И.Мөрөн: Би одоо болтол охинтой үерхэж үзээгүй ээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 26

-Сайн байна уу? Юун түрүүнд өөрийгөө товчхон танилцуулаач? 

-Намайг Ихбаярын Мөрөн гэдэг. 18 настай. Монгол 3-р сургуульд сурдаг.

-Уншигчид чиний “Ерөнхийлөгчийн туслах” киноны дүрийг хамгийн сайн мэддэг шүү дээ. Хамгийн анх ямар уран бүтээлд дүр бүтээж байв? Анхны кинондоо тоглох саналаа хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Манай ээж аав хоёр урлагийн хүмүүс. Ээж маань найруулагч, аав  зураглаач мэргэжилтэй. Анх 7 настайгаа “Өнгөт Инээд” хошин урлагийн продакшинд ээж аавыгаа дагаад урлагаас суралцаж эхэлсэн. Миний дүр бүтээсэн бүрэн хэмжээний анхны кино бол Энхдалай найруулагчийн бүтээл “Ерөнхийлөгчийн туслах” байсан. Тухайн үед найруулагч маань намайг чадна гээд итгэл хүлээлгэж намайг нээхэд тусалсанд би их баярлаж явдаг.

-Ерөнхийлөгчийн туслах кинонд тоглоход хэдэн настай байсан бэ? Түүнээс хойш ямар ямар уран бүтээлд дүр бүтээв?

-12-той байсан. Түүнээс хойш “Тусгай ажиллагаа”, “Мөрдөгч”, “Гурван найз”, “Сайн аав” зэрэг 8, 9 бүрэн хэмжээний кинонд туслах болон гол дүрд тоглосон. Мөн "Боловсрол" телевизийн “Эх хэлний эзэд” төслийн гол дүр болох “Хөгжилтэй Монголдой” болсон.

-Хамгийн сүүлд "Байрны ах" кинонд тоглосон санагдаж байна. Киноны талаар уншигчдад мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн жил Эрдэнэт хотод “Байрны ах” киноны 90 хувийн зураг авалтыг хийж дуусгасан. Миний хувьд киноны гол “түлхүүр” дүр болох “Мөөжиг”-ийн дүрийг бүтээсэн. Энэ дүр нь их хор хутгадаг, нууц явдлуудыг тайлах, ах нарынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй хэргийн гол эзэн, сэргэлэн хүү байгаа. “Байрны ах” кино маань хотын кино театруудаас буугаад одоо хөдөө орон нутгуудаар гарч байгааг дуулгамаар байна.

-Чөлөөт цаг хэр байдаг вэ? Чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийж өнгөрүүлэх дуртай вэ?

-Миний хувьд ер нь өөрийгөө их завгүй байлгахыг хичээдэг. Спортоор хичээллэх их дуртай. Тэр дундаа Сагсан бөмбөгт их сонирхолтой. Манай гэрийнхэн хүртэл миний дуртай, хийхийг хүссэн зүйлүүдийг маш их дэмждэг.  

-Нууц биш бол найз охин байгаа юу?

  • /Инээв/ Би амьдралдаа төрснөөсөө хойш нэг эмэгтэйг үргэлж хайрладаг. Энэ бол миний хайртай ээж. Дараа нь миний хайрлах эмэгтэй нэгээр нэмэгдсэн нь дүү минь байгаа. Би энэ хоёр эмэгтэйг насан туршдаа хайрлана. Одоогоор бол үеийнхээ охидтой үерхэж үзээгүй ээ.

-Чиний үеийнхэн муу зүйлд уруу татагдах нь их болсон. Чи энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Үүний гол шалтгаан нь гэр бүлийн хүмүүжил, ойр дотны нийлдэг найзууд нь гэж би боддог. Гэртээ харихад гоё уур амьсгалтай байвал ямар ч хүүхэд гэр лүүгээ яарна шүү дээ. Гэхдээ одоогийн энэ бохир, өө гаргаж муулдаг муухай нийгмийг миний үеийн хүүхдүүд, дүү нар маань л засаж өөрчилж чадна гэж би боддог. Өнөөдөр бол охидууд нь тамхи зууцан нэгнээ “андаа, хамаа” гэж дуудаад л, хөвгүүд нь хэрэлдэж, хүн муулаад л явж байгааг харахаар үнэхээр их харамсдаг. Миний бодлоор ер нь хүүхдүүд өөртэйгээ ижил зүг рүү чиглэсэн, зөв хүмүүстэй найзлах хэрэгтэй байх. Манай ээж аав архи тамхинаас хол хүмүүс. Тэгэхээр би тийм зүйлд цаг зав мөнгөө гарздах сонирхол байдаггүй.

-Тэр ч тийм шүү. Чиний мөрөөдөл юу вэ?

-Би маш олон мөрөөдөлтэй. Эхнээс нь биелүүлээд л явж байгаа. Эхний ээлжинд сургуулиа амжилттай төгсөөд сонгосон мэргэжлийхээ дагуу сургуульдаа амжилттай орох л байна даа.

-Ямар мэргэжил сонгож байгаа вэ?

-Хүн болгон намайг жүжигчин болох байх гэж боддог. Би сэтгэл зүйч, сэтгэл судлаач мэргэжлийг сонгож байгаа. Харин мэргэжлийнхээ хажуугаар жүжигчний мэргэшлийг эзэмшинэ гэж боддог. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан гэвэл би хүн сэтгэлийн амьтан гэдэгт итгэдэг учраас сэтгэлзүйгээр хүнийг эмчлэхийгхүсдэг.

-Сонирхолтой сонголт байна шүү. 10 жилийн дараа гэхэд Мөрөн ямар хүн болсон байх бол?

-/Инээв/ Маш их зүйл бодогдож байна шүү. 28-тай Мөрөнгийн хувьд надад итгэдэг болон итгэсэн хүмүүсийн итгэлийн алдахгүй хүссэндээ хүрсэн л байх болно.

-Чамайг мөрөөдөлдөө хүрэх ухаантай хүүхэд гэж боддог шүү. Тиймд амжилт хүсье.

-Баярлалаа. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, одоогийн залуус оюуны өмч, хүний хөдөлмөрийг үнэлэхээ байсан юм шиг санагддаг. “Add me”, тэр киног чатаар өгнө гэхчлэн наад захын жишээ дурьдахад харамсалтай шүү. Тухайн бүтээлийг хийхийн тулд ямар олон хоног нойр хоолгүй, өөрөөсөө маш их энерги зарцуулж хийснийг ойлгодог болоосой гэж их хүсдэг. Тиймээс үнэхээр үзэхийг хүсэж байгаа бол тэр олон хүний хүч хөдөлмөрийг үнэлээд зохих төлбөрийг нь төлөөд үзээрэй. Оюуны өмчөө дээдэлж сурцгаая.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(116.44.154.116) 2018 оны 06 сарын 26

ireeguin ezenMongol huu bn AMjilt huse

0  |  0
Top