Эх оронд маань намрын улирал айлчлахтай зэрэгцэн өнгөрөгч Даваа гарагт Улаанбаатар хотод анх удаагаа олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн нээлтээ хийж буй мэдээ урлаг, уран зураг сонирхогчдын анхаарлыг ихэд татсан биз. МУЭ-ээс санаачлан зохион байгуулж буй “Улаанбаатар 2018” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү наадмын хүрээнд Австрали, Швед, Бельги, Хятад, Солонгос, ОХУ, Мянмар, Эстонийн есөн уран бүтээлчийн бүтээлүүд тавигдсанаас гадна Монголоос Д.Бат-Эрдэнэ, Я.Булган, Ж.Ариуннаран, Б.Номин, Э.Лхагвадорж, Д.Үүрийнтуяа, Б.Орхонтуул, С.Саранцацралт, Н.Сүхбүрэн зэрэг нийт 50 гаруй зураач, уран бүтээлчдийн бие даасан болон хамтарсан, дижитал арт, контемпорари уран бүтээлүүд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 11 галерейд гарч байна.
Галерей тус бүрт уран бүтээлчид өөрсдийн бүтээсэн бичил ертөнцөө дэлгэн тавьжээ. Ертөнц бүр өөрийн хэлэх гэсэн санаатай, эмзэглэлтэй, эрэлхийлэлтэй байлаа. Тэдгээрээр аялахад нэн сонирхолтой санагдав. Урлагийн мөн чанар нь аливааг үргэлж дахин давтагдашгүй, өөр өнцгөөр эрэлхийлэхийг зорьж байдагт оршдог билээ. Тэр дундаа дүрслэх урлаг ямагт хуучнаа эвдэн, оюун санаа, төсөөлөл, мэдрэмжээ шинэ соргогоор илэрхийлэхийг зорьж, хэвшмэл сэтгэлгээнээс давж гарсан байдаг. Өөр орны уран бүтээлчдийн бүтээлийг давхар үзэж явахад сэтгэлгээ илүү өргөн тэлж, өөрийн орны уран бүтээлчдийн бүтээлүүдийг улам ойлгох, өргөнөөр харах, хүлээж авах үүдийг нээж өгч буй мэт.
Тус үзэсгэлэнгүүдээс зайлшгүй нэгийг нь онцолмоор хүчтэй сэтгэгдэл төрүүлж чадсан нь 976 арт галерейд гарч буй зураач Д.Үүрийнтуяагийн “ХадгалагдаХ” бие даасан үзэсгэлэн. Түүний уран бүтээлүүд эмэгтэй хүний дотоод ертөнцийн эрэлхийлэл байв. Хараа булаам, үлгэрийн мэт мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ зургууд нь дийлэнхдээ бараан, зөөлөн, завсрын өнгөөр дагнасан нь илүү тайван, бодлогоширох орчинг бүрдүүлж өгч байлаа. Зураг тус бүрийг ойртон илүү сайн ажиглавал үй түмэн хэлэх гэсэн санааг бүтээлүүддээ шингээж өгсөн мэт. Хийсвэр, зүүдний ертөнц, цаг хугацаа, хувь хүмүүсийн доторх олон дүр, хэрэгцээ шаардлагаасаа хальсан материаллаг ертөнц, хүсэл шунал, мөрөөдөл зэрэг олон санааг нэг дор бүтээлдээ багтаана гэдэг аргагүй сайн уран бүтээлч хүний мэдрэмж бас чадвар шиг. Зураач Д.Үүрийнтуяагийн “Хадгалагдах” хэмээх тус үзэсгэлэн нь урлаг сонирхогч хэн бүхний заавал очиж үзэх ёстой газрын тоонд зүй ёсоор багтах юм.
Мөн MN17 арт галерейд зураач С.Саранцацралт, Д.Батэрдэнэ, Д.Түвдэндорж, У.Одмаа нарын хамтарсан үзэсгэлэн гарсан байлаа. Уран зураг болон контемпорари бүтээлүүдээс бүрдсэн тус үзэсгэлэн нь тун ч сонирхолтой. Нүдээр үзсэн хэн бүхэн бүтээлүүдийн хурц илэрхийлэмжийг хараад гайхшрахаар, магадгүй бүр уулга алдмаар санагдах нь лавтай.
Зургийн тайлбар: Д.Бат-Эрдэнэ "Trap"
Зургийн тайлбар: С.Саранцацрал"Бүүвэй"
“Улаанбаатар 2018” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн нь анхны жилээ зохион байгуулагдаж байгаа хэдий ч зохион байгуулалт сайтай, үр өгөөж өндөртэй болж байна гэж дүгнэв. Хүн бүрийг арт галерей зорихыг хүсэж байна. Амралтын өдрөө сэтгэл ханамжтай, урлагийн ертөнцөөр аялаж дэлхийн болоод монголын орчин үеийн дүрслэх урлаг ямар түвшинд хөгжиж буйг харахыг хүсвэл тус үзэсгэлэнгүүдийг зориорой.
Н.Даваасүрэн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Saihan medeelel ugsund bayarlalaa. Uzsen yum shg l bolchihlo. Gehde zaaval uznee
Их таалагдлаа.