Зураачдын бүтээлийг 38 саяар үнэлж, улсын сан хөмрөгт авлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Монголын Уран зургийн галерей жил бүр оны шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн. Монгол Улсын засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам ”-ын дагуу Мэргэжлийн зөвлөл шилдэг бүтээлүүдийг шалгаруулан улсын сан хөмрөгт худалдан авдаг уламжлалтай.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Монголын уран зургийн галерей хамтран зохион байгуулж буй “Оны шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа есдүгээр сарын 28-нд болсон.

Үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаа буюу шагнал гардуулах ёслол аравдугаар сарын 11-ний үдэш болж өндөрлөв. Энэхүү үдэш Монголын дүрслэх урлагийн өнөөгийн тулгамдаж буй асуудал хийгээд шийдэл, гарцын талаар ирсэн зочид, төлөөлөгч нар санаа бодлоо хуваалцахын зэрэгцээ уралдаант үзэсгэлэнд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг тодрууллаа.

Үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээл дэлгэгдсэнээс дараах уран бүтээлүүд оны шилдгээр шалгарлаа. Үүнд:
 

1. Ц.Баттөр, “Хар цас” уран зураг

 

2. С.Болдбаатар, “Парисын бороотой намар” 2016 он, уран зураг


 

3. П.Ганбат, “Эх” 2017 он, уран зураг


 

4. Т.Нурмаажав, “Цагийн хүрдэн” 2017 он, монгол зураг


 

5. Г.Одбаяр, “Хүлэгү хаан” 2018 он, монгол зураг


 

6. Т.Даваасамбуу, “Тал нутгийн морьтон” 2017 он, уран баримал


Шилдгээр шалгарсан бүтээлүүдийг Улсын сан хөмрөгт авахын тулд нийт 38 сая төгрөгөөр үнэлсэн байна. Тус шилдэг бүтээлүүдээр үргэлжлүүлэн үзэсгэлэн гаргана.

Мөн та бүхэн Монголын Уран зургийн галерейн албан ёсны www.art-gallery.mn вэб сайт дахь “Art shop”-оор зочилсноор 2018 оны шилдэг уран бүтээлийн шалгаруулалтанд оролцсон зураачдын уран бүтээлтэй танилцаж сонирхсон бүтээлээ худалдан авах боломжтой юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top