Хүний хэлээр ярьдаг амьтан Жеффийн талаар итгэмээргүй боловч бодит түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 14

Мангуст буюу могойч хулганыг монголчууд мангис гэж нэрлэдэг. Могой агнахдаа гаргууд энэ амьтныг ярьдаг гэвэл олон хүн гайхах нь гарцаагүй. Гэхдээ түүхэнд ийм хачирхалтай явдал болж байжээ. Хүний хэлээр ярьж чаддаг Жефф нэртэй мангисын талаарх хачирхалтай ам дамжсан яриа, домгийг хүргэж байна. Гэхдээ энэ нь ор тас худал зүйл биш гэдгийг эхлээд хэлье. Олон жилийн өмнө дэлхийн хэвлэлүүд энэ талаар шуугиад өнгөрсөн юм.

Түүнийг харь гаригийнх, мангустын биед хувирсэн сүнс эсвэл зэрэгцээ ертөнцөөс ирсэн хэн нэгэн үү гэдгийг хэн ч мэддэггүй. Ямар ч байсан л ийм амьтан байсан юм.

Бүх зүйл 1931 онд Мэн арлын Дорриш Кешен фермд эхэлжээ. Фермийн эзэд болох Ирвингийн гэр бүлийнхэн /Жеймс Ирвинг, эхнэр, охин Варагийн хамт/ есдүгээр сарын нэгэн өглөө байшингийнх нь дээвэр дээр харх ч юм уу нэг амьтан түчигнэхийг сонсчээ.

Тэгээд үл мэдэгдэх амьтныг илрүүлэхээр ухаж, төнхөж гарч дээ. Ингээд хайсан зүйлээ олоод мэл гайхаж, цэл хөхөрнө гэжгч болж дээ. Энэтхэгт байдаг могойч хулганатай төстэй тэр амьтан хүүхдийн гэмээр нарийн хоолойгоор Жеймсийн гэр бүлийнхэнтэй ярьж эхэлсэн хэрэг. Ирвингийн гэр бүл тэр үед уг амьтныг дээвэр дээр хэдэн долоо хоног болохдоо яриаг нь сонссор байгаад хүний хэл сурчээ гэж боджээ. Гэтэл тун удалгүй андуурснаа мэдсэн гэнэ.

Мангуст өөрийгөө Жефф гэж танилцуулаад 1852 онд Энэтхэгийн Делид төрсөн, ямар нэгэн учир шалтгаанаар нутгийнхаа эрх баригчдаас зугтаж, хөлөг онгоцонд суун Их Британи руу гарсан гэж ярьсан байна.

Тэгээд амьдрах орчин таалагдахгүй байгаа учраас илүү дээр нөхцөлд бүрдүүлж өгөхийг Ирвингийнхний гэр бүлээс шаардсан аж. Биелүүлээгүй тохиолдолд фермийн бүх шувууг алж устгана, тэр бүү хэл хүмүүсийг ч хөнөөнө хэмээн заналхийлжээ.

Айсан гэр бүлийнхэн мангустыг устгахаар урхи тавьж, хор цацан хэрэндээ л тэмцсэн боловч маш ухаантай тэр амьтан огтхон ч ажирсангүй. Харин ч гарч ирээд гэр бүлийг нь хүйс тэмтрэхэд хичнээн амархан болохыг харуулах гэж шүдэнз зурж үзүүлсэн гэдэг.

Ингээд Ирвингийн гэр бүл бууж өгч, охиныхоо өрөөнд тохилог үүр засч өгөн, түүнээс хойш Жефф тэдний гэр бүлийн нэг гишүүн шиг байх болсон гэдэг билээ.  

Хэвлэлийнхэн мэдэв

Өөр нь зохих ёсоор анхаарал хандуулсны хариуд хүмүүст хор хүргэхгүй гэсэн амандаа Жефф хүрч, өдөр хоногууд ном журмаараа айвуу тайван өнгөрч байтал ээлжит адал явдал эхлэх нь тэ. 1932 оны эхээр “Daily Dispatch” сонины сэтгүүлч Ирвингийн гэр бүлд ирснээр хачирхалтай мангустын талаар улс даяараа мэддэг болох нь тэр. Сурвалжлагч үзсэн харсан зүйлийнхээ тухай “Тэр амьтныг яг ярьж байхыг нь харсан уу гэвэл үгүй. Гэхдээ хэн нэгэн хүмүүн бусын хоолойгоор ярьж байхыг сонссон гэвэл тийм” хэмээн бичсэн байна.

Эхний энэ мэдээ гарсны дараа хэвлэлүүд үл итгэх байдлаар хүлээн авч, тэр ч байтугай Ж.Редклифф хэмээх сэтгүүлч “Хүмүүн бусын хоолой гээд байгаа нь охин Варагийнх нь” гэж хүртэл бичив. Нүүрээ хийх газаргүй болтол бичүүлсэн Ирвингийн гэр бүлийнхэн сүүлдээ тэсгэл алдаж, тухайн үедээ нэр алдартай сэтгүүлч болох Гарри Прайст хандан, фермд нь зочилж, мангуст үнэхээр ярьдаг үгүйг нүдээрээ үзэн олон нийтэд мэдээлж өгөхийг хүссэн байна. Г.Прайс энэ үед Руди Шнайдер гэгч бас нэг гоц хүний үзэгдлийг судлаад завгүй байсан тул өөрийнхөө оронд туслах Деннис гэгчийг явуулахар болсон байна. Деннис 1935 онд фермд очихдоо ВВС агентлагийн харъяа “The Listener” сэтгүүлийн ерөнхий редактор Ричард Ламберт гэгчийг дагуулж очсон гэдэг. Тэдний аяллын үр дүн дараа жил нь “The Haunting of Cashen’s Gap” хэмээх нэртэй ном болж гарсан билээ.

Мангуст Жеффийн дүр төрх

Жефф эхлээд хүмүүсээс зугтан гүйдэг байснаа нэг өдөр өөрөө санал тавин Варагаар зургаа авахуулахаар болжээ. Одоо Гарри Прайсын архивт байдаг тэр зургаас харвал Жеффийн бие томхон хархны дайтай, төстэй болохоор нь л мангуст гээд байгаагаас бус яг ч бас мангуст биш болох нь мэдэгдэхээр гэжээ. Хөлийн хуруу нь хүнийхтэй төстэй буюу гурван урт, нэг богино бүдүүн хуруутай. Түүгээрээ юмсыг тогтоон барьж чаддаг аж. Британийн музейн ажилтан Режинальд Поукок Жеффийн тавхайн мөрийг бэхжүүлж авсан нь өөр ямар ч амьтныхтай адилгүй байжээ.

Зан чанарын тухайд их эрхэмсэг бардам, анхаарал хандуулахыг шарддаг боловч гэр бүлийн гишүүдийн хувийн орон зайг хүндэтгэж, хүндрэл учруулдаггүй байсан гэх. Гэвч сүүлдээ хүмүүс ихээр ирэх болсон нь Жеффийг уурлуулж, нэгэнтээ маш чанга хашгирсны дараа дахин хэнтэй ч яриагүй гэдэг билээ. Үндэсний аюулгүй байдлын алба ч Жеффийг ирж сонирхсон ч яриулж чадаагүй гэдэг билээ.

Жеймсийн гэр бүлийнхэн 1937 он фермийг орхин нүүсэн бөгөөд хүмүүс мангустынх нь талаар асуухад аль эрт явчихсан гэсэн гэдэг.

Энэ фермд нүүн ирж суурьшсэн айлын эзэн 1946 онд хачирхалтай нэгэн амьтныг буудаж алсан тухай яриа дэгдэхэд Британи даяар Жеффийг эргэн санасан юм. Харин Жеймсийн охин Вара Жеффийг маш ухаантай учир ийм тэнэг үхлээр үхэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг билээ.

Эцэст нь хэлэхэд, дээр нэр дурдагдсан Жеймс Деннисээс өгсүүлээд маш олон хүн Жеффтэй ярилцаж үзсэн байдаг бөгөөд энэ нь мангустын талаар ердийн таамаг дэвшүүлэхэд саад болсоор иржээ.      

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(64.119.17.250) 2018 оны 05 сарын 15

wikipedia-d bdag l yum bn. Gef mongoose geed haigaad uz...

0  |  0
жемс кемерон(79.98.213.82) 2018 оны 05 сарын 14

холливууд..

0  |  0
Zochin(66.181.161.122) 2018 оны 05 сарын 14

Hahaha ym ym bolohiimaa ene orchuulagch sn ymaa

0  |  0
Top