Энэтхэгийн продюсер П.Л.Теннапан “Шимэгч” киног зохиогчийн эрх зөрчин, үндсэн санааг нь зөрчсөн гэж үзэн зарга үүсгэнэ гэж мэдэгджээ.
Түүний үзэж байгаагаар 1999 онд дэлгэцэд гаргасан “Минсара Кана” нэрт киноноос үндсэн санаа, үйл явдал, зарим диалог зэргийг хулгайлсан аж.
“Би “Шимэгч”-ийг үзсэн. Манай кинотой үнэхээр адилхан байсан. Миний найруулсан кинонд баян айлд бие хамгаалагчаар ороод хэрхэн амьдралаа дээшлүүлж байгаа тухай гардаг юм. Би “Шимэгч” киноны багийг шүүхэд өгөхөөр олон улсын хуульчидтай уулзсан. Удахгүй шүүхэд өгнө” гэж кино продюсер П.Л.Теннапан ярьжээ.
“Минсара Кана” киноны найруулагч К.С.Равикумар “Шимэгч” кино түүний найруулсан кинотой зарим талаараа ижил төстэй боловч шүүхэд зарга үүсгэх хэмжээнийх биш гэж үзэж байгаа аж. Учир нь үндсэн санаа төстэй боловч хэлбэр хийц, үйл явдлын өрнөл өөр учраас тэр гэнэ.
Өмнөд Солонгос төдийгүй Ази тивийн кино урлагт шинэ түүх нээсэн “Шимэгч” кино 92 дахь удаагийн Академийн наадмаас шилдэг найруулагч, шилдэг кино зохиол, шилдэг кино, гадаад хэл дээрх шилдэг кино гэсэн дөрвөн төрөлд ялалт байгуулсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )