Энэтхэгийн нэрт жүжигчин, дуучин, 2010 оноос Холливуудад чамгүй амжилт гаргаж яваа “Quantico” цувралын од, 2000 оны “Дэлхийн мисс” Приянка Чопра энэ сарын 22-нд 36 нас хүрэх юм.
Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн залуу дуучин Ник Жонастай болзох болсон билээ. Тэд өнгөрөгч гуравдугаар сард Лос Анжелес хотноо найзуудын хамтаар усан онгоцоор зугаалсан байна. Ник уг үйл явдлыг гэрчлэх зургуудаа твиттертээ оруулсан бөгөөд энэ үед Чопратай хамт авахуулсан зургуудаа нийтэлж, харилцаагаа олон нийтэд дэлгэсэн байдаг.
Приянка Чопра өнгөрсөн онд “Jimmy Kimmel Live” шоунд оролцох үеэрээ “Ник надад таалагддаг. Гэхдээ бидний харилцаа зөвхөн найзуудынх” гэж ярьж байсан юм. Гэхдээ тэрээр өөрөөсөө 10 насаар дүү залуухан хархүүг ийн өөрийн болгож авчээ. Харин Ник Жонас болзоот бүсгүйнхээ төрсөн өдрийн баярыг угтан өчигдөр Лондон хотноо нэгэн оройн зоогийг зохион байгуулжээ. Энэхүү оройн зоогт Жонасын ах дүүс болон жүжигчин Софи Төрнер хүрэлцэн ирсэн байна.
Магадгүй хосуудын харилцаа илүү гүнзгийрч, тун удахгүй сүйн мэдээ сонсож ч мэдэх юм хэмээн Холливуудын хэвлэлүүд онцолж байна. Гэхдээ Ник Жонас бол хүүхэмсэг, охидын эрлэг гэдгээрээ Холливуудад тун алдартай нэгэн. Түүний болзсон бүсгүйчүүд дуучин Майли Сайрус, Дэми Ловайтогоос эхлээд Викториа Сэкрэтийн сахиусан тэнгэрүүд хүртэл хөвөрнө. Тиймээс дөнгөж 26 настай царайлаг, амжилттай яваа залуу ийм эрт амьдрал зохиохоор төлөвлөнө гэдэг юу л бол хэмээн ойр тойрныхон нь жиг жуг гэлцэх болжээ.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )