Зохиолч Ц.Ариунтуяагийн "Тэнгэрийн охины зүүд" эссэ, өгүүллэгийн түүвэр уншигчдын гарт хүрэх гэж байна. Түүний "Төрөх тасаг" өгүүллэг нь "Тагтаа паблишинг"-аас зохиогддог "Тагтаа" утга зохиолын шагналт наадмын өгүүллэгийн төрөлд дэд байрт шалгарч байсан юм. Тэнгэрийн охин хэрхэн зүүдэлдэг, тэр зүүд цааш яаж хөврөхийг энэ номоос унших боломжтой. Номын өмнөтгөлд Монгол хэл, уран зохиол судлаач Г.Баттогтохын хийсэн бичвэрийг уншигчдадаа хүргэж байна.
“Жинхэнэ намар” хэмээх өгүүллэгт “Юуг ч үл анзааран оршиж чадна гэдэг ямар нэгэн юмыг мэдэхгүй байхаас ч сайхан” гэсэн үг бий. Энэ л үгсээр илэрхийлж болох тийм нэгэн бодолд автсан дүрүүдийг тэр урладаг. “Цаг хугацааны машин л миний аавыг аваад явчихсан юм. Хар ногоон өнгөтэй, баруун талынхаа бөөрөн дээр цагаан дээр улаанаар нэмэх тэмдэг зурсан цаг хугацааны машин, яг манай хашааны үүднээс аавыг минь суулгаж хөдлөхийг хараад, араас нь хэчнээн гүйсэн ч зогсоогүй цаг хугацааны машин” гэх цээж зурсан үгсийг хэлхэх нь уран зохиол билээ. Аавын тухай ийн зурахдаа өгүүлэмжийн хэлхээг нягт барьж, намрын тухай, ертөнцийн тухай уншигч өөрөө нээж мэдэг гэсэн мэт өргөн санааг үлдээсэн байна. Мөнөөхөн “Тэнгэрийн охины зүүд” хэмээх өгүүллэгт балчир биедээ ахадсан бодол тээж яваа нэгэн охины дүр (уг өгүүллэгт “Амьдрал гэдэг чинь насаар биш бодлоор хэмжигддэг эд юм бус уу!” гэсэн өгүүлбэр бий); тэр охины зүүдэнд ирж, улмаар тэнгэртээ мөнхөрсөн бас нэгэн охины дүр гарна. “Тэнгэр зүүдэлдэг” тухай нүүдэлчин монголчуудын яриагаар уг өгүүллэгийн гүн санааг зангидсан болой. Бодтой санааг илэрхийлэхдээ уянгалах бус буй бүхнийг тэр чигт нь, мөн чанараар нь дүрсэлнэ гэдэг энэ буюу.
Тэр “Намрыг ямар өнгөтэй зүйрлэж болохыг ахиад нэг асуувал хөх гэж хэлнэ. Намар бол хөх улирал. Тийм ээ, хөх өнгө. Улиран одсон хүүхэд насны минь уйтгар гуниг, баяр баясгалан шиг хөх өнгө. Ус шиг, тэнгэр шиг, зэрэглээ шиг, утаа шиг хөх өнгө. Өвгөн улирал, өтөл өнгө. Өөрөөс минь алсрах бүхнийг ойртуулах хөх өнгө”; “Хоосорно гэдэг дүүрэхийн нэр, дүүрнэ гэдэг ч хэзээ нэгтээ хоосрохын нэр”; Гэнэтийн бүхэн хүчтэй, магадгүй үнэн. Гэнэтийн гэдэг үг ч өөрөө маш хүчтэй”; “Цуурайтсан дуу хоолой хэзээ ч үнэн байдаггүй. Хаа сайгүй ойж цацрахад нь хананд савагдаад үлдчихдэг үнэн цуурайнаас сонсогдохгүй. Цуурай бол сүүдэр шиг хуулбар төдий. Тийм дуу хоолойноос үнэнийг хайх нь сүүдрээсээ өөрийгөө хайхтай л адил гэнэн тэнэглэл” гэх зэргээр бодол эргэцүүллийн хөндлөнгийн үсгээр утга санаагаа улам тодруулдаг. Энэ бол түүний бичлэгийн гол нэгэн онцлог шинж ажгуу. “Бөгтөр”, “Хажуу өрөө” зэрэг өгүүллэгт өмнө дурдсан өгүүллэгүүдийн үндсэн бичлэгээс гадна “утга санааг илэрхийлэхдээ дам санаа, давхар өгүүлэмж, зэрэгцээ бичлэгийг ашигласан”, “уншигчтай хүүрнэсэн” туурвилын өөр өөр сонирхолтой хэлбэр ч бий.
"Тэнгэрийн охины зүүд" номын нээлт арваннэгдүгээр сарын 30-нд "Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан"-д болно.
Сэтгэгдэл ( 0 )