ОХИДЫН ӨДРӨӨР охиддоо зориулах ШҮЛГҮҮД

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

Өнөөдөр /2018.10.11/ Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг тэмдэглэж байхаар 2012 онд НҮБ тунхаглажээ. Охидын эрхийн өдөрт зориулан Монголын алдартай яруу найрагч, зохиолчдын охиддоо зориулан тэрлэж байсан шүлгээс хүргэж байна.

Р.Чойном, ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Хүн ер нь дэлхийн татах хуультай

Хүч сорилцож хөл дээрээ босдог юм.

Уул өөд авирч огторгуйд нисдэг юм.

Унахдаа нөгөө л газартаа унадаг юм.

Газарт унаад зогсохгүй, газар доор

Гарцаагүй ноёлох таталтын хуулиар

Эцсийн эцэст нойрсдог юм алаг үр минь

Эцгийн зүрхний алтан соронзон минь.

Төвөөс зугтах хүч болж аав чинь

Төмөр тор уруу солир шиг орсон юм сан.

Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан

Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна.

Өдийд миний охин том болоо биз ээ

Өнгөрснийг шоглосон юм шиг, ирээдүйг зөгнөсөн юм шиг

Өөр хүн ойлгохын эрхгүй зургуудын

Өнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.

Аавынхаа шүлэг бичдэг хэлийг

Айхтар сураа биз дээ ... Ээжтэйгээ

Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай

Алдаагүй цэвэрхэн бичдэг болоорой.

Харагдсан бүхнээ багшаасаа асууж

Харагдаагүй, бодогдсон бүхнээ ээжээсээ асууж бай !

Харин охин минь "Аав яасан бэ ?" гэж

Хаанахын хэнээс ч битгий асуугаарай.

Энэнийг хэн ч чамд хэлж өгөхгүй

Ээж чинь ч үнэн хэлэхгүй, бүү асуу

Эцсийн эцэст цаг хугацаа чамд бүхнийг хэлнэ.

Энэ дэлхий дахин хэлж өгөх болно.

Магадгүй чи балчир хүүхдийн ухаанаар

Маргааш ч юм уу, өнөө шөнө ч юм уу

Аавыгаа ирээсэй гэж боддог байлгүй

Аугаа сайхан эр бий гэж санадаг байлгүй

Олимпийн чөлөөт бөхийн аварга шиг

Омголон тэнхлүүн, өндөр, зузаан

Онц гоё хувцастай, бас сайд шиг

Одон тэмдэгтэй, гялалзсан машинтай

Гэрэл цацарсан тийм лут аав

Гэрийн чинь үүдэнд сүндэрлэн зогсож

Олон түмнийг шавуулж чанга дуугаар

Охин минь хэмээн дуудна хэмээн бодно болов уу ?

Эвий гэж дээ охин минь зөв өө

Эцэг нь охиндоо хүн хүндээ

Энхрий сайхан харагдах ёстой

Энэ бол гэвч номын үг шүү.

Одоо би охиныхоо санаагаар

Очжээ гэж бодъё. Yүдэн дээр чинь

Чөлөөт бөхийн аварга шиг биш

Чөтгөр шиг амьтан зогсож байх вий.

Зүрхийг нь ухаад авчихсан юм шиг

Зүүн тал нь хоосон ... цээж нь хазгай

Зүдрүү туранхай, нөмгөн нүцгэн

Зүс нь хувхай цагаан хүн харагдах вий.

Хатаасан шарил шиг энэ хүнийг

Хараад чи айна аргагүй зугтана

Хаалган цаана орж ээжээ дуудна

Ээж чинь ч айна. Гэр чинь ч айна.

Хойд урд өрөөний чинь айлын аавууд

Хорины дарга цэцэрлэгийн чинь багш

Шилэн тэрэгтэй том дарга ч айна.

Шинэ аав чинь бүр ч их айна.

Айхын эрхэнд чи уйлан хайлан

Аав биш яв гээж хашхирах байх

Аргагүй шүү дээ, гэвч харыг цагаанаар

Ариун цагааныг хараар нууж болдоггүй юм.

Нэгэн цагт энэ муухай хүн

Нэрийг чинь чамд өгсөн юм

Бичгийн ширээнээ эзэн нь явах цагт

Биеийг чинь чамд хайрласан юм шүү.

Төрөх газрын цонхоор анх чиний

Төө хүрэхгүй улаахан нүүрийг хараад

Сансарт аялсан Гагариныг харсанаас илүү

Сандарч баяссан хүн бол би билээ.

Хатуу ааштай үйлчлэгч авгайг уярааж

Халуун савтай цай барин хоргоож

Арван өдөр - шөнө төрөхийн үүдэнд

Аргамжаатай байсан хүн бол би билээ.

Гарах өдөр нь өлгийтэй чамайг

Ганган сайхан ээжтэй чинь хоёуланг

Энэ дэлхийн гурван миллиард хүнээс

Эцэг нь гэж үнссэн нь би билээ.

Өлгийг чинь түшиж даавууг чинь хуурайлж

Өглөө эртийн жавраар сүүнд зогсож

Мөлхөх цагт чинь өвөр дээрээ дэвхцүүлж

Мөн ч олон өмдөө нэвтлүүлсэн юм сан ...

Ор түшээд хөлд орж байхад чинь

Орхиод аав чинь явсан юм сан

Охиныхоо амаар хэлсэн нэг ч үгийг

Одоо болтол сонсоогүй л явна даа.

Тохойн чинээ бие нь хэрхэн өсөж

Том болсны нь үзээгүй л явна даа.

Хэнийг дуурайж, юу юу сурч

Хэт нь яахыг хараагүй л явна даа.

Гэвч өвлийн энэ шөнө дөлөөр

Гэрэл гэгээ болж алс газраас

Даарсан зүрхийг минь ээх охин буй гэж

Дандаан бодож сэтгэл бүлээсдэг юм.

Бүлээсгээд зогсохгүй халуусгаж

Бүр сэтгэлийн минь ганг тайлах

Бүсгүй үр нэгэн ширхгийг би

Бүх дэлхийн нэрийн өмнөөс хүснэ ээ.

Дамжиггүй чи өснө охин минь

Даарсан ч өснө, халууцсан ч өснө.

Хаврын ногоог гишгэлсэн ч ургадаг юм.

Хагасыг нь тас татсан ч ургадаг юм.

Хайлаас шиг муу аав чинь эзгүй ч

Хангай шиг сайхан ээж чинь байхад

Миний охин юугаар дутах вэ

Хүний охины л жишээ өснө.

Ээж чинь чамд юм бүгдийг өгнө.

Эмэгтэй хүний гоо сайхныг өөрөө

Эзэмшсэнийхээ хэрээр чамд өгнө.

Эрдмийг л харин өгч чадахгүй байх.

Би ч гэсэн ээж чинь ч гэсэн чамд

Биеийг чинь өгөхөөс ухааныг өгөхгүй

Өгөх дургүй дээ өгөхгүй байгаа юм биш

Өөрчлөн хөгжихийн хуулийг хүндэлнэм.

Орчлонг сүүдэр талаас нь хардаг

Одооны миний нүдээр чи

Аугаа их хорин нэгдүгээр зууныг

Аав шигээ танхай харж болохгүй.

Эсэргэн их хорин нэгдүгээр зуунд

Ээж шигээ зүгээр сууж болохгүй

Эрдмийг тэгэхдээ сурна уу, байна уу

Энэ бол чиний хэрэг охин минь.

Оюун эрдмийг зэрэмдэглэж сурснаас

Огт сураагүй нь дээр байдаг юм.

Муу жолооч тэрэгтэйгээ цуг

Мухар ганга уруу онхолддог юм.

Онхолдохдоо бас хамт явсан

Олон хүнийг сүйд хийдэг юм.

Оюун эрдэм түүнтэй адилхан

Огт сураагүй бол харин аюулгүй

Эх орон ард түмэн хоёртоо чи

Эрдэмтэй ч зүтгэнэ, эрдэмгүй ч зүтгэнэ.

Эгэл олноосоо юуг бүтээнэ түүнийг

Энд тэндээс нь дэмжилцэх ёстой.

Халуунаас тасарсан үрийн хувьд

Хайрт охин чамаасаа би

Хүн төрөлхтний нэрийн өмнөөс

Хүсэх зүйл нэг байна. Сонсоно уу ?

Yүрд чи хүүхэд хэвээрээ

Yсэндээ туузтай, амандаа чихэртэй

Yсэрч цовхорч явахгүй ээ. Мөдхөн

Yйл явдалд оролцох нас чинь болно.

Аав ээжийнхээ залуу насыг

Ахин чи шинээр давтана

Арай гэрэлтэй, арай уужим

Алтанхан өдрүүд чамд ногдоно.

Над шиг зураач бол гэхгүй

Найз нар шиг минь шүлэгч бай гэхгүй

Дамдимаа шиг барималч бол гэхгүй

Дашдулам шиг хөгжимч бай гэхгүй.

Ер нь тэгээд охин танхил бие чинь

Ертөнцийн хүний олон нарийн эрдмээс

Алины нь ч сурахгүй өнгөрч болно оо

Аав чинь үүнд буруу өгөхгүй. Харин

Сайн шүлэгчийн охины хувиар чи

Сайнаас сайн уншигч байх хэрэгтэй.

Ойлгуулдаг зохиолчоос гадна

Ойлгодог уншигч байх хэрэгтэй юм шүү.

Зураач хүний үр садын хувиар чи

Зураг таньдаг нүдтэй байх хэрэгтэй

Хүслийг нь ойлгож чанарыг нь танилгүйгээр

Хүний бүтээлийг хүн дүгнэж чадахгүй ээ.

Яаж ч чи гоёж гангаллаа гэсэн

Яс угсаагаа далдартал гоёод хэрэггүй

Ямар ч ном олон хэл сурлаа гэвч

Яруу сайхан Монгол хэлээ мартаж болохгүй !

Энэ хэлээр аав чинь

Эхнийхээ шүлгийг хэлхсэн юм.

Энэ л хэлээр аав чинь

Эцсийнхээ шүлгийг хэлхэх бол

Энэ хэлээр дуулж, энэ хэлээр уйлж

Энэ хэлээр онож, энэ хэлээр алдаж

Эцэг чинь өөрийнхөө хөшөөг өөрөө

Эл Монгол хэлээр босгосон юм шүү !

Азийн цээжин дээр Монгол гэдэг

Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн

Тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн

Тасархай нь гэдгээ мартаж болохгүй !

Амаржих газрын хаалганы завсраар

Амрыг нь асууж ээжийг чинь уяраасан

Анхны бүүвэйг манцуй дээр чинь

Аялан дуулсан энэ хэлийг чи

Гарцаагүй сайн сурах ёстой.

Гажиг бүхэнтэй нь тэмцэх ёстой.

Ганцхан чамаас үүнийг хүснэ.

Газар доороос ч гэсэн хүссээр байх болно !

О.Батболд, ОХИНДОО

Нарыг атгаж ирсэн юм миний охин

Насыг минь хучиж ирсэн юм миний охин

Нартад дулаан явуулах гэж ирсэн юм миний охин

Нандин бүхнийг мэдрүүлэх гэж ирсэн юм миний охин

Хүж дэлхийн цэцгэсээр сэтгэлээ чимээд

Хүрч болох оргил бүхэнд итгэлээрээ дүүлээрэй

Хүмүүн бүхний харцанд од болон гялалзаад

Хүслийн цагаан оргилдоо хун шувууг шиг дэвээрэй .......

Сэтгэл сэтгэлийн зөөлөн нь охин үрээс ундардаг

Сэмхэн сэмхэн амьдралын үнэн охин үрээс ивэлдэг

Санаа нь сүүтэй цагаатгал охин үрээс гардаг

Салгуу орчлонд хөл хучих хүн охин үр л байдаг

Ээжийнхээ амьдралаар ахин нэг амьдрах хүн

Эрх насандаа эрхэлж өсөө миний охин

Эхнэр хүний үүргээр насаараа л өөрийгөө хорино

Эрх чөлөөтэй цагтаа л эдлэж аваа миний охин

Бусдын төлөө хангалттай буруутан болно

Буян нүгэл хоёрын дунд хүсэхгүй ч бөхийж л туулна

Бор ч гэсэн гэртээ байгаа дээрээ л хатан шиг авирла

Буурал амьдралын нуруунд өтөл болтлоо л боол шиг зүтгэнээ

Тиймээс

Ээжийнхээ гэрээс л эрвээхэй шиг дэрвэ

Эргэх амьдралд ингэж дандаа гоёхгүйээ

Аавынхаа хажуунаас л цэцгэс шиг дэлгэр

Амьдралын урт зам удаан чамайг минь дэлбээлүүлэхгүйээ

Гэвч

Мөнх бусын хорвоод мөнхийн хайр юм шүү охин минь

Мөөм амлуулж завилах бүсгүйн завилгаан юм шүү үр минь

Мөчир салаа бүр нь чамаас л ундрагатай тавилангийнхаа

Мөнх цацлагдах ерөөлийн сүүн далай нь юм шүү, Охин минь

Л.Ганзул, ОХИНДОО

Хайртай...Оломгүй цагаан инээдэнд чинь

Олсноо аавдаа сарвайдаг хөөрхөн гарт чинь

Ховор зөөлөн харцанд чинь

Хорвоогийн тунамал эрдэнэ охиндоо... аав нь хайртай

Өнөөдрийн гэнэрхэлд чинь

Өнө хожмын ухааралд чинь

Өчигдрийн зүүдэнд чинь

Өглөөний нойронд чинь... аав нь хайртай

Маргаашийн гоморхолд чинь

Мартаад уучлахад чинь

Алсын гэнэн алдаанд чинь

Амьдрал өөд тэмүүлэхэд чинь... аав нь их хайртай

Хаврын бутны нулимсыг сормуусандаа гэрэлтүүлж

Хаалганы цаана үлдсэн бяцхан охин минь

Аав нь чамайгаа алдхан шөнүүдийн зүүдэндээ тэвэрч

Алаг өдрүүдийн бодолдоо үүрч явнаа...

Жижигхэн шувуу ээжийнхээ нуруун дээр

Живэхээс эмээн бөөцийн суугаад ус гатлах шиг

Эрх охин минь үймээнт хотдоо

Ээждээ үүрүүлээд зам хөндлөн гарч явна уу?

Бурханы гэмээр ариухан шувууг

Миний л охин өхөөрдөж

Будаа алган дээрээсээ тоншуулж суудагсан

Шувуу шиг жаахан охин минь

Шувуунаас ч өндөрт хөөрөх хүсэлтэйсэн

Тэр их хүсэлд чинь

Тэнгэрийг таних зоригтойд чинь

Аав нь илүү их хайртай...

И.Буянжаргал, ОХИНДОО

Сүүн амьсгалт минь

Миний бяцхан бялзуухай минь

Сүрчгийн үнэрийг үнэгүйдүүлэгч хамгийн анхил цэцэг минь

Жавар салхинаас аав нь чамайг нөмөрлөхөд

Жаахан чамдаа уул шиг харагддаг байх даа

Сүү үнэртсэн хацрыг чинь үнэрлэхэд

Сүүдэр үргэж хайр үлддэг юм шүү

Амьдрал тэнгэрт жигүүр дэлгээд ирэхдээ

Ангаахайдаа хоол зуусан эх шувууны сэтгэлийг

Улам ч ихээр мэдэрч байна аав нь, тэгэх тусам

Уяхан болоод ижийтэйгээ ижилхэн болж байна

Бурхан гагц надад зориулж урласан

Булцгар зөөлөн ийм тансаг цэцгийг

Үнэрлэж тайтгарах хувь тохиол гэдэг

Үртэй хүний жаргал мөнөөс мөн байна даа

Э.Агиймаа, ОХИН ҮР МИНЬ

Охин үр минь чи ээждээ
Оюун ухаанаас минь соёолсон үр
Омог зангаас минь салаалсан үндэс
Одтой залуу насны минь оргилох хүслийн нахиа
Одот тэнгэрийн дундаас онцолж шүүрсэн
Од минь юм шүү
Үнэрийнх нь  сайханд ээж нь эрдэнэ заяасан гэж баярлах
Өөрийгөө дуурайсныг нь харж аав нь гавъяа байгуулсан гэж бахархах
Үе үе инээхэд нь охиноо том болж гэж өөрийгөө хөөргөх

Үнэгчлэн уйлахад нь аав нь хурайлан сууж бүүвэйлэх
Өдөр өдрөөр шинийг сурч, өмөлзөн эрхлэх охин минь
Өргөн орчлонг өөрийхөөрөө  таньж, ухаантай хүн болж өсөөрэй
Үр минь чи ээж аавдаа
Өр зүрхний гэгээхэн цайзнаа тонголзон эрхлэх
Өргөстэй бүхнээс өмгөөлөн хамгаалах энхрийлэл дундах хайр юм шүү 
Өөрийгөө умартан бүхнээ зориулах
Өнгөт орчлонгийн наран минь юм шүү
Алагхан үр минь чи ээж аавынхаа
Аз жаргал дунд минь анхлан дүрэлзсэн гал
Айсуй цагийн эрч хүчтэй гэгээхэн эхлэлийн эзэн
Алтан дэлхийн ирээдүйг атгалцан зогсох хойч үе юм шүү

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
..........(66.181.161.117) 2021 оны 01 сарын 07

Маш гоё

2  |  0
Top