Монголын контемпорари урлагийн алтан үеийнхний бүтээлүүд эргэн ирлээ

2018 оны 06 сарын 19

Бидний өнөөдрийн чөлөөтэй сэтгэх сэтгэлгээний орон зайн цоожийг маш зоригтойгоор нээж өгсөн шонхрууд бол яахын аргагүй Монголын контемпорари урлагийн үүсгэн байгуулагчид билээ. Монголын уран зургийн галерейд өнгөрсөн Бямба гаригт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Монголын контемпорари урлагийн “Эхлэл”-ийг харуулсан тус үзэсгэлэнгийн куратораар Ардын уран зураач Цүлтэмийн бага охин, Урлаг судлалын ухааны доктор Ц.Уранчимэг ажилласан юм.

 

Тэрээр хэлэхдээ: “Кураторын 25 жилийн ойгоо тохиолдуулан “Эхлэл” үзэсгэлэнгээрээ энэ гайхалтай уран бүтээлчдийн бүтээлийг толилуулъя гэсэн маань учиртай. Энэ залуус контемпорари урлаг гэдэг үг монгол хэлэнд ороогүй байхад 1989 онд тус урсгалыг эхлүүлж байсан юм. Би судлаач хүн учраас энэ мартагдсан түүхийг, энэ гайхамшигтай бүтээлүүдийг үзэгчдэд  сануулах, таниулах хэрэгтэй гэж бодсон юм. Та бидний гучаад жил үзээгүй эдгээр уран бүтээлийг дахин дэлгэн харуулж байгаадаа баяртай байна. Ардчилсан хувьсгал Монголд зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд явагдаагүй. Улс төртэй огт холбоогүй чөлөөт сэтгэхүй, болон өөрийн үзэл бодлоороо ялгарч, урлагийн талаарх ойлголт нь тухайн үеийн нийгмийнхээ хүлээсэнд баригдахгүй болсон хэдэн залуу уран бүтээлчид Монголын контемпорари урлагийн эхлэлийг тавьсан юм.

 Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир нар 1989-1990 оны үед “Ногоон морь”, “Тэнгэр”, “Сита арт”, “Эго арт”, “Шинэ урлагийн холбоо” зэргийг үүсгэн байгуулж шинэ урлагийн түүхийг бүтээлцэж явсан юм” гэлээ.

Гучаад жилийн өмнөх зургууд гэхэд шинэлэг, утга агуулга нь яруухнаараа байгаа нь онцгой мэдрэмжээрээ бүтээсэн урлагийн бүтээл л цаг хугацаанд элэгдэхгүйн бодит жишээ биз ээ.

Үзэгчдийн сонирхлыг ихэд татсан үзэсгэлэнгийн нэг бол нэр нь үл мэдэгдэх энэхүү зураг юм.  Бүх юм төрөөс хараат, ард иргэдийнхээ үзэл бодол, санаа, өмсөж зүүх эрх чөлөөг хязгаарласан тэр цаг үед хүмүүсийн сэтгэлгээ зогсонги байдлыг харуулсан болов уу гэмээр...

Зураач Б.Вандангийн “Нэг алхам” зургийг хүмүүс нилээд сонирхож байлаа.

Зураачийн бүтээлийг харахад, тэр цаг үеийн зогсонги нийгэмд зоригтой, өвөрмөц алхам хийж байсныг нь илтгэнэ.

Зураач хэлэхдээ: “Тухайн үеийн нийгэм цензуртайг ч хэлэх үү, бид нарыг маш ихээр шүүмжилдэг байлаа. Ер нь шинэ юмыг тэгэж л хүлээж авдаг. “Та нар өөрсдөө хийж байгаа юмаа ойлгохгүй байна” гээд янз бүрээр л шүүмжилдэг байсан. Энэ чиглэлийн ном ч ховор байж. Бид чинь нарийндаа бол дуурайх маягтай эхэлсэн. Тэгээд аяндаа өөрийн үзэл бодолтой болж байгаа юм даа. Хамгийн гол нь их сонирхож орсон болохоор ерөөсөө ч шантраагүй юм” гэж байв.

Тэрбээр 1980 онд зурсан “Морь” хэмээх зургаараа  хамаг уйтгар гунигаа толгой гудайлгаж буй мориор илэрхийлсэн болов уу гэмээр байдаг.

Тус бүтээлийг 1990 онд тавигдсан Ё.Далх-Очирын “Ирэх цаг” зурагтай харьцуулвал тэр найдварт гэрэл гарсныг илэрхийлэх аж.

Түүнчлэн зураач Б.Гансүх “Талд” хэмээх бүтээлээрээ тухайн үеийн нийгмийн баригдмал хэцүү байдлаас ангид эрх дураараа байхыг хүсэмжилсэн гэмээр...

“Хүн сэтгэлийн амьтан ажгуу. Сэтгэлийн амьтныг хүмүүн болгогч нь урлаг, соёл ажгуу” хэмээх сайхан үг бий. Тэгвэл тэд Монголын орчин үеийн нийгмийн шинэлэг залуусыг төрөн гарахад асар их хувь нэмэр оруулсан гэдгийг “Эхлэл” үзэсгэлэнгээрээ тодорхойлж байлаа.

Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн  үг хэлсэн юм. “1989 он Монголд ямар нийгэм байсан билээ. Монголчууд ямар ч бэлтгэлгүй мөртлөө зоригтойгоор шинэ нийгэмд орж чадсан. Тэр үед урлагийн салбар хүндхэн байдалтай зах зээлд шилжиж байлаа. Эдгээр хүмүүс гучин жилийн өмнө залуухан, зоригтой, эрч хүчтэйгээр шинэчлэл хийсэн. Өнгөрсөн гучин жилд Монголын урлаг дахь дүрслэх урлаг, дүрслэлээр илэрхийлэгддэг тайзны урлагт ямар их өөрчлөлт гарсныг та бүхэн мэдэж байгаа. Эдгээр уран бүтээлчид энэ өөрчлөлтийн эх үүсвэрийг тавьж, бидний өнөөдрийн чөлөөтэй сэтгэх, сэтгэлгээний орон зайн цоожийг зоригтойгоор нээж өгсөн шонхорууд юм. Гайхамшигтай уран бүтээлчдийн дэргэд гайхалтай эмэгтэйчүүд байдаг. Өнөөдрийн гол баатруудын нэг нь урлаг судлаач Ц.Уранчимэг юм. Мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг боловсрол, судлаачийн ажил, туршлагаараа, гэрийн хүмүүжлээрээ Цүлтэмийн Уранчимэгийн зиндаанд хүрсэн дэлхийд данстай куратор цөөн билээ. Би өөрөө балетийн бүжигчин хүн. Монголд анх удаа контемпорари урсгалын балетын тоглолт хийж байсан. Эдгээр уран бүтээлчидтэй бүгдтэй нь хамтарч ажиллаж байлаа. Эд маань байгаагүй бол бид өнөөдрийн түвшинд хүрэх байсан болов уу гэж боддог шүү” хэмээв.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Шар айраг” хамтлагийн ахлагч Ганхүү Чехэд оюутан ахуй цагтаа алтан үеийн контемпорари урлагийн төлөөлөгчидтэй танилцаж,  тэднээс мөн ч их юм сурч байсан тухайгаа ярьж байлаа. Энэхүү үзэсгэлэнг “Apple” продакшин хамтран зохион байгуулжээ. Үзэсгэлэн энэ сарын 21-ыг дуустал үргэлжилнэ.

Зураг бол үггүйгээр бүтэх шүлэг гэдэг. Тэгвэл Монголын контемпорари урлагийн уран бүтээлчдийн сэтгэлгээний цар хүрээ савнаасаа хальж цалгилан буцалсан он жилүүдийн хуудсыг эргэн нэг сөхөх ховорхон завшаан олдсон тул та “Эхлэл” үзэсгэлэнг заавал ирж үзээрэй.

Зураач Г.Эрдэнэбилэг “Орон зай дахь мэдрэмжүүд”

Ч.Бүжин

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch(202.9.41.237) 2018 оны 06 сарын 19

Uran zurgiin galerei yum uu?

0  |  0
Top