Архангайн аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн яруу найрагч Б.Энэбиш нь 2000-аад оны эхэнд монголын утга зохиолд хөл тавьж, өдгөө их утга зохиолд уран бүтээлийн өвөрмөц өнгө төрх, арга барилаараа өөрийгөө тодорхойлон ид бичиж буй залуу яруу найрагч билээ.
Харамсалтай нь, Б.Энэбиш найрагчид хүнд өвчин тохиолдож элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх шаардлага тулгарсан учраас энэ сарын 31-ний өдөр 19 цагаас “UB палас”-ын концертын их танхимд “Ийм сайхан хорвоо” эмчилгээний зардалд зориулсан тоглолт зохион байгуулах гэж байна.
“Ийм сайхан хорвоо” тоглолтонд УГЖ Х.Үнэнхүү, З.Одмаа, Ч.Баярмаа, Б.Ганчимэг, Б.Батбаатар нарын олон сайхан дуугаа ард түмний зүрх сэтгэлд эгшиглүүлсэн таван гавьяат дуучин, Соёлын тэргүүний ажилтан Л.Нарантуяа, С.Баттулга, Л.Жавхаасайхан нарын авьяаслаг найман залуу дуучин, “Пароди”, Загасан ширээт тамга” хамтлагууд оролцоно.
Мэдээжийн хэрэг залуу яруу найрагчийн найз нөхөд, “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн төлөөлөл болсон яруу найрагчид шүлэг бүтээлээ үзэгч та бүхэнд өргөх болно. Тухайлбал, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва, “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа, Ц.Эрдэнэбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг, Б.Болорцэрэн, Б.Урангоо нарын найрагчид уран бүтээлийн дээжсээ өргөсөн сайхан тоглолт болно.
Яруу үгсээр утга учраа тайлж, сайхан дууны аялгуугаар сэтгэл санаагаа өргөж ирсэн ард түмэндээ “Ийм сайхан хорвоо” тоглолтын хойморт нэгэн үдэш саатаж, идэр залуу найрагчид амьдрал бэлэглэхийг уриалж байна.
С.Баяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )