Ноён хутагтын нэрэмжит яруу найргийн наадамд “ЗИНДАА” сайтын сэтгүүлч С.Ууганбаяр дэд байр, Л.Ганзул тавдугаар байр эзэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 31

Дорнын их Соён гэгээрүүлэгч, яруу найрагч Данзанравжаагийн мэлмий тунгалаг гийсний 215 жилийн ойн босгон дээр зохион байгуулсан “ХУРМАСТ ТЭНГЭР” яруу найргийн наадам амжилттай болж өнгөрлөө. Ноён хутагтаар овоглосон анхны яруу найргийн “АЛТАН БИЙР” оны шилдэг бүтээл шалгаруулах наадмыг 1987 онд, Хутагтын мэндэлсний 190 жилийн ойн анхны яруу найргийн наадмыг 1993 онд тус тус хийж, өнөөдрийг хүртэл тогтмол зохион байгуулсаар иржээ.

Энэ удаагийн “Хурмаст тэнгэр” яруу найргийн наадамд нутгийн уран бүтээлчдээс гадна долоон аймаг, ӨМӨЗО-ноос зорин ирж, нийт 57 уран бүтээлч бүртгүүлснээс 44 яруу найрагч тайзан дээр шүлгээ уншин оролцлоо. “Намтар дуулах дацан”-гаас эхлэлтэй Ноён хутагтын адис оршсон “Саран хөхөө” театрын алтан тайзнаа шүлгээ унших энэхүү наадам нь яруу найрагч, уран бүтээлчдийн хүсэн хүлээж, зорин ирдэг наадмуудын нэг болжээ.

Наадмын Тэргүүн байранд МЗЭ-ийн шагналт, Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн гишүүн, яруу найрагч А.Байгалмаа, Дэд байранд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч “ЗИНДАА” сайтын сэтгүүлч С.Ууганбаяр, Гутгаар байранд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч А.Лхагва, Тусгай байранд Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Э.Гантулга, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч “ЗИНДАА” сайтын сэтгүүлч Л.Ганзул нар шалгарсан бол, “Эрхэм-Үүд Тур” компанийн “Байгаль далайд аялах” 100%-ийн Эрхийн бичгээр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Со.Чулуун, 50%-ийн Эрхийн бичгээр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Н.Минжинсайхан нар шагнагдсан юм.

Ерөнхий шүүгчээр Төрийн шагналт, Ардын уран зохиолч, МУСГЗ Б.Догмид, шүүгчээр МЗЭ-ийн шагналт, Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүн, яруу найрагч Ш.Энхбаяр, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Чулуунцэцэг нар ажиллалаа.

Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн анхны гишүүд, ахмад яруу найрагчдад УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар хүндэтгэл үзүүлж, Ноён хутагтын бүтээлийн цоморлиг, дурсгалын зүйлс гардуулсан юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top