Дээлтэй Монгол наадам энэ сарын 10-ны өдөр болно

2018 оны 07 сарын 03

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, зарим зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв. Дээлтэй Монгол наадмын үеэр үндэсний хувцастай иргэд, байгууллага, аялал жуулчлалын салбарынхны парад, урлагийн тоглолт, шилдэг оролцогчдын шалгаруулалт, Монгол зан заншлыг харуулсан хотхон, үндэсний дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэ жилийн наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-аас зочид төлөөлөгчид ирж, оролцохоор болсон байна.

Дээлтэй Монгол наадам энэ сарын 10-ны өдөр болно

Түүнчлэн нийслэлийн дүүргүүд Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг Монгол ахуй, зан заншил, соёл урлаг, Монгол наадмыг харуулсан өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхонуудыг ажиллуулах юм байна. Иргэд, жуулчид өөрсдийн сонирхсон зүйлсээ худалдан авч, тэдний бэлдсэн тоглолт, үзүүлбэрүүдийг үзэж сонирхох боломжтой юм.

Шилдэг оролцогчдын шалгаруулалтад оролцох иргэд арга хэмжээ болох өдөр бичиг баримттайгаа ирж, Д.Сүхбаатарын талбай дээрх зохион байгуулагчдын асарт бүртгүүлэн мандат авах аж. Баярын жагсаалд оролцох байгууллагуудыг долоодугаар сарын 9-ний өдрийг дуустал ажлын цагаар 70128687 утсаар бүртгэж авах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top