”Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн боллоо

2018 оны 07 сарын 02

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр хамтран “Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд боллоо. Сонгодог урлагийг дэмжигч, үзэгч болон гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид болон нийслэлийн иргэддээ зориулан дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон шилдэг бүтээлийг дээжлэн толилууллаа.

 

“Best of classic” сонгодог хөгжмийн үдшийн цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, үг хэллээ. Тэрээр “Бороо хур орсон энэ сайхан үдэш сонгодог урлагийн гайхамшгийг мэдрэхээр жанжин Д.Сүхбаатарын талбайд хуран цугласан нийслэлчүүд та бүхэндээ оройн мэнд хүргэе. Улаанбаатар хот урлагийн хот гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж энэ хөтөлбөрийнхөө хүрээнд иргэддээ зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдгийн нэг нь энэхүү сонгодог урлагийн үдшийн арга хэмжээ юм. Энэ арга хэмжээ нь Үндэсний их баяр наадмын цуврал арга хэмжээний нээлт болж тоглогдож байгааг та бүхэндээ дуулгая. Дэлхийн сонгодогуудийг төв талбайдаа эгшиглүүлж зохион байгуулдаг улс орон ховор байдаг. Тэгвэл нийслэл хот дэлхийн урлагийн хотуудтай эн зэрэгцэх сайхан уламжлалыг бий болгож 4 дэх жилдээ энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үдшийг та бидэнд толилуулж, сонгодог урлагийн сайхан ая эгшгээр бэлэг барьж байгаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олондоо баярлалаа. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр бол Азидаа анх удаа мэргэжлийн сонгодог урлагийн театр болсон. Улаанбаатар хот аялал жуулчлалын төв болоход сонгодог урлагийн гүйцэтгэх үүрэг их юм. Цаашдаа Монголын сонгодог урлагийг дэлхийн түвшинд  хүргэхээр дэмжин ажиллана” гэлээ.

 

“Best of classic” сонгодог хөгжмийн үдэш тоглолтод Ж.Пуччини, “Чио Чио Сан” дуурийн хэсгээс, В.Моцарт “Увдист лимбэ” дуурийн Зарастрогийн ари, П.И.Чайковский “Хунт нуур” балетын цагаан хунгуудын адажио зэрэг сор болсон 20 орчим бүтээл тоглогдлоо.

Мөн БНСУ-ын дуучид тоглолтод оролцсон бөгөөд А.Дворжак “Лусын дагина” дуурийн лусын дагинын ари БНСУ-ын дуучин Ким Нам Ён, Ж.Пуччини “Жанни Скикки” дуурийн Лауреттагийн ари БНСУ-ын дуучин Ли Ён Сүк, Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ари БНСУ-ын Лю Хен Сүн нар үзэгчдэд толилууллаа.

Дэлхийн сонгодогуудыг нийслэлчүүддээ толилуулсан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 55 дахь тоглолтын улирлын туршид 80 орчим дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, балет, хөгжмийн бүтээлүүдээр ард түмэндээ үйлчилжээ . Үндэсний их баяр наадмын соёл урлагийн  арга хэмжээ “Best of classic”  сонгодог урлагийн үдшийн цэнгүүнээр эхэллээ.  7 дугаар сарын 11-ны  өдөр төв талбайд” Улаанбаатарын үдэш”, 7 сарын 12-нд  “Монгол сонгодог -3 “тоглолтыг  нийслэлчүүддээ толилуулахаар  бэлтгэл ажил нь дуусжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top