“Way of Art ” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж /ҮУПК/-ийн дүрслэх урлагийн мэргэжлээр төгсөгчдийн хамтарсан үзэсгэлэн өнөөдөр /2018.10.15/ Norphei Art галлерейд нээлтээ хийлээ.

Нээлтэд ҮУПК-ийн захирал Б.Даваажав, БНЭУ-ын Элчин Сайдын Яамны Соёлын атташе ноён Х.С.Неги, Дүрслэх дизайн урлагийн дээд сургуулийн багш, уран барималч, урлаг судлалын ухааны доктор, дэд профессор С.Бадрал, “Хасгоёл” компанийн захирал н.Батзориг болон бусад зочид төлөөлөгчид, төгсөгчид урилгаар оролцов.

Захирал Б.Даваажав Way of Art ” уран бүтээлийн үзэсгэлэнг нээж “Монгол Улсын Мэргэжлийн боловсролын салбарт 52 дахь жилийн өөрийн гэсэн түүхтэй, өөрийн өнгө төрхтэй, дүрслэх урлаг, дизайны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц сургууль болсны хувьд төгсөгчдийнхөө уран бүтээлийг олон нийтэд таниулах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгаадаа баяртай байна. Урлагийн дархчууд хойч үеийнхнийхээ хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Урлагийн бүтээлүүд хойч үедээ өвдөгдөн үлддэг. Бид өнөөдөр энэ үзэсгэлэн дээр төгсөгчдийнхөө бүтээлүүдийн католог-номын I ботийг өргөн барьж байна. Урлагийн бүтээлүүд бол ямар ч үнэ, мөнгөөр хэмжихийн аргагүй хосгүй өв юм” хэмээн онцолсон юм.



Тус сургууль анх 1966 онд уран сийлбэр, уран баримал болон монгол дархны ангийг нээн хичээллүүлснээр Дүрслэх урлагийн салбарын суурь нь тавигджээ. Уран сийлбэрийн анхны багшаар Монгол Улсын ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран сийлбэрч Л.Чуваамид, Уран баримлын багшаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Д.Дамдимаа, Монгол дархны багшаар Ард түмний гавьяат уран дархан Д.Нямхүү нар тус тус ажиллаж байсан.

1995 оноос уран зураг, гобелен, арьсан урлал, металл урлал, чимэглэх урлаг, хувцасны дизайн, үйлдвэрлэлийн график дизайн, монгол зураг, керамик, уран баримал гэсэн дүрслэх урлагийн мэргэжлийн ангиудыг шинээр нээн өргөжүүлж, монгол ардын түүхэн уламжлалыг орчин үеийн урлагийн чиг хандлагатай хослуулан, авьяас билгээ нээн хөгжүүлсэн, бие даан ажиллах чадвартай, гоо зүйн өндөр мэдлэгтэй, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн сургаж байна.


Өнгөрсөн хугацаанд 1500 орчим уран бүтээлч залуусыг бэлтгэн төгсгөсний дотор Монгол Улсын Төрийн сүлдийг зохиосон Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Ойдов, Монголын дархчуудын холбооны тэргүүн, уран дархан Н.Ихтөр, Монгол Улсын Гавьяат сийлбэрч Г.Цогбаяр, ОХУ-ын Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэн, “Брайнсторм брендинг” компанийн захирал дизайнер Н.Одонболд, “Монгол контент” компанийн ерөнхий найруулагч, зураач Л.Ганболд гээд уран бүтээлээрээ нийтэд танигдан хүндлэгдсэн уран бүтээлчдийг нэрлэж болох юм.

Уран бүтээдчдийг урлагийн их замд хөтөлсөн 1995 оноос 2017 оны хооронд төгсөгчдийн шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн Way of Art уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн BlueMon 1 давхарт "Norphei Art" галлерейд 2018 оны аравдугаар сарын 15-19-нд ажиллах юм байна.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.136) 2018 оны 10 сарын 16

BAIRLAL URLAGT CHUHAL

0  |  0
Top