“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин, соёлын наадам Хүй долоон худагт өнөөдөр эхэлж байна. Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Наадмын үеэр түүх өв соёл, шашны зан үйлийг гадаад дотоодын жуулчдад таниулах, эрийн гурван наадам, лам нарын уншлага, жаяг ёс гээд олон хөтөлбөрүүд багтаж байгаа. Соёмбот туг залах, цам харайх, маань татах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг үзүүлбэрүүд байгаагаас гадна 256 хүчит бөх барилдуулж, их насны болон жороо морьд уралдуулах, морьт харвааны тэмцээн зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохиогдож сүсэгтэн олон, гадаад дотоод жуулчдынхаа сонорыг мялаах аж.
Монголын шашин, соёл нь өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай, үндэсний уламжлалаа хадгалж үлдсэн байдаг учир дэлхий дахины сонирхлыг их татдаг. Ийм учраас гадны олон улсад өөрсдийгөө сурталчлах том боломж гэж харж байгаагаа Нийслэлийн Аялал Жуулчлалын газар мэдээлсэн юм.
Н.Амгаланболд
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )