Чи миний ТЭНГЭРЭЭС БУУСАН ОД юм шүү ...

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 03

Саяхан л “Хонхны дуутай яруухан тэр л хаврын

Дурлал шиг гэгээн өдрүүд баяртай” гэж дуулж гүйсэн танхил нас минь алсын алсад үлджээ. Сэтгэлдээ бол нэг захиа биччихсэн түүний араас сэмхэн гишгиж харуулдаж явсан. Угаасаа эхлээгүй хайр дурлалд төгсгөл байх биш.

Чамд тэмүүлэх миний сэтгэл шиг

Мартаж чадамгүй 6 сар минь баяртай ...

“Хувьсал” продакшнтай ингэж учирчээ. Мэдээж өмнө нь өч төчнөөн уран бүтээл хийчихсэн байсан. Шинэ киноны урилга хүлээж аваад хийсэн бүтээлүүдийнх нь жагсаалтыг харахтай зэрэгцэн өнгөрсөн амьдрал нүдний өмнүүр жирэлзэн урссан хэрэг. “Би эр хүнд хайртай” жүжгийн дууг нь охидоороо нийлж дуулж суулаа. Одоо дэргэд хэн нь ч алга, дуу нь байна. Найз гэж юу юм бэ, үнэ цэнэ хаана байна? Амьдрал шүүлтүүртэй, тэрэн дээр торж тогтох өөрөө их ухаан. 20 жил болсон продакшны бүтээл бүртэй цуг амьдарч, дэнсэлж догдолж, уярч мэлмэрч, уйлж дуулж явсан байна. Бүх үзэгчдэд ийм сэтгэл байдаг байх. Тиймээс ч “Хувьсал”-д мэхийн хүндэлдэг. Амьдрал аа гэж ...

ТАШУУР

Маш сонин. Нэрнээсээ, дуунаасаа, трейллерээсээ. Нэг үе маш том дуулианы эзэн болж байсан МУГЖ Г.Ариунбаатар, Д.Отгонжаргал нар тэр явдлаас хойш 5 жилийн дараа хамтран дуулав. Өмнө нь дуулж байгаагүй. Анхных. “Хувьсал”-ын шинэ бүтээлдээ өгсөн ташуур юмаа даа. Тэд үнэхээр хувьсаж хоршиж энэ бүхний эцэст хоолой нийлүүллээ. “Хоёулаа байхын жаргал ямар сайхан юм бэ ...” Их сайхан дуу сонсохоор өөрийн эрхгүй би энэ дууг дуулбал чадах болов уу гэсэн бодол орж ирдэг. Дагаж аялана, өглөөд нэг сонсчихно. Амьхандаа бэлдээд байгаа хэрэг. Караокед нэг авна аа л гэцэн байгаа.

Хүсэн хүлээсэн кино эхэллээ. “Зайсан хилл”-ийн кино театрт анх удаагаа кино үзэж байгаа нь энэ. Орчин сайхан, байрлал төгс. Дараа дараагийн нээлт төлөвлөж байгаа хүмүүст сануулахад эднийх 500 суудалтай, урилга цөөн тараагдана гэсэн үг. “Хувьсал”-ын фэнүүд хамгийн ойрын хүмүүс хэд билээ, урилгагүй үлдэж болзошгүйг анхааруулж кино багийнхан пост оруулж харагдсан. Бас нэг ташуур. Ховор юм чамин. “Тэнгэрээс буусан од” туйлын чамин газардлаа. Монголд анх удаа “ярьдаг урилга” олны хүртээл болов. МУГЖ У.Уранчимэг нээлтийнхээ өмнөх үдэш анх удаа live хийв. Гоё оо гоё. Сэтгэл догдлоод ихэд дэврүүнээр нээлтийн ёслол дээр гэгэлзэн очлоо. Кино зохиолч Г.Бямбасүрэн цас цагаан даашинзтай тайзан дээр дуулах. Турьхан гоолиг энэ охин “Хайр” жүжгийн дууг амилуулсан нь сэтгэлд тод дурайна. Ер нь тооноос илүү чанар чухал юмаа, манайхаан. Урлаг хэмээх хөлгүй их далайд гишгэсэн бол олон түмний сэтгэлд нэг ч гэсэн зүйлээр тодхон үлдэх хэрэгтэй. За ингээд кино эхэллээ.

ХАЙР ЗОВЛОН УУ ЖАРГАЛ УУ?

Гариг /О.Мөнхдалай/ чинээлэг, хүчирхэг, аархуу баян залуугийн дүрээр мэндчилж байна. Од /О.Дөлгөөн/ түүний гэргий. Бизнесмэний ажил дандаа ширээний ард өрнөдөггүй. Энэ удаад аян зам дахь шоу цэнгээн ажлын уулзалт болж байлаа. Ээ бурхан минь Гаригийг харахаар л хөөрхий муу Одын өмнөөс чичрээд байв. Их давилуун дээр нь биерхүү хартай нөхөр чинжүү шүү бас л. Гариг хэр хүчирхэг хүн болох нь хамт яваа гэр бүлийн найзууд нь эхнэрээ хээр орхиход юу ч хэлж чадахгүй эмээж байгаагаас илэрхий харагдана.

Эзгүй хээр нэвт гэрэлтсэн даашинз, өндөр өсгийт, улаан ноолууран нөмрөгтэй чичрэн зогсох Од. Гоё зураглал, бороо орсноор бүсгүйн гоо үзэсгэлэн улам илүү дур булаам харагдана. Гэм нь хотын бүсгүйн ааш гэж сэлэм, үг гэж хортой сум. Тийм ч амархан амьтны идэш болох хүн биш. Хөдөөниий залуусыг болгож тавина. Ингэж бэдэрч явсаар нэгэн байшинд хоргодохоор орохдоо Стив багштай таарна. Киноны гадаад жүжигчин монголоор ямар сайн ярьдаг юм бэ.

Тэр буйдхан хөдөөд амьдрал өрнөж байсан юм, уг нь. Стив багш хүүхдүүдэд хичээл зааж, монгол ёс заншлаар амьдарч, нутгийн зон олны хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн. Яг Увс нуурын эрэг дээр гэр, номын байшин барьж төвхнөсөн тэр орчин үгээр хэлэмгүй гайхалтай. Хүн гэдэг амьтан яг үнэндээ хорвоо ертөнцийн нэг цэг л төдий. Чамаас үзэсгэлэнтэй зүйлс ертөнцөд үй түм, чи хамгийн гайхалтай нь огтхон ч биш. Чи бас энэ хорвоогийн ухаалаг хүмүүсийн эхнийх нь ч биш төгсгөлийнх нь ч биш. Урт гэгч нь санаа алдмаар сэтгэл догдлуулсан хэсэг.

Стивийг олон жил нууцхан хайрласан ганц бие уран зохиолын багш Янжинлхам /У.Уранчимэг/ халуухан бүсгүй Од нарын зөрчил. Хайр бүх хүнд адил тэгш ирдэг. Харин өөрийн болгосон нь хэд байдаг бол? Яг ямар хүн хайр дурлалын тулаанд ялалт байгуулдаг юм бэ?

ЭРЧҮҮДИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ

Хатуухан хэлэхэд зарим эрчүүд эмэгтэй хүнийг зөвхөн “нүх” гэж хардаг. Зарим нь сонгодог утгаараа сэтгэлийг нь эзэмдсэн байхад бие нь хаа холдох вэ гэж бүсгүй хүнийг хэтэрхий хүндэлдгээсээ болж өөр нэгэнд алдана. Хэт зөөлөн эр хүн хайртай бүсгүйгээ өөрийн болгох нь ховор. Гурав дахь төрлийн эрчүүд бол жинхэнэ хүчирхэг, хайртай бүсгүйдээ бүх талаар эзэн байгсад. Даанч хайр нь хэтрэхээр зовлон шаналал, эцэс төгсгөлгүй хардалт болж бүсгүйгээ тамд унагадаг болохоос. Уг нь бол сайхан бүсгүй авч суусан юм чинь өнгөтний дээдийг эдлүүлж амттаны дээдийг идүүлэх хүсэл төрөх нь зөв. Явцдаа тэр хүнээ амьгүй барби шиг санаж эхэлбэл буруу. Ийм 3 төрлийн эрчүүд кинонд гарч байлаа.

Монгол ахуй, хүн хүнээрээ үлдсэн халуун дулаан орчин. Тэр хөдөө нутагт чамирхал тансаглал хийрхэл юу ч үгүй учраас Од хот руу буцсан ч эргэн хоргодож ирсэн юм. Шуудай дүүрэн алтаар ч солимгүй сэтгэлийн их амар амгалан, аз жаргалыг энд мэдэрч болж байна. Бид яагаад хэтэрхий хэлбэр хөөх болсон юм бол? Өөртөө тав тухгүй байсан ч бусдад тааруулж тавтай байгаа юм шиг нүүрэндээ мишээл тодруулж зогсох шаардлагатай гэж үү? Зүгээр л амьдралын хөрсөн дээр бууж тайван амьдармаар юм шигээ. Ихэнх хүмүүсийн олж хараагүй аз жаргалыг Стив олж харж шөнөдөө монголын тэнгэрийн оддыг дураараа харж цэнгэн нуурын шуугианыг анирдан хаан мэт л жаргаж байгальд уусан амьдрах аж. Олон жилийн амьдрал, хайр дурлалаа мэдээж ууланд нэг хоноод сольчихдог хүн гэж хаа байх вэ. Од яг үнэндээ зүгээр л амрах газар хайж байгаа хүн. Хотын нүргээн тансаглал чамирхлаас тэр залхсан. Ганцхан Од биш бүх хүнд бүх зүйлийг орхин хаашаа ч юм явмаар, юу ч бодох санах юмгүй тайван амьдармаар мэдрэмж ойрхон байдаг.

РОМАНТИК

Таны амьдралын хамгийн романтик мөч хэзээ байсан бэ? Би ч гэсэн бодож сууна. Гэхдээ энд бичих үү болих уу, нууц хэвээрээ нандин юм болов уу? Ямар ч байсан хайрттайгаа бороонд норж хөтлөлцөж гүйгээгүй хүн байдаггүй. Гэхдээ тэр бол амьдралын романс. Кино бүр илүү романтик байх нь зүйн хэрэг. Стив Одыг нэг үдэш болзоонд урьдаг юм байна. Би бодож байна, өөрийн гараар хоол хийж өгөөд нэг тийм юм болох байх гэчихсэн. Юу вэ? Цагаан өвгөн гэрэлт сүйх тэрэгтэй ирж аваад гэрэлт модон дээр аваачсан. Дугуйлангийн бяцхан хүүхдүүд нөгөө Ариунбаатар Отгонжаргалын дуулсан дууг ямар эвлэгхэн ямар хөөрхөн дуулав аа. Үнэхээр нулимсаа барьж дийлсэнгүй. Ямар гайхалтай юм бэ? Амьдралдаа ганц удаа ч гэсэн ийм болзоонд явж үзэх юмсан. Нөгөө сэтгэл их шингээсэн үнэ мөнгө бага зарсан зүйл гэдэг нь л энэ байх. Монголын киноны түүхэнд ийм романтик хэсэг байхгүй дээ. Сэтгэл хөөрөөд догдлоод бүр ...

“ХУВЬСАЛ” ХУВЬСАЖ БАЙНА ...

Үнэхээр гайхалтай. Өөр хэлэх үг алга. 20 жилийн түүхтэй продакшн шүү дээ. Хамгийн гол нь хайрын мөн чанар, амьдралын утга учрыг гүн гүнзгий нэвт шувт мэдэрч уран бүтээл хийх юмаа. Ромео Жульетта сонгодог бүтээл. Хэн ч маргахгүй. Монголын сонгодог “Учиртай 3 толгой”-гоор төгсөх учиргүй. Монгол ахуй, орчин үе, хөгжил дэвшил, цаг үеийн онцлогийг харуулсан сонгодог бүтээл байх ёстой. Тэр нь байна, “Тэнгэрээс буусан од”. Урлаг нийгмийг түүчээлж хүмүүжүүлж, стандарт тогтоодог. Бидний хайр дурлалын ертөнцийн стандарт хэд хэдэн шат ахилаа. Ингэж л хайрлах ёстой юм шүү дээ. Алдаа байвал зас, хайртай хүнээ ойлго, дотроосоо мэдэр. Хамгийн гол нь энэ богинохон амьдралд хэн хэн нь жаргалтай байх нь чухал. Үхэлтэй нүүр тулах тэрхэн мөчид хэр ихийг эдэлж хэрэглэж өмсөж зүүсэн, дансандаа хэдэн төгрөг хураасан талаар биш хэр их хайрлагдаж бас өөрөө хэр их хайрласан билээ гэж бодох болно. Үнэхээр хайртай түүнтэйгээ хамт байвал аз завшаан. Тэр минь байхгүй замын дундаас хагацсан бол хэчнээн гунигтай төгсгөл вэ.

Баярлалаа, “Хувьсал” продакшн. Олон олон залуусыг жүжигчний зам жимээр хөтөлж, олон олон бүтээлээр үзэгчдийг цэнгүүлж байгаад баярлалаа. “Хувьсал” ямар ч хүнийг оргилд нь тултал хөгжүүлж чаддаг юм байна, харлаа үзлээ. Танай продакшнаас нэг ч сул уран бүтээл, сулхан жүжигчин төрөн гарч байсангүй. Үе үеийн “Хувьсал”-ын залуусын алга ташилт, хүндлэл дор энэхүү бүтээл төрлөө. Энэ бол энх тайван оршихуйн илэрхийлэл. Монголын урлагт энх тайванг тунхагласан та бүхэн агуу. МУГЖ У.Уранчимэг монголын урлагийн тулгуур багана болж энэ бүх ачааг үүрч явна. Таны билэг оюунд мэхийе. Та залуу жүжигчдийн хувьд домог, загалмайлсан эх. Олон залуусыг сурган жүжигчин болгохоор бэлтгэж байгаа таны номын мөр дардан байг.

“ХУВЬСАЛ” ӨӨРӨӨ БИДНИЙ ЭГЭЛ АМЬДРАЛД ТЭНГЭРЭЭС БУУЖ ИРСЭН ОД, ЧИГИЙГ ЗААГЧ ЮМ. ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

Хайрлагдах хайрлах эрх чөлөө минь ...  Хүн ямар ч үед, ямар ч нөхцөл байдалд нандин мэдрэмжээ алдаж болохгүй. Зүрхээ хэдэн ч насанд гал халуун хэвээр байхыг зөвшөөр. Зүгээр дураар нь орхи. Хамгийн гол нь үнэн амьдар. Тэгж байж та тэнгэрээс хөрсөн дээр бууж аз жаргалтай амьдрах болно.

Б.Ундрал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top