Валютын зохицуулалтын тухай хууль 24 жилийн өмнө батлагдсанаас хойш 24 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Тооны хувьд олон удаа өөрчлөгдсөн ч, агуулгын хувьд цаг үедээ нийцэж чадалгүй өдийг хүрсэн гэх байр суурийг илэрхийлэгсэд байгаа юм. Түүнчлэн М.Оюунчимэг нарын гишүүд Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн бариад буй. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Валютын зохицуулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан бөгөөд хоёр хуулийн төслийг хамтад нь хэлэлцэхээр хүлээгдэж буй юм. Эдийн засгийн бүтэц тааруу, тэр хэрээр ханшийн эрсдэлд үргэлж ойр байдаг манай улсын тухайд Валютын зохицуулалтын тухай хуульд цагаа олсон өөрчлөлт орох шаардлага дагаж буйг хэлэх эдийн засагчид байна. Гэхдээ өргөн баригдсан төслүүдэд тусгагдсан заалтуудыг шүүмжилсэн байр сууриуд ч байгаа юм.
Тухайлбал, Эдийн засгийн судлаачдын клубын зүгээс мэдэгдэхдээ, одоо хэлэлцэгдэж буй валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, тус төсөлд тусгагдсан зарим захиргааны хязгаарлалтууд тогтвол валютын ханш болон эдийн засгийн чухал үзүүлэлтүүдэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалт, зээл буурч эдийн засагт томоохон шок буюу гэнэтийн цочрол үүсгэх эрсдэл байгааг сануулсан. Энэ нь манай улсад төлбөрийн тэнцлийн хямрал болох цаашлаад ханш 30-50 хувиар сулрах, инфляцид өндөр хэмжээний дарамт үзүүлж чадахуйц дүн гэдгийг онцлох хэрэгтэй. Тиймээс Монголбанкны зүгээс тус хуулийн төслийн зарим заалтууд дээрээ дахин ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна. Тус төсөлд Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо шаардлагатай тохиолдолд гадаад гүйлгээ валютын арилжаанд хязгаарлалт тогтоох тухай тусгагдсан. Хэрэв энэхүү заалт хэрэгжихээр болвол хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчдийн Монголд хөрөнгө оруулах сонирхол буурна. Мөн одоогийн байдлаар татсан байгаа гадаад зээлүүдийн гэрээ зөрчигдөх эрсдэл үүсэх гэх мэт маш олон сөрөг нөлөөллүүдийг дурдаж болохоор байна. 2018 оны эхний хагас жилийн байдлаар хадгаламжийн байгууллагууд гадаадын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдаас 2.3 тэрбум ам.доллар (ДНБ-ий 20 хувь)-ын эх үүсвэрийг зээл, бонд хэлбэрээр татан төвлөрүүлсэн байдаг. Хэрэв энэ хөрөнгө оруулалт уг хуулийн заалтаас болж гэрээгээ цуцлах, хэмжээ буурахад хүрвэл дотоодын зээлийн нийлүүлэлт буурч улмаар зээлийн хүү өсөх, инфляци өсөх төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж ханшийг эсрэгээрээ өсгөх эрсдэл үүсч болзошгүй юм. Мөн түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын урсгалд бууруулах нөлөө үзүүлнэ. 2017 онд 1.4 тэрбум, 2018 оны эхний 8 сард 1.2 тэрбум ам.долларын ГШХО Монгол Улсад орж ирсэн. Дээрх сөрөг нөлөө үүсч болзошгүйг бид дэлхийн хөгжиж буй орнуудын сургамжаас ч харж болохоор байна. Ийм төрлийн зохицуулалт хэрэглэсэн орнууд үргэлж хохирсон, хөгжил нь хойшилсон, үр дагавар нь дандаа сөрөг байсан байна. Тухайлбал, Бразил, Чили, Малайз, Тайланд, Испани, Колумб, Чех, Мексик, Индонези, Филиппин, БНСУ, Венесуэль, ОХУ, Аргентин, Кипр зэрэг орнуудын бодит сургамж, олон улсын эмпирик судалгаанаас үзэхэд хөрөнгийн урсгал, гадаад гүйлгээ, валют арилжаанд төрөөс хязгаарлалт тогтоосон нь валютын орох урсгалыг бууруулсан бөгөөд ханшийн дарамтыг нэмэгдүүлсэн байдаг" гэж мэдэгдээд байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлэхдээ “Бидний гол зорилго гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг чинь хууль дүрэмгүй байна гэсэн үг биш. АНУ, Норвеги гадаадын хөрөнгө оруулалтыг маш сайн татаж чадсан. Гэхдээ тэнд хууль үйлчилдэг, хууль хэрэгждэг. Норвеги гэхэд газрын тосон дээрээ хуулиа сайн хэрэгжүүлдэг, татвараа ч сайн авдаг. Монголын хууль дүрмийн дагуу хөрөнгө оруулагчид төлбөрийн дансаа Монголд нээх ёстой гэж байгаагаас гадны хөрөнгө оруулалтыг хаасан, боосон зүйл байхгүй гэдгийг дахин хэлье. Бусад орнуудад байдаг л хууль. Гадны хөрөнгө оруулагчид хууль чинь тогтвортой байх ёстой гэдэг ганц зүйлийг хүсдэг. Түүнээс нэг татварын байцаагч гүйж очоод дансыг нь хаадаг байж болохгүй. Монголчууд Монголынхоо баялгийн эзэн тул гадны хөрөнгө оруулагч, ОУВС бүгдийг мэднэ гээд байж болохгүй. Үүнийг зааглах ёстой” гэж яриад буй.
Харин СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан уг хуулийн төслийн талаар “Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэх шаардлага байгаа юу гэвэл байна. Хууль санаачлагчдын зүгээс зохицуулалтыг нэлээн өргөн цар хүрээтэй авч үзсэн нь өнөөг хүртэл маргаантай байгаа улс төржилтийн үндсэн шалтгаан болоод буй валютын ханшийг хэн зохицуулах ёстой вэ гэдэг дээр тодорхой дэвшил гаргасан. Засгийн газрын үүрэг оролцоог илүү тодорхой болгох, төлбөрийн тэнцлийг тогтвортой байлгахаас гадна валютын ханшийн тогтвортой байдлыг хангах тал дээр засгийн газар илүү санаачилга гаргаж ажиллах нөхцлийг бүрдүүлсэн гэж харж байна.Хуулийн төсөл шинэчлэн батлагдсанаар валютын орох, гарах урсгалыг дэмжих замаар ханшийн тогтвортой байдал үүсэх нөхцөл бүрдэх учиртай. Гэхдээ анхаарал татах зүйлс байгаа юм. Тухайлбал одоогийн яригдаж байгаа хуулийн төсөлд валютын захын зохицуулалтад төрийн байгууллагуудын оролцоо хэтийдсэн байгаа нь гадны хөрөнгө оруулагчдыг үргээх алхам болохоор байна. Жишээ нь, стратегийн орд газрууд төлбөр тооцоогоо Монголбанктай харилцан зөвшилцөх замаар төв банкинд дансаа байршуулах, гүйлгээ хийх заалт байгаа нь арилжааны банкуудын төлбөр тооцоог хянах ёстой төрийн байгууллага-Төв банк өөрөө төлбөр тооцоо хийдэг банк болж болзошгүй хувилбар харагдаж байгаа юм. Тэгэхээр төрийн зохицуулалт гэж юу вэ гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Төрийн зохицуулалт гэхээр зээлийн хүүг хүчээр тогтоох, валютын ханшийг хүчээр зохицуулах гэж ойлгоод байна. Минийхээр төр бодлогоор валютын урсгалыг тэнцвэржүүлэх, зээлийн хүүг тогтвортой бууруулах нөхцөл бүрдүүлэхийг төрийн оролцоо, төрийн хяналт зохицуулалт гэж ойлгодог. Харамсалтай нь манай зарим хууль батлагдахдаа төрийн оролцоог шууд арга хэрэгслээр ойлгож, албадлагын арга хэмжээг чангатгах байдлаар гардаг. Валютын зохицуулалт дээр энэ асуудал гарч байна, үүнийг зогсоож, хууль санаачлагчид зөв ойлголттой болж, мэргэжлийн оролцогчдын саналыг тусгах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )