Кино урлагийн зөвлөл нь энэ оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан. Монголын уран бүтээлчдийг хууль эрх зүйн таатай орчинд бүтээл хийх боломжийг бүрдүүлэх, олон улсын кино наадамд оролцуулахад бодлогын хүрээнд дэмжин хамтрах , соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрхэм зорилготой тэд анхны хэвлэлийн хурлаа өнөөдөр (2022.09.29) "Corporate Convention Centre"-т хийлээ.
Кино урлагийн зөвлөл болоод Ажлын албаны даргаар Ч.Ундрал үйл ажиллагааныхаа тухай танилцуулга хийлээ. Үүний дараа Олон улсын “А” зэрэглэлийн наадамд оролцсон, нэр дэвшсэн, шагнал хүртсэн 5 уран бүтээлийн танилцуулга мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
2022 он гарснаас хойш Монгол кино уран бүтээлүүд олон улсын А зэрэглэлийн кино наадмуудад шалгарч, шагнал хүртэх жим үргэлжилсээр байна.
Тодруулбал, "Номадиа Пикчерс" болон продюсер Т.Номуунзул, Найруулагч Ж.Сэнгэдорж нарын бүтээл болох “Худалдагч Охин” /The Sales Girl/ уран сайхны кино нь “Осакагийн Азийн кино наадам”-аас “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Нью Йоркын азийн кино наадам”-аас “Шилдэг кино” шагналуудын эзэн болоод байна. Үүнээс гадна аравдугаар сарын 5-14-ны өдрүүдэд зохион байгуулагдах 27 дахь удаагийн “Бусаны олон улсын кино наадам”-д “A Window on Asian Cinema” уралдаант хэсэгт шалгаран, өрсөлдөх эрхээ авсан бөгөөд Кино урлагийн зөвлөл дэмжин ажиллахаар бэлтгэл ажил явагдаж байна.
Мөн Кино урлагийн зөвлөлөөс дэмжин ажилласан Франц улсын “Аврора Фильм” компани, Монгол улсын “Гуру Медиа” компанийн продюсер Ц.Ариунаа, найруулагч П.Лхагвадуламын бүтээл “Есдүгээр сарын цас” /Snow in September/ богино хэмжээний кино нь 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулагдсан 79 дэх удаагийн “Венецийн Олон улсын кино наадам”-аас “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг хүртэв.
Мөн Найруулагч Д.Баттөмөрийн “ТРИО” уран сайхны кино нь “Тайландын олон улсын кино наадам”-аас “Шилдэг олон улсын кино”, “Palm Springs International Down Syndrome Film Festival-2022”-оос “Шилдэг зураглаач” шагналуудыг авсан. Мөн 10 дугаар сарын 14-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Варшавын олон улсын кино наадам”-д “Шилдэг найруулагч” төрөлд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд Кино урлагийн зөвлөл дэмжин ажиллах юм.
“17” продакшны продюсер С.Уран, Жүжигчин Б.Амарсайханы найруулагчийн дебют бүтээл болох “Эргэж ирэхгүй намар” /Harvest Moon/ уран сайхны кино нь есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 9-ны өдрүүдэд зохион байгуулагдах 41 дэх удаагийн “Ванкуверын олон улсын кино наадам”-д “Vanguard Award” уралдаант хэсэгт шалгараад байна.
Мөн "Team Hero", "Three Flames Pictures"-ийн хамтын бүтээл, найруулагч Б.Баатарын “Этгээд” уран сайхны кино нь 29 дэх удаагийн “Олдегбургийн олон улсын кино наадам”-аас “Хамгийн өвөрмөц, Зоримог кино” төрөлд өрсөлдөн цомын эзэн боллоо.
Эдгээр бүтээлүүдээс харахад Монгол уран бүтээлчид жилээс жилд түвшин ахиж Олон улсын кино наадмуудад өрсөлдөхүйц кино хийж байгаа ба олон улсын уран бүтээлчидтэй ур чадварын түвшинд ижил түвшинд явж байна хэмээн дүгнэж болохоор байна.
Кино урлагийг дэмжих сангаас олон улсын А зэрэглэлийн наадамд оролцсон, нэр дэвшсэн, шагнал хүртсэн Монгол киноны уран бүтээлчдийг тодорхой мөнгөн шагналаар урамшуулах тухай кино урлагийн зөвлөл хэлэлцэж байгаа аж.
Цаашид "Оксар"-ын кино наадмын “International Feature Film" буюу "Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд Монгол кино явуулах талаар судалгаа хийж, уран бүтээлүүдээ сойх талаар мэдээлэл өглөө. Мөн кино урлагт хайртай уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх төслийн тухай танилцууллаа.
Хэвлэлийн бага хуралд:
Сэтгэгдэл ( 1 )