Илон Маскийн ээж Мэй Маск 60 гарсан ч загварын сэтгүүлийг чимсээр байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

Манай үеийн сод хүмүүн, “PayPal” төлбөрийн систем, сансрын тээврийн компани “Space X”, ирээдүйн автомашины үйлдвэр “Tesla motors”-ыг үүсгэн байгуулагч Илон Маск. Сод ухаантан, тэрбумтан, бүсгүйчүүдийн сэтгэлийг соронздон татагч аятайхан залуу, бас ховорхон тохиох хүмүүнлэгийн үйлстэн. Ийм гайхалтай бие хүнийг төлөвшүүлсэн эх хүнийг дэлхий нийт сонирхох нь мэдээж хэрэг. Тэгвэл Илон Маскийн ээж Мэй Маск өнгөрсөн гуравдугаар сард SUPREME сэтгүүлд зургаа авахуулснаар олон нийтийн өмнө гарч ирэв. Улмаар хэвлэлд ярилцлага өгч, Илон Маскийн эх гэдэг утгаараа олны өмнө илүү тодорлоо.

Эдүгээ 69 настай ч 54 жил фото моделиор ажилласан энэ эмэгтэйн үндсэн мэргэжил уг нь хоолзүйч юм байна. Энэ чигэлэлээрээ хоёр ч удаа магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр гурван хүүхэд, арван ач зээтэй. Хүүхдүүдээ багагүй хугацаанд ганцаараа өсгөжээ.   

Мэй Маск Швейцарийн германчуудын үр удам. Өвөг дээдэс нь АНУ-ын Тусгаар тогтнолын дайны үед Нью Йоркод нүүж очсон гэнэ. Эцэг Жошуа Норман Халдеман нь 1948 онд багш мэргэжилтэй канад бүсгүй Уиннифред Жозефин Флетчертэй гэрлэж, Кэй, Мэй хэмээх ихэр охинтой болсны нэг нь мнай танилцуулгын гол баатар байжээ.  Жошуа Норман Халдеман онгоцны нисгэгч, аялаг хүн байсан бөгөөд Хойд Америкийг хөндлөн гулд нисч аялдаг байсан гэнэ. Тэрээр охидоо дөнгөж хоёр ойтой байхад нь ӨАБНУ-ын Претория хотод нүүж ирсэн аж. Эхнэр нөхөр хоёул аялалд зүрх сэтгэлээ эзэмдүүлсэн байсан бөгөөд Калахарийн цөлд эрт цагт оршиж байсан Фарини хотыг олохоор зориг шулуудсан, энэ зорилгодоо олон жилийг зарцуулсан гэнэ. Энэ хооронд Мэй охин нь өсч том болж, 15 настайдаа загварын дамжаанд явж эхэлсэн байна. Загварын тайзан дээр гарч, сэтгүүлд зураг нь хэвлэгдэх болсон төдийгүй 1969 онд ӨАБНУ-ын гоо бүсгүй шалгаруулалтын төгсгөлийн шатанд үлдэж байжээ. Хэдий загварын бизнест хүч үзсэн ч тэрээр мэдлэгт шамдсан, ухаалаг охин байсан гэнэ. Номноос салдаггүй тэрээр загварын карьерынхаа оргил үед хоолзүйчийн мэргэжлээ эзэмшжээ.

Мэй 1970 онд зохион бүтээгч инженер Эрролл Масктай гэрлэлээ. Тэд нэг дүүрэгт өссөн үеийн хүүхдүүд байсан бөгөөд Мэй анх 11 настай байхдаа ирээдүйн нөхрөө харж байсан гэнэ. Эррол Мэйд багаасаа хайртай байжээ. Долоон жил гүйж байж эхнэрээ болгосон гэнэ.

Хуримласнаас хойш есөн сарын дараа 1971 оны зургадугаар сарын 28-нд тэдний гэр бүлд ууган хүү Илон нь мэндэлжээ. Улмаар жилийн дараа хүү Кимбал, удалгүй охин Тоска нь төрсөн байна. Гэвч аз жаргалтай гэр бүлийн дунд ан цав үүсч, Илоны найман настай байхад эцэг эх нь салжээ.   

Гэрлэлтээ цуцлуулсан Мэй хүүхдүүдээ аван Торонто руу нисчээ. Тэнд суурьшсан эхний жил багагүй зовлон амссан тухайгаа тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. ӨАБНУ-ын банкин дахь мөнгийг нь улс царцаасан тул Мэй санхүүгийн хүндрэлтэй байдалд оржээ. ӨАБНУ иргэдийнхээ гадагшаа чиглэсэн урсгалыг зогсоохын тулд тухайн үед ийм арга хэмжээ авдаг байсан аж. “Нэг удаа хүүхдүүд маань савтай сүүгээ асгахад дахиж авч өгөх мөнгөгүйдээ гутраад уйлж байж билээ” гэж Мэй Маск энэ үеийнхээ талаар дурссан байдаг. Сэтгэл санааны таагүй байдал нь нөлөөлж, энэ ганц жидлийн дотор л 18 кг-аар таргалжээ. Хожим нь тэрээр энэ тухайгаа “таргалсан нь эзэмшсэн мэргэжлээ амьдрал дээр турших сайхан шалтгаан болж өгсөн” хэмээн хошигожээ.

Торонтод тэрээр загварын бизнесээ үргэлжлүүлж, хоол судлалаар дахин магистрын зэрэг хамгаалсан ч хөрөнгө мөнгөний хувьд гачигдалтай хэвээрээ л байсан гэнэ. Мэйн өөрийнх нь өгүүлснээр тэрээр орлогоо нэмэгдүүлэх гэж нэгэн зэрэг таван ажил хийж байсан үе ч байсан гэнэ. Гэр нь тавилга гэхээр юмгүй байсан тул эхний цалингаараа хивс авч байжээ. Харин дараагийн цалингаараа Илонд компьютер авч өгөхөд хүү нь шууд шалан дээр компьютертэйгээ “ноцолддог” байсан гэнэ. Энэ учраас ч байж магадгүй, Илон 10 настайдаа эцэгтэйгээ хамт амьдахаар шийдэж байжээ. тэрээр дараа нь амьдралдаа харамсаж явдаг цөөн шийдвэрүүдийн нэг нь энэ байсан гэж дурссан нь бий.

Харин Мэй Маск 50 настайдаа Нью Йоркод ирж, загварын тайзан дээр улам илүү эрч хүчтэйгээр ажилласан юм. Том том компаниудын сурталчилгаанд тоглох болсон тэрээр 60 насныхаа төрсөн өдрөөр үсээ жижигхэн засуулан шинэ дүр төрх бүрдүүлснээр бас л их амжилтыг олсон гэдэг. Хэдий нас өндөр болсон ч түүний зураг «Elle Квебек», “New York Magazine”, «L’Officiel Азербайджан», “Vogue Italia”, “Vogue Korea” гэх мэт сэтгүүлд гарсаар л. Тэр ч бүү хэл дуучин Бейонсийн “Haunted” дууны клипэнд тогложээ.          

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top