Нэгэн цагт, “Аав ээж бидэн гурав юу вэ...” /”Чандмань эрдэнэ”/ хэмээн дуулж, ар, өвөр Монголчуудын сэтгэлийн утсыг хөндөж явсан дуучдын нэг Өвөрмонголын алдарт дуучин Б.Бүрэнбаяр таалал төгсчээ. Энэ тухай Бээжингийн Олон улсын радио хорооны сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр:
-Ивээлт хөх тэнгэр минь танд ойрын үед урлагийн бурхад тийм их хэрэгтэй болоо юу...Саяхан Дуучин Төмөрхуягийг минь дуудсан. Ардын жүжигчин алтан гургалдайн хоолойт Хоролсүрэн гуайг аваачсан. Одоо бас эрхэм дотно анд ӨМ-ын алдарт дуучин Бүрэнбаярт минь томилолт өгчээ...Тэнгэрийн их найрал бэлтгээд завгүй сууна уу. Хөх тэнгэр минь, эцэг тэнгэр минь...Таны өмнө эрхэм андынхаа өмнөөс сэтгэл зүрхээрээ сөхрөн залбирья. 1999-2000 онд бид хамт Бээжингийн Олон улсын радиод ажиллаж байлаа.
Манай хоёрын гэр их ойрхон Ганц охин Нурмаа нь бага. Манай хоёр хүүтэй амралтын өдөр бүхэн л очиж нааддаг байлаа. Нэг удаа Нурмаа гэртээ орж ирээд Мөнхтөр ахын хоёр хүүхэд "Монгол хэлдээ аанай юм аа" гэж бөөн инээдэм болж билээ..2011 онд Дорнод аймгийн Гурванзагал суманд Баргажин наадам болоход тэр гуравтай манай хөгшин бид уулзаж дөхөмхөн хуучлаад тэр өдрөө Хайлаарт нисэн буцсан.
Тэр үеэс хойш цахим ертөнцөөр уулзаж мэнд усаа мэдэлцсээр асан. 2000 оны эхээр энэ гэр бүлийн дуулсан "Чандмань эрдэнэ" гэдэг дуу ар өвөргүй "од" болж байсныг бид мэднэ дээ...Арав ч хүрэхгүй хоногийн өмнө Урнаа Бүрнээ хоёрын маань найр дээр дуулсан нэг дууг цахим сүлжээгээр гэртээ илгээсэн бичлэг нь байж л байна даа... Цаг хугацаа гэдэг ийм л тавиланг нэг л үүрээр аваад ирэх юм. Буриад омголон зантай, шулуун шударга анд минь өөрийнхөө араншин шиг ийм шударга явчих нь гэж хэн саналаа даа...Ум сайн амгалан болтугай. гэжээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
ум маани бад мэ хум___