Даяаршлын эрин цагт амьдарч байгаа бид монгол үндэстнээ монгол үндэстнээр нь авч үлдэх цор ганцхан зүйл гэвэл үндэсний уламжлалт зан заншил, соёл урлаг, наадгай юм. Тэгвэл энэ сарын 11-15-ны өдрүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран Хүйн долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байгаа нь монгол үндэс ясаараа бахархадаг хүн бүхний таашаалд нийцээд буй.
Тус наадамд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд, 2000 гаруй үндэсний спортын тамирчид Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж оролцохоороо туйлын онцлогтой. Дэлхий дээр үлдсэн сүүлчийн нүүдэлчид байж болох монголчуудын хувьд олон мянган жилийн түүхтэйгээс гадна өөрсдийн онцлогт тохирсон уламжлалт гар урлал, үндэсний спорт, соёл урлагаараа дэлхийд гайхагддаг орон. Тиймээс энэ бол ямар нэгэн эрийн гурван наадам биш, дэлхий дээр монголчууд гэж ийм ёс заншил, соёл урлаг, спорт, эд хэрэглэлтэй өвөрмөц аугаа үндэстэн гэдгийг сурталчилах томоохон ажил юм. Дэлхийн хөгжил асар хурдтай цахилж яваа энэ цагт бид хөгжлийн хөлд уламжлалт бүхнээ гээх вий гэсэн айдас хаа хаанаа байдаг. Ийм л чухал цаг үед “Монгол нүүдэлчин” наадам зохион байгуулагдаж байгаа нь монгол дархалааг бий болгох маш чухал үүрэгтэй юм.
Харин Монгол үндэсний дархалааг бэхжүүлэх, монголчуудыг дэлхий дахинаа сурталчилах энэ наадмыг Даншиг наадамтай андуурах хүмүүс цөөнгүй байгаа нь ташаа ойлгосных биз ээ. Даншиг наадам бол 1639 оноос хойш Өндөр гэгээн Занабазарт зориулан анх зохион байгуулсан шашин соёл, эрийн гурван наадам байгаад 1911 онд өндөр үүдээ барьж, ахин сэргэсэн юм. Харин “Монгол нүүдэлчин” наадам нь Монгол үндэстний язгуурын урлаг соёл, зан заншил, спортыг сурталчилах зорилгын дор зохион байгуулагдаж буй наадам. Хамгийн гол онцлог нь монгол үндэстнийг дэлхий дахинаа тунхаглах, үндэсний өв соёлыг ирээдүй хойчид өвлүүлэх, үндэсний бахархлыг төрүүлэх үүрэг хүлээсэн өнөө цагт нэн чухал наадам гэдгээрээ туйлын онцлогтой. Тэгэхээр “Монгол нүүдэлчин” наадмыг Даншигтай андуурах хэрэггүй.
С.Баяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )