Өнгөрөгч амралтын өдөр “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн хуралдаан болж, сүүлийн таван жилд гүйцэтгэсэн ажлынхаа тайланг хэлэлцэж, удирдах бүрэлдэхүүнээ шинээр сонголоо. Юуны өмнө “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатарыг төрийн албан хаагч болсонтой холбогдуулан ажлаас нь чөлөөлж, нэгдлийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэгийг Гүйцэтгэх захирлаар томиллоо.
Мөнхүү Ж.Мөнхбат тэргүүтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлийг чөлөөлж, Удирдах зөвлөлийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байхаар батлан, гишүүдийг сонгов. Удирдах зөвлөлийн тэргүүнээр “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбатыг сонгосон бол гишүүдэд мөн цомын эзэн Ц.Эрдэнэбаатар, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва, утга зохиол судлаач доктор А.Мөнх-Оргил, яруу найрагч Ш.Анхтуяа, “Ган зам” сонины Ерөнхий эрхлэгч Ө.Батзориг, утга зохиолч судлаач, доктор Д.Цэвээндорж нарыг тус тус сонгосон юм.
Мөн үеэр тус нэгдлийнхэн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц даргатай, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Г.Нэргүй, Д.Оюундэлгэр нарын гишүүдтэй Хяналтын зөвлөл байгууллаа. Үүнээс гадна Удирдах зөвлөлийн гишүүдийн жилийн татварыг 300.000 /гурван зуун мянган/ төгрөг байхаар тогтсон бол нэгдлийн гишүүн тус бүр улиралд 20.000 төгрөг, жилд 80 мянган төгрөгийн татвар төлөх шийдвэрийг хурлаас гаргажээ.
Ийнхүү шинэ мянганы босгон дээр хэсэг залуу уран бүтээлчид өөрсдийн хүсэл зорилго, зүрх сэтгэлээрээ нэгдэн байгуулж байсан “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн өнгөрөгч цаг хугацааны ажлаа тайлагнасан төдийгүй айсуй цагийн ажлынхаа төлөвлөгөөгөө ч зурсан хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.
С.Баяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )