Сайхан эмэгтэй бүрийн цаана дардан амьдрал заяадаггүй ч сайхан эмэгтэй бүрийн цаана амьдралын ухаан, цуцашгүй тэмүүлэл нуугддаг гэдэг нь гарцаагүй үнэн юм.
МУСГЗ, нэрт сэтгүүлч Дугарийн Амбасэлмаагийн зээ охин, сэтгүүлч Б.Саруулын “Өөрөөс эхлэх амьдрал” хэмээх номын нээлт өнөөдөр СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургууль дээр 11 цагаас болов. Тус сургуулийн сэтгүүлзүйн тэнхим сэтгүүлч Д.Амбасэлмаагийн нэрэмжит юм. Нээлтэнд оюутан залуус болон сэтгүүлзүйн салбарынхан, Д.Амбасэлмаа гуайн ойр дотны хүмүүс оролцлоо.
МУСГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаагийн сэтгүүлчийн амьдралын үүх түүх, уран бүтээлийн сан хөмрөг арвин билээ. Монголын сэтгүүлзүйн салбарын түүхэнд өөрийн хуудсаа бичсэн эрхэм түүний хувь хүнийх нь дотоод ертөнц болоод үр хүүхдүүддээ өвлүүлэн сургадаг дадал хэвшил, гэр бүлийн нандин түүх, бага балчир насны дурсамж дуртатгал зэрэг хэн хүнд төдийлөн хүрч байгаагүй сонирхолтой түүхийг зээ охин нь энэхүү бүтээлдээ багтаажээ.
Номын нээлтийн үеэр түүний зээ охин Б.Саруул: “Номыг бичиж байх үедээ уйлаагүйгээрээ уйлж, ухаарах сөхөөгүй явсан он жилүүдээ эргэн нэг эргэцүүлэн харж, дэргэдээ байгаа бүхнээ дэндүү их хайрламаар санагдсан. Энэ амьдралын түүх уншигч таньд жаргал эдлэх ухаан, зовлон даах нуруу, бусдыг энэрэх хайр, өөрийгөө чиглүүлэх залуур, зорилгоо урагшлуулах хүч, дурсамжтай амьдрах хүсэл хайрлана гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.
Номын зохиолч, сэтгүүлч Б.Саруул өмнө нь “Зүрхний нулимс Гоолингоо”, “Мадам Цэнд-Аюуш” зэрэг номуудыг уншигчдын хүртээл болгож байсан бол энэ удаад гурав дахь бүтээлээ хайрт эмээгийнхээ мэндэлсэн өдрийг угтан “СЭТГЭЛИЙН БЭЛЭГ” болгон өргөн барьжээ.
Н.Даваасүрэн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Хаанаас авах вэ
Хаанаас авч болох вэ