Сувилагчийн үнэний өчил” буюу Ж.Уранчимэгт туслах хандивын тоглолт болно

2018 оны 05 сарын 23

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан билээ. Тэгвэл хавдрын хими эмчилгээнд цөөнгүй удаа хамрагдаж, гурван охиныхоо төлөө амьдралын хором мөч бүрт хүнд өвчнөө даван туулахын төлөө тэмцэж яваа сувилагч бүсгүйд туслах хандивын тоглолтыг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын эрүүл мэндийн ажилтын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран зохион байгуулахаар болжээ.

Ж.Уранчимэг нь хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 14 жил сувилагчаар ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой гэгдсэн ганц сувилагч ажээ. Иймд эрүүл мэндийн салбарынхан Энэтхэг улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулан “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолтыг энэ сарын 28-нд “UB palace”-ын концертын их танхимд 14:00 цагт зохион байгуулах гэж байна.

Эрүүл мэндийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, эгэл түмнийхээ энхийн манаанд чин үнэнчээр зогссон эмч, сувилагч нартаа урам хайрлаж, сувилагч Ж.Уранчимэгт туслах хандивын тоглолтод урлаг соёлын алдартнууд оролцохоор болжээ. “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд сувилагч Ж.Уранчимэгт амьдрал хайрлах сэтгэлийн хандивт нэгдэж, тусламжийн гараа сунгахын элэг нэгт Монголчууддаа уриалж байна.

Хандивын данс: Хаан банк 5046159766, Төрийн банк 140000198401

Утас: 99523405

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top