Намрын чуулган завсарлалаа.
Өнгөрөгч 2024 оны сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн УИХ-ын Намрын чуулган хагас жилийн хугацаанд алдаа оноо дүүрэн ч хэрүүл тэмцэл багатай өндөр үүдээ түр хаалаа. УИХ-ын гишүүд болон улс төр ажиглагчдын хэлж байгаагаар энэ удаагийн Намрын чуулган үйл ажиллагаа сайн зохион байгуулалттай, хэрүүл тэмцэл бага өндөрлөлөө хэмээн үзэж байгаа бололтой. Шууд ийн дүгнэхэд эрт байна.
Төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр өнөө маргааш биш хожим илэрдэг. Нэг хоёр жил, магадгүй тав, арван жилийн дараа үр өгөөжөө өгөх нь ч бий. Алдааг нь ард түмэн, улсаараа үүрэх ч тохиолдол бий.
Энэ парламент бол анх удаа 126 гишүүнтэй бүрэлдэж, дөнгөж анхынхаа чуулганыг завсарлуулж байна. Нөгөө талаар гишүүдийн ихэнх нь шинэ учраас бодлого гаргах бүү хэл хэрүүл тэмцэл хийхээ ч мэдэхгүй байгаа нь илт харагдана. Нөгөө талаар олон намаас бүрдэх парламентын гол цөм болсон МАН, АН, ХҮН гэх гурван улс төрийн хүчин хамтарсан Засгийн газар байгуулчихсан нь чимээ шуугиан, дундын тохилолцооныг дарж байгаа хэрэг. Яахав ээ, хэлэлцэн батлах хуулиа цаг нарны дагуу хугацаанд нь оруулж, шийдвэрлэх ёстой тогтоолын төсөл ч цаг хугацаандаа батлагдаж байсан гэх эерэг үгсийг хэлж байна. Олон л хууль тогтоомж батлажээ.
Oнцолж дурдвал, Ашигт малтмал, газрын тосны тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай гээд хуулиуд бий. Олны дунд дуулиан болж байгаа ураны гэрээг энэ бүх хуулийн өөрчлөлтөд тулгуурлаж байгаад шийдчихсэн хэрэг шүү дээ. Шинэ парламент ийнхүү дуулиан шуугиан багатай өнгөрч байгаа нь дийлэнх гишүүд шинэ байгаатай холбоотой бөгөөд үе үеийн парламентад асуудлаа мэддэг цөөн тооны гишүүн байсаар ирсэн. Тэд л байлдан дагуулсаар энэ чуулганыг завсарлуулав. Гэхдээ ирэх Хаврын чуулганаар зарим хэлгүй нэг нь хэл орж, мэдэх чадахгүй асуудлаа судалчихсан орж ирнэ.
Ах эгч нарынхаа кнопны учрыг олчихоор санаа зовох зүйлгүй. Зарим нэг нь ч мөнгөний үнэр авчихсан ирнэ. Эндээс л дуулиан шуугиан үүснэ. Акулууд шинэковуудыг өмнөө барьж элдэв баримт факт түгээлгэнэ. Өмнөөсөө үг хэлүүлнэ. Тэр тусмаа хэтэвч нимгэн шинэковууд бол асуудал байхгүй.
Ямартай ч өнөөдөртөө түүхэн гэж үзэж байгаа ураны хөрөнгө оруулалтын гэрээг цэгцэлж нэг талд нь гаргасан гавьяа байдаг бол энэ парламент хүлээнэ. Хэрвээ гай байсан бол энэ парламент бас л үүрнэ. Одоогийн байдлаар ураны хөрөнгө оруулалтын гэрээ бол түүхэн гэрээ, Монгол Улсын хөгжил дэвшилд нэгэн том алхам хийлээ хэмээж байгаа бол нөгөө талаас уран нь Монгол Улсыг мөхөл рүү хөтөлж байна гэх нь ч бий. Нийгэм хоёр талцаж байгаа энэ гэрээний ашиг тус ч бий, хор уршиг ч байгааг нуух хэрэггүй.
УИХ-ын Намрын чуулган завсарлалаа. Жагсаалтаар орж ирсэн нөхөд хаашаа ч явах билээ. Ихэнх нь Төрийн ордон эргэж, бизнестэй нь бизнесээ хийгээд бизнесгүй нь улс төрөө хийгээд явчихна. Харин тойргоос сонгогдсон нөхөд орон нутагт ажиллана. УИХ-аар санаачилж батлуулсан хууль тогтоомж гэхээсээ илүүтэй өөрсдийгөө харуулах томоохон үүрэг тэдэнд зүй ёсоор оногдоно.
Гэвч тойргоос сонгогдсон УИХ-ыг гишүүдийг иргэд олон нийт тийм ч таатай хүлээж авахгүй олон шалтгаан бий. Учир нь өнгөрсөн жилийн зуднаас үүдэлтэй ажилгүйдэл ядуурал газар авсан. Зуданд малаа барсан малчид төв суурин бараадсан ч ажилгүй байна. Нөгөө талд бизнесийн орчин чанга, зээлийн хүү өндөр байгаагаас орон нутагт бизнес эрхлэгчдийн дийлэнх нь үүд хаалгаа барьчихсан. Дээр нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч цалин тэтгэврийн нэмэгдэл байхгүй чардайж байгаа дүр төрх л тэднийг угтана. Хамгийн ноцтой нь гишүүд маань татвар, даатгалын нэмэгдэл хэмээх сүрхий “бэлэг”-тэй орон нутагт очихоор чулуугаар шидүүлэхгүй бол их юм.
Бас нэг зүйл бий. Засгийн газраас олон шийдвэр гаргаж байгаа ч бодит ажил тун ховор. Засгийн газраас 14 мега төсөл, Шинэ сэргэлийн бодлогын хүрээнд орон нутагт хөдөө аж ахуйн чиглэлийн олон үйлдвэр үйлчилгээ төлөвлөж ярьсан ч бүгд 20-30 жилийн өмнө яригдаж байсан зүйлс. Гэхдээ энд болохгүй зүйл үгүй, хөдөлгөхөөр ярьж байгаа Засгийн газрыг сайшаах хэрэгтэй. Хийж чадвал бүр сайн хэрэг.
Тодотговол, 10, 20, 30 жилийн өмнө Засгийн газраас шийдвэр нь гарчихсан, зарим нь УИХ-аас тогтоол гарчихсан зүйлсийг цоо шинэ зүйл мэт ярьж байгаагаас хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдчихсэн зүйл одоохондоо тун цөөхөн. Том төсөлтэй зууралдаж наана цаана нь гарч явсан Ерөнхий сайд асан С.Баяр “Манайх шиг улсад 14 мега төсөл томдоно. Мега гэдэг нь том гэсэн утгыг агуулах бөгөөд нэг тэрбум ам.доллароос дээш хөрөнгө шаардах төслийг хэлдэг. Гэтэл ийм том төслийг 14-ийг хэрэгжүүлнэ гэдэг дэндүү олон. Хөрөнгө нь хаана байгаа юм, хөрөнгө нь байлаа гэхэд боловсон хүчин нь хаана байгаа юм. Энэ бол бүгд хэрэгжих боломжгүй” хэмээнэ лээ.
Мөн төслүүдийг УИХ-ын гишүүд маань хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байн байн зарлаж байгаа ч УИХ-аар хэлэлцэж асуудал нь шийдвэрлэгдээд хууль болчихоогүй байна. Мэдээж мега төсөл гэдэг бол тийм ч хурдан түргэн хөдлөхгүй. Багагүй цаг хугацаа, томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгэхээр Засгийн газраас гадна дотны хөрөнгө оруулалт хайж байгаа нь ойлгомжтой. Нөгөө талаар энэ төслүүдээ хөрөнгө мөнгө нь шийдэгдээд хөдөлж байгаа нь цөөн боловч бий. Тиймээс УИХ-ын гишүүд наад зах нь үүний төлөвлөгөө, ажил нь ямар шатанд явааг мэдэж байх ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрынхаа хэрэгжүүлж байгаа бодлогыг яг таг иргэдэд тайлагнах хэмжээнд мэдээлэлтэй байх ёстой. Энэ мэтээр УИХ-ын гишүүдийг орон нутагт яваад очихоор мөн ч их ам асууна даа.
Тухайлбал, Д.Амарбаясгалан, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Б.Чойжилсүрэн, Б.Заяабал, Э.Болормаа, О.Цогтгэрэл, О.Амгаланбаатар нарын баруун бүсээс сонгогдсон гишүүдийг Ховдод яваад очихоор “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлыг хэзээ дуусгах вэ гэхээс эхлээд хөрөнгө мөнгөний асуудлыг уудлана. Ядахад энэ жилийн төсөвт төлөвлөж оруулсан энэ төслийн 21 тэрбум төгрөг суугаагүй дуулдана лээ.
Зүүн бүсээс сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, У.Отгонбаяр нарыг яваад очихоор цаасан дээр байгаа Дорнод зүүн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийн ажлыг асууна. Гэтэл уг төсөл нь зөвхөн цаасан дээр байгаа зүйлийг ажил хэрэг болсон мэтээр ярьж явааг шалгаана. Багахангай дүүрэгт С.Амарсайхан, Ж.Сандагсүрэн нарыг яваад очихоор аанай л цаасан дээр байгаа Багахангай дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркийг нэхнэ.
Үүнээс гадна эхлүүлээд орхисон олон бүтээн байгуулалт улс төр хөрөнгө мөнгөний асуудлаас болоод гацчихсан байгааг шалгаана. Тухайлбал, “Дарханы арьс ширний цогцолбор” байна. Өдгөөгөөс таван жилийн өмнө эхлүүлсэн уг төсөл нь Б.Жавхлан, Ц.Даваасүрэн нарын эрх ашгийн төлөөх тулаан дунд төсөв хөрөнгө байхгүй, Хөгжлийн банкнаас зээлсэн 18.3 тэрбум төгрөг өнөөдөр хүү алдангитайгаа 34.6 тэрбум төгрөг болчихсон явна. Тэгэхээр төвийн бүсээс сонгогдсон Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Тулгат, Ч.Ундрам, Ж.Энхбаяр, Ж.Батжаргал нараас ам асууна гээд олон зүйл болно. Энэ мэтээр тойрог тус бүр, аймаг, бүр сум тус бүрд нэг асуудал байгааг та бүхнээс асууж шалгаана. Энэ бүх асуудалд бэлэн хариулттай. Үнэн зөв, бодит мэдээлэлтэй очихгүй бол мэдээллийн сүлжээ өргөн, агуулга нарийн болсон учраас захын малчин л тантай хууль ярих хэмжээнд очсон гэдгийг анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүд маань энэ мэтээр амаа асуулгаж явтал Цагаан сарын баяр дөхнө. Өнөөх гишүүдийн маань ганц дуртай зүйл бол Улсын сайн малчин, Аварга малчин, Алтан төлийн эзэн гэх мэт шагнал гардуулах явдал байдаг. Өөрөө авч өгч байгаа мэт л хөл хөөр, найр наадам болно. Өөрсдөө хөөцөлдөж авч өгдөг жишиг ч бий. Өнөөх ам асуулгасан, хараалгасан байдал уламжлалт баяраар ор мөргүй шахам хийсэн одож, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэх мэт хэсэг баярлана. Арай дөмгүүр гишүүд нь тойрогтооо одон тэмдэг ч тараана. Баяр наадам ч зохион байгуулна. Эмэгтэйчүүдийн баярын уухай тасарч амжилгүй Зэвсэгт хүчний баяр гэж сүрхий зүйл залгана. “Бидон” Д.Ганбатаас эхлээд цэргийн хувцастай мэндчилгээ дэвшүүлж байтал дөрөвдүгээр сар гарч, ээлжит Хаврын чуулган эхэлнэ. Та бүхэн ард түмний итгэл хүлээн Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагад орж ирсэн учраас сонгогч олны өмнө хийсэн бүтээсэн зүйлтэй, хийж бүтээж чадаагүй бол үнэнээ хэлээд зогсож байх нь чухал шүү. УИХ-ын гишүүд минь түр баяртай.
Сэтгэгдэл ( 1 )
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаарч шаардаач , тэмцээч