Монгол улсын Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/196 дугаар тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157, А/19 дугаарт хамтарсан тушаалыг тус тус үндэслэн “Нүүдэлчин Монгол” наадам 2018 оны 08 сарын 10 – 12 ны өдрүүдэд Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү наадмын хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 08 сарын 08нд 11:00 цагт Засгийн газрын II байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Хэвлэлийн бага хуралд Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Биеийн тамир, спортын газрын Төрийн захиргаа, удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Биеийн тамирын хэлтсийн дарга Г.Одбаатар, Спортын хэлтсийн дарга О.Баттулга нар оролцож “Нүүдэлчин Монгол” наадмын талаархи мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
Монгол түмний олон зуун жил өвлөн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг хамгаалах, судалж сурталчилах үйл ажиллагааг өргөжүүлэх, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авъяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилготой уг наадмын хөтөлбөрт дараах томоохон арга хэмжээ зохион байгуулагдах юм. Үүнд:
-Ардын язгуур урлагийн тоглолт
-Эх хэл аман уламжлалын урлагийн тоглолт
-Язгуур урлагийн тоглолт
-Үзэсгэлэн худалдаа
-Уламжлалт гар урлалын үзэсгэлэн худалдаа
-Уламжлалт цагаан идээ, хоолны үзэсгэлэн худалдаа
-Үндэсний спортын тэмцээн уралдаан
-Үндэсний бөх
-Үндэсний сурын харваа
-Шагайн харваа
-Ширээний шагай
-Жороо морины уралдаан
-Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч шалгаруулах
-Буриад, урианхай, уламжлалт сурын харваа
2018 оны эхний хагас жилд аймаг, нийслэл, сум, дүүрэгт зохион байгуулагдсан “Соёлын биет бус өвийн их наадам”, “Үндэсний спортын VI их наадам” - ын анхан шатны тэмцээн, уралдаанд шалгарч шигшээ тэмцээн, уралдаанд оролцох эрхээ авсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 700 гаруй ардын авъяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын баг, тамирчид хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авъяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорино.
Мөн наадмыг үзэж сонирхохоор ирсэн иргэд олон нийт, жуулчдад зориулсан ардын урлаг, үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйлийг таниулах олон арга хэмжээ зохион байгуулагдана.
Өв соёлоо дээдлэгч Монгол түмэн та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сэтгэгдэл ( 0 )