“Өнө” чуулгын уртын дууны сургалтын 5 жилийн ой тохиож байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

Ах, дүү уртын дуучид болох Гавьяат жүжигчин Б.Батболд, Соёлын тэргүүний ажилтан Б.Батмэнд нарын санаачлан эхлүүлсэн “Монгол уртын дуу 2222” уртын дууны сургалт өнөөдөр /2018.11.01/ “Өнө” чуулга болон өргөжиж, тав дахь жилтэйгээ золгож байна.

Таван жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд 2018 оны арваннэгдүгээр сарын 24-нд 10:00 цагт "Улаанбаатар" чуулгын концертын танхимд үе үеийн сургалтад хамрагдагсдын дунд уртын дууны уралдаан болох аж. Уг уралдаан нь сонирхсон хүн бүрт нээлттэй.

Тус чуулгын сургалтын хувьд бүх насныхан хамрагдах боломжтой.  Сургалтад өөр мэргэжилтэй, өөр салбарт ажилладаг ч уртын дууг сонсох дуртай, сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс нэгддэгээрээ онцлогтой. Жилд хоёр сарын хугацаатай, хоёр удаа ажлын бус цагаар хичээллэдэг. Одоогийн байдлаар уг сургалтад нийт 800 гаруй сонирхогч хамрагдаад байна.

Уртын дуу нь өөрийн гэсэн түүхтэй, нутаг нутгийн онцлог, өнгө аяс, хэв маягийг илэрхийлсэн монголчуудын язгуур соёл бөгөөд сургалтад хамрагддаг хүмүүс уртын дууны уламжлалт онцлог, чимэг, нугалаа, аялгууг алдагдуулалгүй сурч, хадгалан уламжилж, судалгаа хийж, цааш түгээн дэлгэрүүлсээр иржээ.

"Өнө" чуулгын дуучид 2013 оноос хойш

  • Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуу дуулаачдын олон улсын уралдаанд шилдэг есөн дуучинд шалгарсан,
  • Төв халхын алдарт уртын дуучин Ч.Намжилын нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдааны тэргүүн байрын шагнал хүртсэн,
  • “Хууртай мөнхрөх аялгуу” уртын дуу дуулаачдын уралдааны гранпри, тэргүүн, дэд, тусгай байрын шагналууд хүртсэн зэрэг амжилтууд гаргасаар иржээ.

Түүнчлэн 2013-2018 оны хугацнаад Үндэсний их баяр наадмын нээлт, үндэсний бөхийн барилдааны нээлт, дүүрэг, сумдын баяр наадмын нээлт, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын жил бүр найруулдаг язгуур урлагын тоглолт зэрэгт оролцож, ая дуугаа өргөн, өөрсдийн сурсан мэдсэнээ олон нийтэд түгээн дэлгэрүүлж,  сурталчилан таниулсаар яваа авьяаслаг уран бүтээлчид гэдгийг дахин онцлоё_

"Өнө" чуулгын сургалтын багшаар Гавьяат жүжигчин Б.Батболд, Соёлын тэргүүний ажилтан, концертмейстр багш М.Алтанбат, ассент багшаар морин хуурч Л.Мөнхжаргал нар ажиллаж байна.

Холбоо барих: 99833653,80183797, 90108181, 99059975, 99145106, 99999945 

“Уртын дууны Өнө чуулга”-Facebook цахим хуудсаар холбоо барих боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top