Монголын Урчуудын Эвлэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадам”-ыг энэ сарын 05-12-ны хооронд зохион байгуулахаар ажиллаж байна.
"Улаанбаатар-2018" Олон улсын дүрслэх урлагийн наадам нь дүрслэх урлагаар дамжуулан олон нийт болон залуу үеийнхний урлаг соёлын боловсролыг нэмэгдүүлж, Монгол Улсын Дүрслэх урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилготой бөгөөд олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүдээс эх орондоо дэлгэн үзүүлснээр улс орнуудын урлаг соёлын ялгааг дүгнэн харах боломж нээгдэх юм. Цаашид жил бүр зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа энэхүү арга хэмжээ нь урт хугацааны туршид өөр өөр өнгө аястайгаар ард иргэдийн урлагийн боловсролд тал бүрийн мэдлэг олгох билээ.
Уг олон улсын наадамд Монгол, Орос, Хятад гурван улсын кураторууд ажиллах юм.
Улаанбаатар Арт фестивалийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй галерейнуудад (Үүнд: МУЭ-ийн арт галерей, UB арт галерей, Цагаан уул арт галерей, Q арт галерей, 976 арт галерей, MN 17 арт галерей, Best арт галерей, Өв арт галерей, Хаан галерей, Норпей арт галерей ) Монголын шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдэх ба уг наадмын гол павилон нисэх явах замд байрлах Морьтны хөшөөнд байх юм.
Мөн энэхүү олон улсын наадамд БНХАУ ( И Сан, Ли Хонгбо, Жианг Феймо), Швед (Жоанэс Ниэлсон), Эстониа (Сим-Танел Аннус), Мьянмар (Мин Тэйн Сунг), Австрали (Тан Лаурэнс), БНСУ (Ли Квон Соеп), ОХУ-аас (Жигжит Баясгаланов, Юрий Мандаганов, Татьяна Бороноева) зэрэг олон улсын шилдэг уран бүтээлчид хүрэлцэн ирж байгаа юм.
Мөн наадмын нэг томоохон үйл явдал нь БНХАУ-ын алдарт барималч И Сан өөрийн бүтээл болох “Хил хязгааргүй соёл иргэншил” бүтээлээ уг олон улсын наадамд зориулан Монгол Улсын Засгийн газарт хандивлах үйл ажиллагаа болно.
Түүнчлэн, Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадмын Арт-форумыг есдүгээр сарын 6-нд зохион байгуулах ба Монголын урлаг судлаач, эрдэмтэн профессорууд болон олон улсын кураторууд хүрэлцэн ирж Монголын Дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, түүний олон улс дахь байр суурийн талаар хэлэлцүүлэг, уран бүтээлчдийн яриа, лекцийг зохион байгуулна.
Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадам зохион байгуулагдсанаар Монголын Дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, орчин үеийн урлагийн хөгжлийг дэлхий дахинд таниулах, сурталчлах, Улаанбаатар хотын соёл, уламжлалыг таниулах, олон нийтийн урлагийн боловсролд түлхэц үзүүлэх, дэлхийн шилдэг уран бүтээлчдийг танилцуулах, тэдний бүтээлийг эх орондоо үзэх мөн цаашлаад олон улсын шилдэг куратор, судлаачидтай дүрслэх урлагийн талаарх санал бодлоо харилцан солилцох боломжтой болж байна.
Эрхэм хүндэт зураач урчууд, дүрслэх урлаг сонирхогчид, хүүхэд залуус ноёд, хатагтай та бүхнийг МУЭ-ээс санаачлан зохион байгуулж буй “Улаанбаатар 2018” Олон Улсын Дүрслэх урлагийн наадмын хөдөлбөртэй танилцан, наадмын хүрээнд зохиогдох арга хэмжээнүүдэд хүрэлцэн ирэхийг урьж байна.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )