-1908 оны хооронд Монголын төр шашныг хамгаалан Чойжин сахиус буулгаж, хамаг амьтны тусыг бүтээхийн тухайд хурал ном хурж байх зорилгоор Төрийн их Чойжин  Лувсанхайдавт зориулан барьжээ.

Лувсанхайдав нь Төр шашныг хослон баригч, Наран гэрэлт, Түмэн наст VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү юм. Уг сүмийг Халх Монголын бүх нутаг хошуудаас 300 гаруй шилдэг урчуудыг цуглуулан Омбо ламын удирдлага дор бүтээжээ. 

Монголын түүх соёлын үнэт өв хадгалагдан буй энэхүү сүм нь ард олны дунд “Төрийн чойжин Лувсанхайдавын сүм”, “Нууц тарнийн сүм” хэмээн алдаршсан бөгөөд 50 орчим хурлын лам, таван сүм гурван жастайгаар хурал ном хурж байгаад 1937 оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд сүмийг хаан битүүмжилж, лам нарыг нь тараасан гэдэг.

Ингээд 1941 онд БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар тэргүүн зэргийн хамгаалалтад авч, 1942 онд Судар бичгийн хүрээлэнд шилжүүлэн тусгай зочин элчин төлөөлөгчдөд үзүүлж байгаад 1962 оноос нийтэд үйлчилдэг музей болгосон байна.

Энэхүү цогцолбор чуулга нь нийт таван сүмээс бүрдэл болдог бөгөөд Монголын түүх соёлын хосгүй өв болсон 6,000 гаруй эд өлгийн зүйлс хадгалагдан байдаг. Музейн эхний үзмэр музейн урд байрлах Янпай буюу хамгаалагч хаалганаас эхэлдэг.

XVII-XX зууны эхэнд Манжийн эзэн хааны соёрхол ивээлийг хүртсэн ордон, сүм хийдүүдийн өмнө зэрэг дэв, эрх ямбыг илэрхийлэн Янпай хаалга барьж байгуулдаг байжээ. Манай улсад гурван ийм хаалга бий. Амарбаясгалант хийд , Богд хааны ордон музей, Чойжин ламын музейд бий. Бусад Янпай хаалганаас бэлгэдэл чимэглэл ур хийцээрээ Чойжин ламын сүмийн Янпай хаалга илүү. 

Зургаан хавтаст Ямпай буюу хамгаалагч халхавч хаалганы өндөр нь долоон метр. Урд талынхаа гол хавтсанд тэнгэр газрын хүчтэн арслан, барс, хангардийг баруун зүүн хавтсанд үхэшгүй мөнхийн найман сахиусыг дөрөв дөрвөөр нь дүрсэлсэн байдаг нь аливаа аюул, саад тотгор муу муухай бүхнээс хамгаална гэсэн утга бэлгэдэлтэй.

Хойд талын Гол хавтсанд хүчирхэг таван луу дүрсэлсэн нь Сүмийн зэрэг дэв эрх ямбыг илэрхийлж байна. Зүүн талд нь бурхан багш уд модны дор гэгээрч, анхныхаа номыг тавьж байсныг дүрсэлсэн байгаа нь Бурхан багшийн сургаалыг дэлгэрүүлэхийн бэлгэдэл. Баруун хавтсанд нь Урт наст зургааг дүрсэлсэн нь урт удаан, өнө мөнх, аз жаргалтай амьдралыг бэлгэдсэн юм. Эл бүгдээс үзэхэд Монгол төрийг буддын шашин хамгаалан ивээх онцгой үүрэгтэй гэдэг нь байрлал бэлгэдэл зэргээс харагддаг.

Шашны урлагийн томоохон бүтээлийн нэг төдийгүй гүн утга санааг агуулсан төр, шашин, ард түмнээ үүрд мөнх хамгаалах хамгаалалт юм. Ямпай хаалгыг хагас наашаа товойсон баримлыг ингэмэл баримал гэж нэрлэдэг. Үүнийг хөх тоосгоор барьсан. 

Музей болсон нэр хаяг нь Махранзын сүмийн үүдэнд бичсэн алтлаг луугаар хүрээлүүлсэн цэнхэр илтгэл самбар дээр кирил, төвд, хятадаар Чойжин ламын сүм музей гэж бичсэн байна. Дахин давтагдашгүй цогцолбор чуулга таван үндсэн хэсгээс бүрддэг.

Гол буюу хурлын сүм, Занхан буюу Догшдын орон, Зуугийн сүм буюу мөргөлийн сүм, Ядамын сүм буюу нууц тарни нандин шүтээний сүм, Хотол чуулган тус Энх амгалангийн тив буюу Өргөлийн сүм гэж бий. Сүм бүрийн зорилго утга агуулга хэлбэр хийц бурхад нь хүртэл дахин давтагдашгүй.

Махаранз сүмд Дөрвөн сүрлэг  хамгаалагч хаад оршдог бөгөөд эдгээр нь буддын шашны домог ёсоор Сүмбэр уулын дөрвөн зүгт орших бөгөөд дөрвөн зүгээс хамгаалж байдаг хаад юм. Буддын шашны аливаа нэг сүм хийдийн үүдэнд ертөнцийн дөрвөн зүгийг хамгаалагч дөрвөн их хаад буюу махаранз, Жалчиншийг барьж байгуулдаг юм байна. Бүтээлийг их хүрээний нэрт урлаач Шойв Аюуш урлан бүтээсэн байдаг. Шойв гэдэг нь шуумалчин гэсэн утгатай. Цаасан шуумлаар урласан дөрвөн хаан гурван метр гаруй өндөртэй. Шашин урлагийн соёлын хосгүй үнэт өв юм.

Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.32.237) 2019 оны 06 сарын 18

Чойжин ламын музейн хуучин захирал Батаа гэнч нь хуучины эдлэлийн наймаачин хамаг үзмэр сольж хутгасан хулгайч даа

0  |  0
бодлын хулгайч(43.228.129.65) 2018 оны 04 сарын 27

түүх соёлын үнэт зүйлсээ хайрладаггүй манайх шиг улс байдаггүй. залуусаа нэгдэцгээе. АТГ АВИЛГЫН ОРЖ ИРСЭН МӨНГӨНӨӨС ЕРӨНХИЙЛӨГЧИД ХЭЛЖ БАЙГААД ӨГҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. БОГДЫН БОЛОН ЧОЙЖИН ЛАМЫН МУЗЕЙГ СЭРГЭЭЦГЭЭЕ

0  |  0
ЗОЧИН(103.212.119.9) 2018 оны 04 сарын 26

ЗА ДАА , НИЙСЛЭЛДЭЭ ГАНЦ НҮҮР ТАХАЛДАГ ЧОЙЖИН ЛАМЫН МУЗЕЙГЭЭ НИЙСЛЭЛИЙН ДАРГА КОНТОРОЙ ГЭХЭЭС ӨМНӨ ТОРДООСОЙ

0  |  0
ЗОЧИН(103.212.119.9) 2018 оны 04 сарын 26

ЗА ДАА , НИЙСЛЭЛДЭЭ ГАНЦ НҮҮР ТАХАЛДАГ ЧОЙЖИН ЛАМЫН МУЗЕЙГЭЭ НИЙСЛЭЛИЙН ДАРГА КОНТОРОЙ ГЭХЭЭС ӨМНӨ ТОРДООСОЙ

0  |  0
Top