Америкийн богино өгүүллэгийн мастер Эдгар Аллан Погийн алдарт “Улаан үхлийн баг” богино өгүүллэгээр сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино хийхээр болжээ. Уг киног "A24" кино компани хийж буй бөгөөд Оскарын шагналт жүжигчин Майки Мэдисон, Францын жүжигчин Леа Сейду нар тоглож байгаа юм байна. Киног найруулагч Чарли Полинжер найруулж байгаа аж.
Кино зураг авалт ирэх хоёрдугаар сард Унгар улсад эхлэхээр төлөвлөжээ. Киноны үйл явдал эх зохиолоосоо зөрөхгүй ч, дарк комеди хэв маягаар, ихээхэн өрнөлтэй байна гэж “Холливуд Репортер”-т мэдээлсэн байна.
Нэрт зохиолч Эдгар Аллан По “Улаан үхлийн баг” богино өгүүллэгээ 1842 онд хэвлэж байлаа. Энэхүү өгүүллэг нь үхлээс хэн ч зугтаж боломжгүй гэдгийг гайхалтай уран тансагаар өгүүлснээрээ алдартай. Зохиолын гол үйл явдал нь “Улаан үхэл” гэх тахал улс даяар тархаж, олон хүний амийг авч одохтой зэрэгцээд Просперо гүн өөрийн цайзад хоргодон, тансаг үдэшлэг зохион байгуулна. Цайз нь долоон өөр өнгөтэй өрөөтэй бөгөөд хамгийн сүүлийн хар өрөөнд хар цаг байх агаад цаг тутамд аймшигтай дуу чимээ гаргадаг. Үдэшлэг дундаа орж байхад “Улаан үхэл” өөрөө улаан хувцастай орж ирнэ. Просперо гүн түүнийг хөөх гэж оролдох боловч өөрөө тахлаар амь алдаж буй тухай өгүүлдэг.
Холливуд энэ зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт киног 1964 онд дэлгэцэд гаргаж байлаа. Рожер Корманы найруулсан уг кино тухайн үедээ чамгүй магтаал хүртэж байжээ. Уг киног 2019 онд Академийн архивт албан ёсоор авсан юм.

Сэтгэгдэл ( 0 )