Д.Ганга: Би анх ”UB comedy”-г үзээд ”Юу үзчихэв ээ” гэж бухимдаж байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 18

Сүүлийн үед залуусын дунд стэнд ап комеди нилээн өргөжих болсон. Бид энэ долоо хоногийн ярилцлагын зочноор UB Comedy клубын гишүүн марзан Д.Гангыг урилаа.


- Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн. Сайн байна уу, намайг Давгасүмбэрэлийн Ганга гэдэг. "Ub comedy" клубын гишүүн гэж явдаг.

- Та багадаа ямар хүүхэд байв? Бага нас тань хэрхэн өнгөрсөн бэ?

-Би багадаа маш бүрэг ичимхий хүүхэд байсан. Олон хүний өмнө нээх яриад байдаггүй. Гэртээ түгжигддэг хүүхэд байлаа. Их жижигхэн биетэй хүүхэд байсан. Ангидаа ч тэр паралелль ангиудынхаа дунд хамгийн жижиг нь болохоор их жижиг гэдгээрээ алдартай байлаа. Ингээд бага байхад Японы ахлах сургуульд явах боломж олдож, тэндэхийн дүрмээр өсөж торнисон доо. Нээх онцгой чадвар, авьяас гэж байгаагүй. Бүгдтэй л ижил байсан. 

- "UB Comedy" клубт анх яаж орж байсан бэ?

-Анх 2014 онд Идэрээтэй танилцаад ажлыхаа хажуугаар "Стэнд ап" хийдэг гэж сонсож байлаа. Тэгээд "Hifi records"-ийн доор “Basement” гэдэг газар очиж үзэж байсан. Тэр үед тайзан дээр Батаа, Дээгий, Хану, Тулга, Идэрээ нар маань ярьж байсан. Тухайн үед юу үзчихэв ээ гэж л бодоод бухимдаад өнгөрсөн. Дараа нь “Fullcup” гэдэг газар хийдэг болоход нь байнга үзээд амтанд нь орчихсон. Гэхдээ өөрийгөө тайзан дээр хэзээ ч ярина гэж бодоогүй явсан. Дараа нь Идэрээ, Батаа хоёрын ятгалгаар нэг удаа ярьж үзээд, нэг мэдсэн өдийг хүрчээ. Ер нь бол байнга такс төлөхгүйн тулд клубд нэгдсэн нэг хувийн нууц байдаг шүү. /Инээв/

- Одоо хаана ямар ажил хийдэг вэ? Хобби байгаа юу?

-Би "Bloomberg" телевизэд продюсерээр ажилладаг. Энэ мэргэжлээрээ зургаан жил ажиллаж байна. Амралтын өдөр бол ер нь гэртээ байгаад байхыг хүсдэггүй. Бидэн шиг залуус аль болох гадуур явж олон хүнтэй уулзаж шинэ соргог зүйлийг мэдэж мэдэрч байх хэрэгтэй юм шиг санагдсан. Яг хобби минь гэвэл энэ тайз минь л болоод байна даа. Хүн инээлгэсний дараах тэр таашаал, алдсаны дараах тэр сэтгэлийн хямрал давтагдашгүй мэдрэмж төрүүлдэг. Тайзан дээр гарах нь өөрөө маш их том зориг. Тийм учраас манай залуучуудыг тайзнаас элдвээр хэлдэг хүмүүст хэлэхэд энэ их зоригийг нь бас үнэлэх хэрэгтэй шүү.

- "Стэнд ап комеди" хийхээс өөр ямар хоббитой вэ?

-Заваараа хөлбөмбөг, скуаш тоглодог. Монголд байдаг Япончуудын холбооны хөлбөмбөгийн багт байдаг. Саяхнаас ууланд авирах, "Airsoft" буудлагын төрлийг сонирхож эхлээд байгаа. Бас Жиүжицү-гээр хичээллэж үзэх төлөвлөгөөтэй байгаа. Миний хувьд бие эрүүл байж эрүүл сэтгэдэг гэж боддог шүү. Одоо янз бүрийн спортоор хичээллэх орчин нь ч их таатай болж дээ.

- Та үе тэнгийн залуусаа ямар байгаасай гэж боддог вэ?

-Би бүх залуучуудыг танихгүй л дээ. Гэхдээ миний мэддэг, таньдаг, намайг хүрээлдэг залуучууд маань бүгд маш мундаг залуучууд байдаг. Тэд нараас сурах зүйл маш их бий. Би өөрөө тийм мундаг хүн биш учраас ийм тийм гэж хэлэх хэцүү ч хамгийн гол нь “эрүүл” байгаасай л гэж хүсэж байна. Бие, ухаан, сэтгэл аль аль утгаар нь шүү. /Инээв/. Өнөөдөр хүн ямар ч ажил хийж, яаж ч амьдардаг байж болно. Гадаад руу явж ажиллаж ч болно. Хүний л амьдрал. Би эсвэл хэн нэгэн шүүх асуудал биш. Шүүмлэх ч эрх байхгүй. “Өөрийгөө олсон хүн өөрийгөө олоогүй хүний атаархлын үгэнд сөхөрдөггүй” гэж нэг үг саяхан уншсан. Маш их таалагдсан шүү. Хүний л амьдрал. Гэхдээ ямар ч хүн өөртөө итгэлтэй, ирээдүйдээ итгэлтэй байгаасай гэж боддог. Бидний ирээдүйг хэн нэгэн “Сонгогдсон” эрхмүүд биш бид өөрсдөө бүтээнэ гэдэгт итгэдэг. Хамгийн ойрын тод жишээ бол манай Батбилэг байна. Хүсэж мөрөөдөж итгэж хүлээж чадвал боломж хүн болгонд яг ижилхэн заяадаг.

- Одоогоор таны хамгийн ойрын зорилго юу вэ?

-Миний хамгийн ойрын зорилго гэвэл тайзан дээрх үзүүлбэрээ сайжруулах юм даа. Анх орсон зорилго минь уул нь олон хүний өмнө ярьж сурах, айдсаа даван туулах юм шүү дээ.

 

О.Мөнхтүвшин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин 2(64.119.21.233) 2018 оны 05 сарын 19

Мундаг залуу байна. Улам их амжилтыг хүсье.

0  |  0
zochin(112.72.14.134) 2018 оны 05 сарын 18

Zuv uzel bodoltoi huu bna. Zaluuchuud maani yer ni ih uuruur setgedeg bolj dee.

0  |  0
Top