Олон улсын дүрслэх урлагийн наадмын хамгийн “онцлох” үзэсгэлэн

2018 оны 09 сарын 10

Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж буй “ULAANBAATAR 2018” INTERNATIONAL ART FESTIVAL олон улсын дүрслэх урлагийн наадам нь энэ сарын 5-12 ны өдрүүдэд нийт 11 галерейд гарч байгаа билээ. Энэхүү наадамд нийт 8 улсын есөн уран бүтээлчийн бүтээлүүд тавигдснаас гадна Монголоос 50 гаруй уран бүтээлчийн бүтээлүүд оролцож байгаа юм.

Галерейд гарсан үзэсгэлэнгүүдээс хамгийн онцлох нь яармагийн “Морин тойруулга” гэх баригдаж дуусаагүй 3 давхар барилгад гарсан үзэсгэлэн байлаа. Дотор үзэсгэлэн үзэж байхад гадаа нь барилгын ажил явагдаж байгааг харах сонирхолтой санагдав. Тус үзэсгэлэнд монголын уран бүтээлчдийн бүтээлүүд голчлон тавигджээ. Уран зургаас гадна, уран баримал, контемпорари бүтээлүүд нь орчинтойгоо уусан зохицож гайхалтай мэдрэмжийг бий болгож чаджээ.

Үзэсгэлэн 1-ээс 3 хүртэлх давхарт гарах ба харанхуй өрөө, булан тохой бүрт ямар нэгэн бүтээл тавигдсан байх нь барилгыг нэг бүрчлэн үзэж явахгүй аваас уран бүтээлүүдийг бүрэн гүйцэд харахгүй өнгөрөх магадлалтай санагдсан нь энгийн уран бүтээлийн үзэсгэлэн үзэхээс илүү адал явдалтай болгож өгч буй мэт.

Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа гэхэд тун ч өргөн хүрээтэй болж буй нь тус үзэсгэлэнгээс ажиглагдав. Гэвч зарим бүтээлүүдийг үзэж явахад уран бүтээлчийн нэр байхгүй, эсвэл уран бүтээлийнх нь нэр байхгүй, бүр огт нэр хаяггүй бүтээл ч байснаас хэний, ямар бүтээл болохыг мэдэж чадахгүй өнгөрөх гэх мэт анхаарууштай асуудал ч мөн тулгарав. Биднийг сурвалжлага бэлтгэхээр очиход хариуцаж буй хүн нь алга байсны улмаас видео бүтээлүүдийг үзэж чадаагүй буцсан юм. Энэ мэтээр зохион байгуулалт бага зэрэг сул, чанаргүй байгаа нь илэрхий байсан ч ирэх жилээс улам чанаржих биз ээ.

Мөн нэг дор хэт олон дүрслэх урлагийн бүтээлүүд тавигдсан нь орон зайгүйдсэн, тухайлан бүтээл бүрийг мэдрэх боломжийг боосон мэт сэтгэгдэл төрөв. Шамбааралдсан бүтээлүүдийг гүйлгэж хараад өнгөрөхөөс өөр оюун санааны болон сэтгэлийн таашаал авч чадахгүй байлаа.  

Эсрэгээр уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлэх, бүтээлийг олонд түгээн таниулах, олон улсын уралдаан, наадам манай улсад зохион байгуулагдахад бидэнд хэрэгтэй томоохон орон зай үгүйлэгдэж буйг илэрхийлэх мэт. Хотоос алслагдмал газар, баригдаж дуусаагүй барилга дотор, олон уран бүтээлчдийн бүтээлүүдийг өрсөн нь өөрөө л тавилт болчихож байгаа юм. Бидэнд дүрслэх урлагийг түгээн дэлгэрүүлэхэд, хүн бүрийн хөл хүрэх боломжтой тийм орон зай л хамгийн ихээр дутагдаж байна гэж тус үзэсгэлэнг үзээд дүгнэн буцав.

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(112.72.11.111) 2018 оны 09 сарын 10

Tovch todorhoi dugnej chadje. Amjilt

0  |  0
Top