Дэлхийн хэвлэл МОНЦАМЭ-д ойн баярын мэнд дэвшүүлье

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 20

Монголын хэвлэл мэдээллийн анхдагч, анхны мэргэжлийн сэтгүүл зүйг үндэслэгч “МОНЦАМЭ” агентлаг бууриа засаж, дэлхий дахинаа үүдээ нээсэн цагаас хойш 97 жилийн нүүрийг үзжээ. Өдгөөгөөс 97 жилийн өмнө буюу 1921 оны долдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын гишүүдийн зургаадугаар хурлаар  Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г байгуулсан нь Монгол Улсын хэвлэл мэдээллийн болон сэтгүүл зүйн түүхнээ нэгэн шинэ хуудас нээж, одоогийн “МОНЦАМЭ” агентлаг үүдээ нээсэн түүхтэй билээ.

Энэ их айл нь өнгөрөгч 100 шахам жилийн түүхнээ өөрийн гэсэн нэгэн бодит түүхийг бүтээж, Монгол Улсаа дэлхий ертөнцөд сурталчилахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байгууллага гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Тийм ч учраас “МОНЦАМЭ” агентлаг нь худам монгол бичиг, орос, хятад, япон, англи хэлээр долоо хоног тутмын “Хүмүүн бичиг”, “Новости Монголии”, “Мэнгу сяосибао”, “Монгору Цушин”, “The Mongol Messenger сонинг ертөнцийн зулайд түгээж, өдөр тутмын цахим хуудсыг ч ажиллуулан орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа манай хэвлэл мэдээллийн ууган байгууллага юм.

Дэлхий дахинаа Монгол Улсын нэрийн хуудас болсон “МОНЦАМЭ”-чууд өнгөрөгч хугацаанд мэргэжлийн сэтгүүл зүйн ёс зүй, хэм хэмжээ, ур чадвар, хурдан шуурхай байдлыг эрхэмлэн ирсэн нь яах аргагүй бусдыгаа хошуучлагч нэгэн бренд байгууллага гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөд хүргэжээ,

Нэгэн цагт “МОНЦАМЭ гэдэг чинь их сайхан өндөр залуу байдаг юм. Би танина” хэмээн хөдөөх цөлх эр мэдэмхийрэхээс өмнө үүд хаалгаа нээж, өнөөдөрт ирэхэд 100 орчим сэтгүүлч, инженер техникийн ажилтантайгаар дэлхийн олон оронтой харилцаа тогтоон ажиллаж, энэ хүрээгээ улам өргөжүүлэх зорилго өвөрлөсөн нь энэ айлын ирээдүйн өнгө төрхийг илтгэнэ.

Нэгэн зууны босго элээн дараагийн зууны босгоор ажил хөдөлмөрийн өндөр бүтээлтэй алхах гэж буй “МОНЦАМЭ” агентлагийн хамт олондоо үйл нь арвин, үг нь цэцэн, ухаан нь мохошгүй байхын ерөөлийг “Зиндаа” сэтгүүл, “Zindaa.mn” сайтын редакци, зорилго нэгт нөхдөөс нь дэвшүүлж байна.     

“Зиндаа” сэтгүүл

zindaa.mn” сайтын редакцийн хамт олноос

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top