1.Green day- "Wake me up when September ends"
Намрын шар өдрүүд, өвлийн цагаан өдрүүд, хаврын алаг өдрүүд, зуны ногоон өдрүүд... Нээрээ л дөрвөн улирлыг дөрвөн өнгөөр зүйрлэвэл тийм. Ногоон өдрүүдийн төгсгөлд намайг сэрээгээрэй! Учир нь намар цаг айлчилж, есдүгээр сарын сүүлчтэй золгож байна. Бидний сэрэх цаг болжээ!
2.Radiohead- "Yellow"
Би чамд хайртай. Чи надад хайртай юу? хэмээн дурлалт хосууд ярилцаж байгаа ч юм шиг... Энгийн, нандин, уянгалаг. Энэ дуунаас гадна “Radiohead” тун ч гоё олон дуунуудтай. “Creep” ч бас гоё дуу.
3.Oasis- "Stop crying your heart out"
Англи үгсээс миний хамгийн дуртай үг бол “Oasis”. Хамгийн дуртай ази кинонуудын минь нэг “Oasis” гэдэг нэртэй. Орох дуртай кафед “Oasis” бичигтэй салфетка өгдөг гээд миний эргэн тойронд “Oasis” цөөнгүй. Тэдэн дундаас дурдахгүй өнгөрч болохгүй ганц зүйл гэвэл “Oasis” хамтлаг. Тэр дундаа Stop crying your heart out дуу. Яг одоо би энэ дууг сонсож байна. Та ч бас сонсоод үзээрэй.
4.Gun’s roses- "Knocking on heaven’s door"
Эргээ түрэн8 давшлах хүчтэй давалгааг дагаад явбал диваажингийн үүдэнд хүрэх болов уу? Амьдралаас уйддаг нь хичнээн их байдаг вэ? Дуу бүрийг сонсоход өөр, өөр мэдрэмж төрнө. Мэдрэмжээ дагаад явахад гарцаагүй нэг бодолд хүрч тулах цэг олддог.
5.Native- "Ocean"
Олон өнгийн мэдрэмж уусан сүлэлдэж байж л намар жинхэнээсээ цогцлох биз. Энэ дууг сонсоход аль байдаг бүхий л дэврүүн мэдрэмж төрдөг. Салхи хүртэл амьтай үлээгээд ч байх шиг. Агаарын цэнгэгийг улам мэдрээд, сэтгэлд минь байдаг далайн давалгаа хүртэл тогтуун болчихдог. Гүн амьсгаа нэг аваад гаргасны дараах шиг агшин зуурын тайвширлыг олдог.
6.Edith Piaf- "Autumn leaves"
Гайхалтай хоолойтой эмэгтэй. Түүний талаар судлаад үзвэл тун сонирхолтой. Амьдралынх нь түүх таныг гунигт автуулж магад ч дуу хоолой нь хэзээ ч уйдаахгүй. “Autumn leavas” бол тэр чигтээ л уянга. Романтик уянга. Улаан навчис, Парис хотын дуу алдам мэдрэмжийг тээсээр бидний чихэнд хүрсэн тийм л уянга билээ.
7.Chet Baker- "Almost blue"
Энэ дууг сонсохоор саарал үүлс тэнгэрийг хучсан бүрхэг өглөө нүцгэн моддын орой ширтэн, гудамж талбайгаар алхаж яваагаар өөрийгөө төсөөлдөг юм. Яг үнэндээ гунигтай жазз эгшиглэхийг сонсох нь хаанаас ч эрээд олохгүй жаргал.
8.Pink Floyd- "Wish you where here"
Хэрэв би далайтай оронд амьдардаг байсан бол нэг л өглөө босоод ажлаа таслан /магадгүй захиралдаа худлаа хэлээд/ далайн эргийг зорих байсан юм гэж энэ дууг сонсох бүртээ боддог. Намар болоод ч тэр үү, сүүлд бүр ч их тэгж бодох болсон. Далайтай оронд амьдардаггүй минь л ганц аврал юм даа...
9.Miyavi- "Guard you"
Англи хэлээр дуулдаг япон дуучин шүү дээ. Төрөлх хэлээрээ ч бас дуулна л даа. “Guard you”-г сонсоод үзээрэй. Эргэлзэлгүй сонсоод үз. Далайн эрэг дээрх гитартай сэтгэл татам залуу энэ дууг дуулдаг юм аа. Зүгээр ч нэг сайхан царай биш ээ. Тун ч дотортой дуучин.
10.Cigarretes after sex- "Nothing’s gonna hurt you baby"
За мэдээж “Cigarretes after sex” бол үнэхээр тасарчихсан хамтлаг. Ихэнх дуунууд нь гоё. Ганц энэ дуугаар жиших нь өрөөсгөл болно л доо. Хэрэв та өмнө нь энэ хамтлагын дууг сонсож байгаагүй бол одоо сонсоод үзэхэд гэмгүй. Ер нь тэгээд нэг мэдэхэд сонсдог болчихсон байдаг юм.
Сэтгэгдэл ( 0 )