Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит ”Алдрын танхим”-тай боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 30

УДЭТ-ийн 17 номерын өрөөг өнөөдөр Ардын жүжигчин, төрийн соёрхолт Гомбожавын Гомбосүрэн агсны нэрэмжит болголоо. 17 номерын өрөө гэх энэ өрөөгөөр театрын бүхий л жүжигчид зохиолтойгоо танилцах, дүрээ хуваарилах зохиолоо унших зэрэг бэлтгэлийг хийж тайзны бэлтгэл рүүгээ ордог байна.

Үе үеийн жүжигчин бүр энэ өрөөгөөр дамжин гардаг учраас номер дугаар зориулалтыг өөрчлөхгүйгээр өдийг хүрсэн байна. Ардын жүжигчин Гомбосүрэн агсны 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан түүний үр хүүхдүүдийн санаачилгаар 17 номерын өрөөг түүний хүндэтгэлийн танхим болгожээ.

УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу “Өнөөдөр манай театрийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж байна. Манай театрын удирдлага хамт олон 2005 оноос хойш Монголын шинэ цагийн мэргэжлийн театрыг үүсгэн байгуулж залуу нас, авьяас бэлгээ Монголын театрын хөгжилд бүх насаа зориулсан ахмад үеийнхнээ алдаршуулах тэдний ажил хөдөлмөрийг алдаршуулах зорилгоор жил бүр энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Г.Гомбосүрэн гуайн гэр бүлээс санаачилан УДЭТ-ын 17 номерийн өрөөг тохижуулсан юм. Энэ 17 номерийн өрөө Драмын театрын дүрээ сургуулилдаг, номероо бэлддэг өрөө. Ингээд энэ өрөөг тохижуулж Алдарын танхим болгон өөрчиллөө” гэв.

Түүнчлэн Г.Гомбосүрэн гуайн нэрэмжит олон ажлыг зохион байгуулахаар болсноо түүний үр хүүхдүүд мэдэгдлээ. Урлагийн байгууллагад өсч хүмүүжсэн тэдний хувьд аавынхаа нэрэмжит олон ажлын хийхээр төлөвлөжээ. Тухайлбал УДЭТ-ын санд жил бүр нэг сая төгрөг хандивлаж байхаар болжээ.

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top