Азийн хөгжлийн банкны /АХБ/ дэмжлэгээр хэрэгжиж буй цэвэрлэх байгууламж барих төслийн хүрээ өргөжиж, таван аймгийн төвийг нэмэлтээр хамруулах 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулагдсан билээ. АХБ-аас уг төслийн талаар тодотгохдоо “Эдгээр цэвэрлэх байгууламжууд нь айл өрх, аж ахуйн нэгжийн бохир усыг зохих ёсоор зайлуулж цэвэрлэх бөгөөд АХБ-ны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үзэл баримтлалтай нийцэж байна” гэсэн юм.
АХБ анх 2010 онд хоёр аймгийн төвийн ус хангамж, ариутгах татуурга, автозамын сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 15 сая ам.долларын буцалтгүй тусламжийг баталсан. Энэ төслийн үргэлжлэл болох 19.43 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг 2016 онд баталсан бөгөөд уг төслөөр дөрвөн аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж барьж байна. Эдгээр төслүүдийн амжилтыг нэмэлт таван аймгийн төвд, тухайлбал Баруун-Урт, Булган, Чингис, Мандалговь, Мөрөн хотуудад, давтан хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Төсөлд хамрагдах хотуудад нийт 115 мянга орчим иргэн амьдарч байна.
Уур амьсгалын эрс тэс нөхцөлд тохиромжгүй, үр ашиггүй, хуучирсан цэвэрлэх байгууламжуудыг орлох шинэ байгууламжууд нь тус бүртээ хоногт 3000 шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай байх юм. Гэр хорооллын ариун цэврийн үйлчилгээг сайжруулах, гүний болон гадаргуугийн усны бохирдлоос сэргийлэх зорилгоор төслийн хүрээнд бүх аймгийн төвүүдэд вакуум тоног төхөөрөмж бүхий бохир ус сорж тээвэрлэх машин нийлүүлнэ. Энэхүү төсөл нь 2021 оныг дуустал хэрэгжинэ.
Сэтгэгдэл ( 0 )