Монголын Үндэсний кино хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр “Монголын кино урлаг-2020” чуулга уузалтыг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү чуулга уулзалт нь "Цар тахлын өмнө ба дараах Монголын кино урлаг" сэдвийн хүрээнд явагдах аж. Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Соёлын яам, БНУУ-ын Элчин сайдын яам, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Радио телевизийн үндэсний сүлжээ, “Очир фильмс”, “Махаан Пикчерс” зэрэг байгууллагуудтай хамтран явуулна.
Монголын Үндэсний кино хороо нь Монголын кино урлагийн салбарын эрхзүйн орчныг шинэчлэх, Монголын кино уран бүтээлчдэд үзүүлэх эдийн засгийн болон бусад дэмжлэгүүдийг олон улсын жишигт хүргэх, кино урлагаар дамжуулан Монголын өв соёл, ёс заншил, түүхийг дэлхийд үнэн зөвөөр сурталчлах, кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг тодорхой зорилго бүхий байгууллага юм.
Чуулга уулзалтын талаар мэдээлэл өгсөн Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын кино урлагийн одоогийн нөхцөл байдлын тухайд Монгол Үндэсний кино хорооны төлөөлөгчдийн байр суурийг сонирхлоо.
Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн: Продюссерийн ажил дээр үндэслэж кино уран бүтээл чанартай явагддаг
-Монголын кино урлаг ямар байдалтай байгааг бид бүгд мэдэж байгаа. "Кино үйлдвэр" тарж, алга болсноос хойш бие даасан олон продакшн гарч ирсэн. Тэд чадлынхаа хэрээр л зүтгэж байгаа. Тухайлбал, Олон улсын кино наадам, гадаад кино төслүүдэд оролцож байна. Энэ нь сайшаалтай. Миний бие "Улаанбаатар" кино наадамд ирүүлсэн уран бүтээлчдийн бүтээлийг шүүж байхдаа сайн уран бүтээлчид олон төрж байгааг олж харсан. Харин миний бодлоор Монголын кино урлагт хамгийн их дутагдаж байгаа зүйл бол мэргэжлийн кино продюссер. Продюссерийн ажил дээр үндэслэж кино уран бүтээл чанартай явагддаг. Кино нь үйлдвэрлэл, уран бүтээл, зах зээл гэсэн гурван зүйлийн нэгдэл болж байж сайн кино болдог. Тиймээс нэгдсэн удирдлага гарч байж, кино урлагт шаардлагатай төрийн бодлого хэрэгжүүлнэ. Олон улсын түвшний кино уран бүтээл нь төрийн бодлогоор дэмжигддэг учраас чанартай болж, олны хүртээлд хүрч чадаж байна. Жишээ нь, Польш, Унгар, БНСУ зэрэг улсууд кино урлагаа нэгдсэн бодлогоор авч явдаг. Иймд Монголын кино урлагт нэгдмэл төрийн бодлого хэрэгтэй.
“Очир фильм” студийн найруулагч О.Батзориг: Кино урлаг байсан цагт улс үндэстэн оюун санааны хувьд тусгаар тогтносон байж чадна
-Кино хэнд хэрэгтэй юм бэ? Та нар үүнийг мэдэх үү? 1990 оноос эхлэн кино урлаг төрд хаягдсан. Үүнээс хойшхи Монголын нийгмийг та утсаа нээгээд харахад л болно. Хүчирхийлэл, гэмт хэрэг гээд нийгмийн аль бараан бүхэн өнөөдрийн кино урлагтай шууд холбоотой. Музей үздэг үзэгч бэлдье гэж бодож байгаа бол кино урлагтаа төр нь анхаарах ёстой. Г.Жигжидсүрэн гуайн үед кино урлагийг төр харгалзаж байсан. Утга уянга, гоо зүй, суртал ухуулга агуулсан киногоор нийгмээ хүмүүжүүлж байсан бол одоо юу ч үгүй хаягдсан. Сайн, муу хэлүүлсээр хувийн киночид кино урлагийг нуруун дээрээ үүрч ирлээ. Орчин үеийн эцэг, эхчүүд хүүхдийн хүмүүжил гэхээс илүүтэйгээр эдийн засгаар хангах, эд зүйлсээр дутаахгүй байх гэдэг талаас нь анхаарч ирсэн. Үүний улмаас хүмүүжил, ёс суртахуун, хүн байхыг үл хайхарсан бүтэн нийгэм гарч ирсэн байна. Нийгмийг хүмүүжүүлж, ёс суртахуунтай болгоход кино урлаг л хэрэгтэй. Үүнийг онцгой анхаарах шаардлага үүссэн. Өнөөдөр Монголд соёлын дархлаа гэж байхгүй болжээ. Z үеийнхэн гэж нэрлэгддэг залуу үеийнхэн нэг үзэлд нэвт идэгдсэн байна. Энэ нь Монголоос зугтах үзэл. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл кино урлаг. Кино урлагаар энэ үеийг хүмүүжүүлж чадаагүйтэй холбоотой.
Бидний хүүхдүүд "Пороро" үзэж өсөж байна. Англиар дуулж, солонгосоор ярьж байна. Нөгөө "Боролдойн цаг", "Унагалдайн мухлаг" хаана байна аа. Бүгд моодноос гарсан. Оюуны эзлэн түрэмгийлэл гэж зүйлд ганц сөрж зогсдог салбар бол ерөөсөө л кино урлаг байдаг. Энэ кино урлаг байсан цагт улс үндэстэн оюун санааны хувьд тусгаар тогтносон байж чадна. Мэдээж бид цэргээр хилээ мануулсан, тусгаар улс шиг дэлхийд харагдаж байгаа ч Монгол гэх сэтгэл иргэдэд зөвөөр сууж чадаж байна уу гэдэг асуудал маш чухал юм шүү.
Сэтгэгдэл ( 2 )
Кинонд төр оролцох шаардлагагүй гэдгийг манай гаднаас шагналыг түүж байгаа кинонууд харуулна. Кино урлагийг хувийнхан дажгүй амжилтанд хүргэсэн. Алтан үеийн гээд социалист нийгмийн үзэл сурталжсан хэдэн киногоор нүүр лүү чичлэхээ боль. Үе үеэрээ л байна. Соц нийгмийн үзэл суртлын кинонууд үүргээ гүйцэтгэчихсэн. Орчин үед хүмүүс өөр зүйл сонирхож байна. Төр кино руу орох юм бол яг л уул уурхай, барилга шиг самарч хаяна. Өөр олигтой юм юу ч болохгүй. Манай Жийгээ гуай одоо тэтгэвэртээ гарсан нь дээр ээ.
svvliin veiin kino ch gjdee.dvvren haraal hvcherhiilel..zahiin naimaachdaas dor yaria haritsaatai.nil zodoon..vzeh ymgvi bolsondo