Харрисон Форд: Би Есүс шиг энгийн нэг мужаан байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 01

2019 онд гаргахаар төлөвлөж буй “Индиан Жонс”-ын тухай цувралын тавдугаар ангид Харрисон Форд тоглохоор болжээ. Адал явдал хайгч Индиан Жонс, аль эсвэл Галактикийн тайван бус хязгааргүй орон зайгаар “аялагч” Хан Солог дэлгэцнээс хараагүй, тэднийг тухай огт сонсоогүй хэн нэгнийг олоход хэцүү. Тэдний ачаар Харрисон Форд ч үзэгчдийн дунд алдаршсан. Түүнтэй “Nature sunсэтгүүл ийн ярилцжээ.

 

-Сүүлд гарсан “Оддын дайн” киноны ээлжит цувралд та сэтгэл хангалуун байгаа юу?

-Энэ төсөлд Абрамс ямар их шинэ зүйл нэвтрүүлсэн гээч... Тэр нууц лаборатори удирдаж байгаа эрдэмтэн хүн шиг л ажилласан. Жишээ нь, Люпита Нионго толгой дээрээ хоёр камер байрлуулж ажилласан. Киноны танилцуулгын зурагт хуудсан дээр гарсан түүний бүтээсэн дүрийн зургийг хараарай. Люпита Нионго танигдахын аргагүй хувирсан байсан.

-Найруулагч Жорж Лукас, Жей Жей Абрамс нарын ур чадварыг харьцуулах боломж танд олдлоо...?

-Зарчмын хувьд би ийм зүйл хийхгүй л дээ. Алим, амтат жүрж хоёрын аль нь илүү амттай вэ гэдгийн учрыг олохтой адил зүйл. Хоёулаа л сайхан найруулагч. Тэдэнд нэг нийтлэг зүйл байдаг. Их том бүлэг хүмүүсийг сайн зохион байгуулан удирдаж, тэднийг дуулгавартай ажилсаг цэрэг болгон хувиргадаг.

-Та тэднийг цэргийн сайн дарга нар болох байсан гэж хэлэх гээд байна уу?

-Цэргийн жанжингуудыг дайнд ялсан эсэхээр нь шүүдэг шиг л найруулагчдыг ч бас кино нь амжилттай болсон уу, бүтэлгүйтсэн үү гэдгээр нь авч үздэг.

-Өөрийг чинь “Оддын дайн” кино туульсын эхний ангийг амжилтад хүрнэ гэдэгт итгэхгүй байсан гэж сонссон...

-Би ч арилжаа наймааны мэдрэмжгүй хүн шүү дээ. 1970-аад оны дундуур манай кино зургийн багийнхан Британид очиход биднийг гайхаж хардаг байлаа. Тэр ч байтугай, орон нутгийн зураглаач,гэрэлтүүлэгч нар манай кино зохиолын санааг сайн ойлгохгүй байсан. Харин би “Оддын дайн”-д тоглохыг хүссэн. Яагаад гэвэл тэгэхэд би залуу, төдийлэн амжилт олж чадаагүй жүжигчин байсан. Би гэр бүл, үр хүүхдээ тэжээх хэрэгтэй байлаа.

-Тэгэхэд таныг мужаан байсан гэж сонссон шиг санаж байна...

-Тийм, Есүс шиг энгийн нэг мужаан байсан. Гэхдээ энэ ажил маань надад кинонд анх тоглоход минь тусласан. Би Сан- Франциско дахь Фрэнсис Форд Копполагийн албан тасалгааны хаалгыг хийх захиалга авлаа. Намайг юм хадаж суутал Коппола миний дэргэд ирээд “Ертөнцийн сүйрлийг төлөглөсөн судар өнөөдөр” гэсэн кинонд минь тогломоор байна уу гэж асуудаг юм байна. Би хэсэг зуур бодсоноо “ За тэгье. Гэхдээ эхлээд хаалгаа хийж дуусгая болох уу” гэлээ.

-Энэ киноны дараа өөрөө бусад найруулагчийн албан тасалгааны хаалгаар чөлөөтэй орж гардаг болсон гэсэн тийм үү...?

-Копполагийн надад оноосон тэр жижигхэн дүрд тоглож цөхөөд байх юмгүй мэт санагдсан. Гэтэл тэр “Болж байна” гэснээ намайг тухайн үед дөнгөж нэрд гарч явсан залуу найруулагч Жорж Лукастай танилцуулсан юм. Би түүний “Америкийн граффити зураачид” гэсэн кинонд тоглосон. Тэгэхэд “Оддын дайн” хийх төлөвлөгөө Лукаст байгаагүй. Сонирхолтой нь, Хан Сологийн дүрд тоглоход надад мужааны ур чадвар маань тусласан. Найруулагч “Оддын дайн”-ыхаа зураг авалтыг эхлэхийн өмнө түүнтэй урьд нь цуг ажиллаж байсан жүжигчдээс хэнийг ч кинондоо тоглуулахгүй гэж хэлж байжээ. Гэхдээ Лукасын шинэ уран бүтээлийн багийн асуудал эрхэлсэн хүн намайг дуудаж “Кино сорилго хийж байсан газрын нэг жижигхэн “байшин”-гын дээврийг засааад өгөөч” гэлээ. Тэнд Лукастай дахин тааралдсан юм.

-Тэнд та бас Курт Расселл, Кристофер Уокен нарын хүчтэй өрсөлдөгчтэй тааралдсан байх. Гэхдээ өөрийн чинь сэтгэл татам бага зэрэг инээд хүргэмээр төрх Лукаст илүү таалагдсан гэдэг...

Тэр хорон зальжиндуу боловч хүнлэг Хан Солод тоглоход намайг тохирно гэж бодсон юм байлгүй дээ... Юутай ч намайг сорилгод оруулсан, би тэнцсэн.

-Эц­сийн эцэст уг киног үзсэн дэлхийн олон залуу хүн энэ баат­раас өөрий­гөө олж харах шиг болдог гэж бичснийг уншиж байсан... Гэтэл өөрийг чинь энэ дүрдээ дургүй байсан. “Оддын дайн”-ы эхний цувралын дараа Хан Солог “үхүүлээч” гэж найруулагчаас гуйж байсан гэж сонссон. Харин “Хүч сэргэлт”цуврал дээр таны Хан Соло сэтгэл догдлуулсан олон явдалтай учирдаг...

-Тийм шүү. Энэ нь манай кино драмын нэг сонирхолтой чиг шугам. Рекламны зурагт хуудас дээр Лейя гүнжийн дүрд тоглодог Кэрри Фишер бид хоёрыг танихын аргагүй гаргасан байна лээ. Миний баатарт Галактикт туслах боломж бий. Хан Солог “үхүүлэх” -ийг хүсч байсан минь үнэн. Бодит амьдрал дээр би Хан Соло шиг хүнтэй нөхөрлөхгүй байсан болов уу. Тэрээр бусдыг залилж, хууран мэхлэж, өөрийнхөө ашиг сонирхолд анхаарлаа хандуулан үүнийгээ ёс суртахууны үүргээсээ дээгүүр тавьж чадах хүн. Би түүнтэй хамт оройн зоог барьснаас Индиан Жонстой цуг хооллохыг илүүд үзэх байсан.

-Яагаад кино урлагт орж ирэв? Киноны баатруудын адил явдал сонирхлыг чинь татсан болохоор Холливуд сэтгэлийг чинь эзэмдээ юү?

-Хачирхалтай нь үгүй шүү. Би өнөөдөр киноны талаар надаас зуу дахин илүү мэдлэгтэй бишрэн шүтэгчидтэй тааралдаж байна. Сургуулийнхаа драмын дугуйланд явж байхдаа түүхийг хэрхэн харуулж болдог ер бусын боломжийн талаар мэдэж авсан.

а яагаад мужаан болсон юм бэ?

-Аав минь намайг бага байхад яаж мужаан хийхийг зааж өгсөн юм. Ажил минь муугүй байлаа. Хэрэв олигтой ажил олдохгүй бол жүжигчин болно гэж дотроо шийдсэн юм. Мужаан хийх нь сонирхолтой санагддаг байсан шүү.

-Та өмнө нь гэр бүлтэй байхдаа хүүхэдтэй байсан. Харин одоо Калиста та хоёр өргөмөл хүүгээ өсгөж байна. Жаргалтай байгаа юу?

-Аз жаргал гэдэг хачин ойлголт шүү. Энэ нь чухам юу гэсэн үг вэ гэдгийг бурхан л мэдэх хэрэг. "Би жаргалтай байна уу, үгүй юу" гэж бодох зав гаргахгүйгээр амьдрах хэрэгтэй. Хэрэв та намайг зөвлөөч гэж хүсч байгаа бол би “Өнөөдрийнхөө өдрөөр амьдар. Ирээдүйн төлөө битгий санаа зов. Танд анхаарал тавьж байдаг тэр хүмүүсээ анхаар. Бусад нь аяндаа бүтнэ гэх байна даа.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top