Улаанбаатарт өнөө өглөө шиврээ бороо орлоо. Шиврээ бороо шинэхэн агаад сайхан гэж жигтэйхэн. Унтах нойрноос сэрээд л уур уцаарт “уягддаг” улаанбаатарчуудын маань ааш аяг ч аятайхан. Учир нь бороог тэд тийм их хүссэн байж. Хүсэл нь харин өнөөдөр биелж, хүн болгон “анхны борооны мэнд” хэмээн уулзан учрах аж. Замын түгжрэл, хог, утаа гээд зам зуурын бухимдлаа улаанбаатарчууд маань хэсэгхэн мартчихаж. Бүгд л борооны сайхныг шагшиж, бодол юугаа баясгана. Бороо тийм буянтай ажээ. Тэр тусмаа хаврын анхны бороо. Түүнийг хүн бүхэн хүсэн хүлээдэг болохыг цахим ертөнцөөр цахилах зон олны сэтгэгдэл бэлхнээ гэрчилнэ. Фэйсбүүкийн мянга, мянган найзуудын ихэнх нь энэ л борооны тухай бодлоо бичнэ. Тэр бодол бүгд хүмүүний нандин сэтгэлийн утсыг хөндсөн тийм эмзэг, тийм эрхэм ажээ. Тиймээ, тэр бүхнээс нь бичигч би хавар айлсан ирснийг, халуун дулаан уур амьсгалыг мэдэрлээ.
Дасал болсон зүгээс шувууд зэллэн ирэх, танил хэрнээ анхных адил догдлуулах хаврын амьсгалыг ч олж мэдэрлээ. Олж мэдээд олон зүйлийг эргэцүүллээ. Эцэст нь хавар хаана дууссан, яг тэр газраа дахин эхлэхээр ирснийг ухаарлаа.
Ургаж, ханзарч, учирч, салаад л... өнөөх танил бүхэн. Гэвч хавар биднээс уйдаагүй, бид ч хавраас ер уйдсангүй. Уйдах нь бүү хэл, ухаан жолоогүй нэгнээ санагалзжээ. Хаврын өглөө, хаврын өдөр, хаврын орой... Хорвоогийн сайхан бүгдийг хавраас хайж болох мэт. Урин дулааны аясаар ургаж дэлгэрээд л, уур амьсгалынх нь зөөлөнд уяран догдлоод л...Анзаараад байх нь ээ, хүн болгоны хайр хавар ирдэг юм шигээ. Хайрын тухай ихэнх шүлгүүдийн шад хавраар өртөөлсөн байдаг билээ. Хайр гэдэг хамгийн аугаа сайхан. Тэгэхээр тэр аугаа сайхныг авчирдаг хавар бүр ч аугаа биш гэж үү. Хаврын өнгө, хаврын гоёл... Чамин ганган өнгө чамд бодогдож байгаатай адил надад ч мөн адил. Эмэгтэйчүүд бид энэ л хавраар гоёно.
Цасан доороос цухуйх яргуйн адил янаг бүсгүйчүүд даашинзны хормойг дэрвүүлээд л. Тэр бүхэн хаврын дохио. Өндөр өсгийт дээр гунхаж, уян нарийн бэлхүүс гайхуулан гунхалзах бүсгүйчүүд хаврыг гоёж, хорвоог чимнэ. Гоё мэдрэмж... Шүхэр барьсан хосын болзоо шүлс асгаруулам амттай харагдана. Хүн төрөлхтний хайрын эгшгийг хавар хөглөдөг нь энэ байх. Тиймээ, хаврын анхны бороо Улаанбаатарт өнөөдөр орсон. Тэр бороотой зэрэгцээд бодлын минь мандалд бороо ингэж асгарлаа.
Ө.Бодол
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )