Монгол, Солонгосын зураачид хамтран шилдэг бүтээлүүдээ дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 09

  Монголын урчуудын эвлэл БНСУ-ын “ШинЖаг ЧонПуэ” нийгэмлэгтэй хамтран зургийн үзэсгэлэн гаргалаа. Солонгосын шилдэг 80 зураач Монголын зураачидтай хамтран тавьж байгаа үзэсгэлэнд нийт 78 зураг байв. Заалны хүртээмж бага байсан тул ихэнх монгол зураачийн зураг тавигдаж чадаагүйд Монголын урчуудын эвлэлийн дарга хүлцэл өчиж байлаа.

Зургуудыг алийг нь монгол хүн, алийг нь солонгос хүн зурсан бэ гэдгийг тодорхой мэдэж болохоор харагдаж байсан юм. Монгол хээ хуар, үндэсний хувцастай хүмүүс, тэмээн жин гэх мэт олон зургаараа монгол зураачид ялгарч байв. Харин солонгос зураачдын зураг хэт үндсэрхэг биш, чөлөөтэй, орчин үеийн байсан юм. Цэцэг навчнаас эхлээд тэнгэр баганадсан байшингууд хүртэл төрөл бүрийн зураг энэ үзэсгэлэнд тавигджээ. Солонгос хүмүүс өнгөрсөнтэйгөө нэг их зууралдаад байдаггүй хүмүүс шиг санагдаж байлаа.

“ШинЖаг ЧонПуэ” нийгэмлэгийн ерөнхийлөгч И Тэ Ги “Манай нийгэмлэг 35 жилийн түүхтэй. Өнөөдөр анх удаа гадны уран бүтээлчидтэй хамтран үзэсгэлэнгээ гаргаж байна. Энэхүү үзэсгэлэнд Солонгосын нийт 11 хотоос 80 гаруй уран бүтээлчид, Монголын шилдэг уран бүтээлчидтэй хамтран өөрсдийн хосгүй бүтээлээ илгээсэн байгаа. Монгол зураачид гайхалтай бүтээл туурвидаг тул тэдэнтэй хамтран ажиллахад үнэхээр таатай байна. Гэвч заалны орон зай бага байсан тул Монгол зураачдын зураг бага тавигдсан нь харамсалтай байна. Ирэх жил БНСУ-ын зураачдын уран зургийн үзэсгэлэн болно. Тэнд монгол уран бүтээлчдийн зураг байгаасай гэж хүсч байна” гэсэн юм.

Үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх аж. Энэ үеэр БНСУ-ын зураачид Монгол орноор аялж, байгалийн сайхныг цаасан дээр буулгах гэнэ.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gana(27.123.214.110) 2018 оны 08 сарын 09

Haana gedgiig ni olj harsangui ee

0  |  0
Top