Испанийн Цомын тэмцээний хагас шигшээ тоглолт өчигдөр шөнө явагдлаа. Хагас шигшээд Испанийн 2 том баг учраа таарснаар хөлбөмбөгийн хорхойтнууд нэмэлт “Эль Класико” үзэх боломжтой болсон юм.
Эхний тоглолт Барселонад явагдахад багууд 1:1 харьцаатай тэнцсэн. Тиймээс хариу тоглолтод нутгийн эзэн “Реал” давуу гэгдэж байлаа. Тэд ч талбайн эзний ёсоор давгүй тоглосон. Гэхдээ Месси ба түүний нөхдийг бараагүй. “Реал” бөмбөг эзэмшилтээр каталончуудаас бараг дутсангүй, цохилт, хаалга оносон оновчтой цохилтоор илүү байсан. Эхний үед хаалганд бараг ойртоогүй “Барса” 50 дахь минутад гоол оруулсан. Ингээд Эзэн хааны багийнхан сандарч тэвдэн, алдаа гаргаж эхэлснээр талбай дээрээ бут ниргүүллээ.
“Реал” Мадрид – “Барселона” 0:3 (0:0, 0:3)
“Сантьяго Бернабеу”
Гоол: 0:1 – 50 Суарес, 0:2 – 69, автогол Варан, 0:3 – 73, пенальти Суарес.
“Реал” Мадрид – Навас, Варан, Регилон, Карвахаль, Рамос, Модрич, Каземиро (Вальверде, 75), Васкес (Бэйл, 68), Кроос, Винисиус Жуниор (Асенсио, 81), Бензема.
“Барселона” – Тер Штеген, Лангле, Пике, Альба, Серхи Роберто, Ракитич, Бускетс (Артур, 86), Дембеле (Коутиньо, 75), Нелсон Семеду, Месси, Суарес (Видаль, 78).
Шар хуудас: Васкес (58), Бускетс (65), Каземиро (72), Нелсон Семеду (81).
“Реал”-д гялалзсан ганц од нь Винисиус Жуниор. Тэр өөртөө тун итгэлтэй тоглож, Семедуг хуурах гэж 7 удаа оролдсоны 5 нь амжилттай болсноос гадна хаалга руу 6 удаа цохиж амжсан нь “Барса”-гийн бүх цохилтоос олон байлаа. Гарет Бейлийг сэлгээнд нэг мөсөн суулгасан энэ залуу цаашид их юм дуулгах нь дамжиггүй.
“Реал” Мессиг хааж чадсан ч энэ өдөр Усман Дембелегийн өдөр байлаа. Усман бүх гоолонд оролцож, маш идэвхтэй тоглосон. Ийнхүү “Эль Класико”-д хоёр багийн ялалтын тоо тэнцэж байна. Хэн хэн нь 95 (51 тэнцсэн) ялалттай боллоо. Энэ Бямба гарагт тэд УАШТ-ий талбай дээр дахиад уулзах болно.
Испанийн Цомын тэмцээний финалд “Барселона” баг “Валенси” – “Бетис” багуудын ялсантай тоглоно.
Сэтгэгдэл ( 0 )