Их Монголын тухай зарим баримт

2025 оны 01 сарын 26

Хоёр метр 36 сантиметр өндөртэй, 100 шахам килограмм жинтэй хосгүй хүчит, домог түүх болсон аваргын тухай дурсамж дуртгалууд олон. Тэр бүгдээс сорчлон нэг нутаг усных буюу Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсны дурсамжийг хүргэе.

“Шаравжамц аваргыг Шарлин, Харлин голын савд Их Монгол, Монгол гуай гэхээс нэрээр нь дууддаггүй байв. Бүгд монголчууд атал ийнхүү нэгийг нь онцгойлон “Монгол” хэмээн дуудах нь гайхал бахархал төдийгүй ардын их өргөмжлөл байжээ. Монгол гуайнх Шарлинд зусна. Янхир гэртэй, олон гүүтэй айлаар айрагны багачуудтай даага, шүдлэн сарвайлган олонтаа бууж явсан нэгэн билээ, би. Монгол гуай баруун хоймороо ханхайлан суух нь уул ургаж, үүл унасан мэт сүртэйсэн. Эрүү нь эмээлийн бүүрэг мэт агаад өргөн налуу магнайд хөмөглөх өтгөн хөмсгөн дор үл мэдэг гурвалжин нүд очтонгуут харц дальдарч, хавирганы бураа шархирах шиг болдогсон" хэмээн дурссан нь бий.

Монгол аваргынх арван хүүхэдтэй байжээ. Үр хойч удмаас нь бөх төрсөн эсэхийг мөшгин хөөвөл бас байна аа. Ямар ч байсан дунд хүү Дашцэрэн, Цэнджав нар нь яахын аргагүй бөх байж. Гэвч бөхийнх нь зам мөр тийм ч урт байгаагүй байна. Аваргынхыг нэгэн нэртэй зурхайч үзээд “Танайхны удмаас бөх төрөхөд барцадтай байна. Бөхийн удамд чинь арилшгүй муу зүйл шингэжээ” гэсэн дэл сул үг бий. Үүнийг нь үнэндээ цаг хугацаа батлаад байгаа гэхэд болно. Учир нь дээрх, сайн бөх болох хоёр хүү нь залуугаараа эндсэн байдаг. Дашцэрэн Халхын голын дайнд явж байхдаа хортой ус уугаад өнгөрсөн бол, Цэнджав нь хошуу нутгийнхаа наадамд ам гарч түрүүлээд дараа нь ор сураггүй алга болсон гэдэг. Харин бага охин Жаргал нь есөн хүүхэд төрүүлснээс хамгийн отгон нь болох Дэмбэрэлсамбуу улсын начин цолтой бөх байв. Тэрээр их спортоор хичээллэж, 1980-аад онд чөлөөтийн шигшээ багийн тамирчин болж, тив, дэлхий, олон улсын тэмцээнээс олон медаль хүртэж байсныг мэдэх нэг нь мэднэ. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул.р Монгол Улсын начин, спортын мастер, олон улсын шүүгч Баасангийн Онх Монгол, аваргын удам судрыг сайтар судалсан нэгэн. Тэрээр Шаравжамц аваргын зээ хүү Дэмбэрэлсамбуугийн тухай ийм нэгэн хуучийг дэлгэсэн юм. “Дэмбэрэлсамбуу бид хоёр үй зайгүй нөхөд байлаа. 1980 онд Дэмбээгийн маань ээжийн бие муудаж, отгон хүү нь асрахаар очсон юм. Гэвч хүүгээ ирэхийг мэдэрсэн эхийн сэтгэл амар амгаланг олов бололтой, нэг их удалгүй өнгөрсөн. Ингээд, миний бие найзынхаа ээжийг буюу Их Монгол аваргын отгон охинг нутаглуулах ажилд гар, бие оролцсон. Жаргал гуайн цогцсыг хоёр метр, хорин сантимер хайрцганд хийхээр бэлтгэсэн боловч хайрцаг эмнэлгийн хаалгаар багтаагүй тул гудас, ширдэг дээр тавьж гаргаж ирээд хайрцганд хийхэд хөл дор нь арван сантиметр зай үлдэж билээ. Их Монголынхон үнэхээр том хүмүүс байсан юм шүү” гэв.

Б.Онх начин найзынхаа ээжийг нутаглуулахад бие нь муу, эмнэлгийн хяналгад байсан ч өвлийн тасхийм хүйтэнд газар авахад нь л хамт явсан аж. Тэгэхдээ Дэмбэрэлсамбуугийн том ах Товуудоржийн азарган дээлийг өөрийнхөө үстэй дээлний гадуур өмсөж, хоёр гараа дээш өргөн хөөргөж байгаад хүнээр бүслүүлэхэд хормой нь газар шүргэж байсан гэдэг. Б.Онх улсын цолонд дөнгөж хүрээд байсны дараа жил гэж бодохоор Жаргалын том хүү, Монгол аваргын зээ хүү Товуудорж хэрхэн өндөр хүн байсан нь илт мэдрэгдэж байгаа юм.

Ижийгээ нутаглуулсан тэр жил Дэмбэрэлсамбуу Калбуугийн Чойжилсүрэн арслангаар тав давж улсын начин цол хүртсэн байдаг. Гэвч тэр жилийн намар Налайхын замд согтуу жолоочийн  балгаар машины аваарт өртөж нас баржээ. “Их Монгол аваргын зээ хүү их юм дуулгана даа” хэмээн хүлээж суусан олныг харуусалд нөмрүүлж орхих нь тэр ээ. “Бөхийн удамд нь барцад байна даа” гэх үг ортой гэдгийг нэгэн илэрхийлэл нь тухайн эмгэнэлт явдал байлаа.

Бөхийн түүхэн ном товхимолд Шаравжамц аваргыг Галсанравжаа хэмээн тэмдэглэсэн нь бий. Юуны учир тийм нэрээр дуудуулах болсныг бөх судлаачид ийн тайлбарласан байна. Нутаг хошууны нэгэн наадамд Шаравжамц барилдах хүсэлтэй иртэл хоёрын даваа эхлэх гэж байсан гэнэ. Тэгтэл Галсанравжаа гэх хүн түүнд өөрийнхөө өмнөөс гарч барилдахыг зөвшөөрч, “Би юу шалихав дээ сайндаа л гурав давна. Харин миний дүү сайн барилдана шүү” гэж захижээ. Түүнээс хойш Их Монгол аварга зарим нэгэн даншигт Галсанравжаа нэрээр барилдаж байсан ажээ.

Монгол аваргын хүч тэнхээ болоод их иддэг байсан тухай амнаас ам дамжин хэлцэгдсэн түүх домог болсон яриа олон байдаг. Тэр бүгдээс түүвэрлэн өгүүлэхүй. Нэгэн удаа Шарав хэмээх айлд зочлохуйд “Халхын алдарт аварга манайхаар ирлээ” хэмээн бэлгэшээгээд бүдүүн эр хонь гаргаж хоёр гуяыг нь, бүтэн өвчүү, цоройных нь хамт чанаж өгөхөд бүгдийг идчихсэн гэх. Мөн Хангай хайрханы наадамд очиход угтан авч , зуун тавин бууз, хоёр шил архины хамт өгөхөд “Монголын ёсоор гурвыг үлдээе” гээд бусдыг нь идэж архиар нь даруулга хийжээ.

Тэрээр Түшээт ханы ах дүү хоёр аварга болох Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа, эцэж туйлдсан морио үүрээд Гандангийн дэнжид ирж байсан Цэцэн хааны их аварга Хорлоогийн Буянтогтох (улсын харцага Ц.Магалжавын дээд өвөг), Дорнодын Хөлөн буйрын хүчит арслан Балсантүндэв нартай хүч үзэж явсан билээ. Энэ тухайгаа Улсын Бага хурлын дарга Бумцэндэнд ярьсан нь улсын архивт хадгалагдан үлдсэн байна. Хасын Шаравжамц аваргын түүхэн замналыг харуулсан музей төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд суманд нь бий.

Их аваргын охин Ичинхорлоо саяхан болтол Хархоринд амьдарч байсан. Тэрээр сэрүүн тунгалаг ахуйдаа “Маршал Чойбалсангийн өгсөн хонины ууцыг өвөртөлж явсан аавын маань тостой дээл надад хадгалагдаж байгаа" гэж мэдэгдсэн байдаг. Тэрхүү дээл аваргын музейд тавигдсан эсэхийг мэдэхгүй юм. Бодоход тавигдсан байлгүй.

Их Монгол аварга 79 настайдаа 1955 онд өөд болж,  Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Уу хөтөл" гэдэг газар нутаглуулсан байна. Тэр хавиар явсан хүмүүс түүхт аваргаа хүндэтгэн, баруун дөрөөгөө мулталж өнгөрдөг аж. Монгол бөхийн туүхэнд ховор заяах, ард түмнийхээ дунд Их Монгол хэмээн хайрлагдан хүндлэгдсэн, домогт их аваргын тухай өгүүлэхэд ийм буюу.

Н.Даваадаш

/Монгол Улсын Соёлын гавьяат Зүтгэлтэн/

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Y(71.224.205.73) 2025 оны 01 сарын 26

Anagaakhiin ikh surguulid yas ni bdaggui biluu ain oyutan bhad kharj bsiim daa ene khuniikh l gej bsan

0  |  0
Зочин(203.91.115.46) 2025 оны 01 сарын 26

Пүрэвдорж гуай өөрөө ч учрыг сайн ойлгоогүй шиг байна. Их Монгол гэж уулын өвөрт төрсөн хүн байж л дээ. Зарим бөхчүүдийг хооронд нь ялгахын тулд нутаг усаар нь цоллох явдал байсан. Тэгэхээр Их Монголын Шаравжамц эсвэл Галсанравжаа гэж дуудаж цоллоод байхаар ийм хочтой болсон байх. Далай вангийн хумбан хар, Түшээт ханы Намхай, Сэцэн ханы Буянтоо, Луу гүний Вандан гэдэг шиг. Хожим Хангай хайрханы Гарамбазар, Маргазын Гарамдагва гэх мэтээр цоллож байсан.

1  |  0
Зочин(203.91.115.46) 2025 оны 01 сарын 26

Ууц өвөртлөнө гэхээр нэг л хачин. Маршал юу гэж төлөгний ууц тавихав дээ. Будантай, манантай, цөвүүн цагийн нэгэн зулын гэрэл байж дээ, хөөрхий.

0  |  0
Top