Брюс Уиллисийн эхнэр: Хааяа хормын төдий инээхдээ л хуучных шигээ харагддаг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 27

70 гаруй кинонд тоглосон, холливудын жүжигчин Брюс Уиллис сүүлийн гурван жилийн хугацаанд ой санамж, сэтгэн бодох болон хэл ярианы чадвар муудах дементиа өвчин тусаж, хүнд байдалд ороод байгаа.

 

 

Эхнэр Эмма Хэминг Уиллис нь энэ намар гэр бүлдээ тулгарсан хэцүү асуудлын талаар өгүүлсэн ном гаргахаар бэлдээд байгаа гэнэ. Халамжтай, ам хуурайгүй нөхөр нь нэг л мэдэхэд дуугаа хурааж, хөндий хүйтэн харилцаж эхэлсний зэрэгцээ ой санамж нь муудаж, хэл ярианы чадвараа алдсан талаар ярихдаа нулимсаа барьж тэвчсэнгүй.

 

 

70 настай Брюс Уиллисийн эхнэр Эмма Хэминг одоо 49 настай. Нэрт жүжигчнээс 11 болон 13 настай хоёр охинтой. Нөхрөө өвчтэй болсныг анх яаж мэдснээ ярихдаа “Их яриа, идэвхтэй хүн гэнэт л дуугаа хураах болсон. Гэр бүлээрээ цуглаад баярлаад хөгжилдөж байхад ганцаараа байж байх жишээтэй. Их халамжтай, халуун дулаан хүн гэнэт хүйтэн хөндий болчихсонд би айж, түгшиж эхэлсэн” гэжээ. Тэд хамтдаа явж, эмнэлэгт үзүүлэхэд дементиа өвчин туссан нь тогтоогджээ.

 

 

“Өвчний оношийн тухай сонсоод би үг ч дуугарч чадаагүй. Тийм өвчин байдгийг ч мэддэггүй байлаа. Цочирдож, шооконд орсон. Онош сонссоны дараа нэг хэсэгт чихээ дүлийрч, өөр юу ч сонсох чадваргүй болсон. Яг л нам цохиулсан юм шиг болсон” гэж Хэминг өгүүлжээ.

 

 

“Биеийн эрүүл мэнд нь бол дажгүй. Ганцхан тархи нь л ажиллахаа больчихоод байгаа юм. Тархиа дагаад хэл ярианы чадвараа алдсан. Гэвч бид энэ байдалд дасан зохицож амьдарч эхэлсэн” хэмээн нулимс унаган ярьсан байна. Нөхөр нь хааяа ч гэсэн хуучных шигээ байдаг өдөр бий эсэх талаар сэтгүүлч асуухад “Өдөр гэж бол байхгүй. Харин хэдхэн хором төдий бол байна. Инээх ч юм уу.

 

 

Их сайхан инээмсэглэдэг хүн шүү дээ. Инээхэд нүд нь гэрэлтэж байгааг хараад би нисэх шиг болдог. Гэвч хормын төдий инээсэн шигээ мөн тэр дороо инээд нь арилчихдаг. Тэгэхэд их хэцүү санагддаг. Гэхдээ нөхөр минь дэргэд байгаад би талархаж явдаг” хэмээн өгүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top