МАРТ 8 | Түүхийг өөрчилж, дэлхийг донсолгосон 8 эмэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр “Мартын 8” болох ойртож байна. Энэхүү баярт зориулан Zindaa.mn "МАРТ-8" цувралыг эхлүүллээ. Энэ долоо хоногийн турш өдөр бүр эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой мэдээлэл бэлтгэн хүргэх болно. 

Өнөөдөр бид салбар бүрийн анхдагч болж, бүсгүйчүүдэд үлгэр дууриалал болсон эрэлхэг НАЙМАН эмэгтэйг танилцуулж байна. Тэд бол түүхийн хүрдийг өөрчилж, эмэгтэйчүүд нийгмийн ямар ч салбарт амжилт гаргаж чадна гэдгийг батлан харуулсан хүмүүс юм.


 

САУДЫН АРАБЫН АНХНЫ СУПЕР МОДЕЛЬ

Исламын шашны хатуу дэг журамтай Саудын Араб орноос анхны супер модель төрөн гарсан нь дэлхийг шуугиулсан билээ. 17 настай Талида Тамер “Парисын загварын долоо хоног” шоуны тайзан дээр алхсан анхны араб модель болсон төдийгүй “Harper’s Bazaar Arabia” сэтгүүлийн нүүрэн дээр заларч, араб загвар өмсөгчид ч дэлхийн тавцанд өрсөлдөж чадна гэдгийг харуулж чадсан юм. Одоо тэр Италийн Миланд суралцаж байгаа ч Саудын Арабдаа амьдрах хүсэлтэй. “Би анхдагч болох дуртай. Миний өмнө маш олон саад тотгор байгааг мэдэж байна. Шүүмжлэл ч ирнэ. Гэхдээ би араб бүсгүйчүүдэд миний жишээгээр хүссэн зүйлээ айлгүй хийгээрэй гэж хэлмээр байна” гэж энэхүү эрэлхэг охин ярьж байна.

 

“ОСКАР” ХҮРТСЭН АНХНЫ ЭМЭГТЭЙ КИНО ЗОХИОЛЧ

АНУ-ын сэтгүүлч, кино зохиолч Фрэнсис Марион кино урлагийн салбарт эмэгтэй зохиолчдын туурвих, бүтээх замыг нь нээж, тавьж өгсөн хүн. Марион багаасаа л эрчүүдээс дутахгүй ажиллахыг хүсдэг охин байлаа. Тэр 16 настайдаа “The San Francisco Examiner” сонинд сэтгүүлчээр ажиллаж байв. 1914-1915, 1915-1919 онуудад дэлхийн I дайны талбарт ажиллаж, анхны цэргийн сурвалжлагч эмэгтэй болж байлаа. Дайн дараа “Lois Weber Productions” кино студид ажиллаж, 1920-1930 онуудад маш том амжилтад хүрсэн билээ. Кино зохиол бичээд зогсохгүй зарим кинонд өөрөө ч тоглож байв. 1930 онд Марион “The Big House” киногоороо “Оскар” хүртсэн хамгийн анхны эмэгтэй кино зохиолч болсон юм. Хоёр жилийн дараа “The Champ” кино түүнд 2 дахь “Оскар”-ыг нь авчирч өглөө. 1946 оноос Марион киностудиэ орхиж, театрт жүжиг найруулан тавих ажилд үлдсэн амьдралаа зориулсан. 1972 онд “Off With Their Heads: A Serio-Comic Tale of Hollywood” намтар зохилоо гаргаад 1973 онд энэ ертөнцийг орхисон түүхтэй. Түүний уран бүтээлд аймшиг, спорт, инээдэм, вестерн, зөгнөлт гээд кино урлагийн бүх төрлийн кино байлаа.

 

ХОЛЛИВУДЫН АЛДРЫН ГУДАМЖНЫ АНХНЫ ЗОЧИН ЭМЭГТЭЙ

Америкийн нэрт жүжигчин Жоан Вудворд бол Холливудын Алдрын гудамжинд өөрийн нэрийн одтой болсон анхны эмэгтэй. Жоан жүжигчин болохоор заяагдсан хүн байлаа. Төрөхөд нь ээж нь түүнд алдарт жүжигчин Жоан Вудвордын нэрийг өгсөн юм. Ийм нэртэй хүн Холливудыг эзлэхгүй гээд яах билээ. Түүнд “Оскар” (1958), “Эмми” (1978, 1985, 1990) гэсэн кино урлагийн тэргүүлэх шагналууд бий. 1958 онд тэр нэрт жүжигчин Пол Ньюмантэй гэрлэсэн. Дэлхийн бүх бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон энэ эр Жоаныг бүтэн 5 жил эргүүлсний эцэст гэргийгээ болгож чадсан юм. Жоан 3 хүүхэд төрүүлээд кино замналаа орхиж, нөхрийнхөө ар талыг даах болсон. Хамтдаа хагас зуун жил амьдарсан Ньюмен, Вудворд хоёрын хайр дурлалын түүх Холливудын домог болон үлдсэн билээ.

 

ЛА-МАНШИЙН ХООЛОЙГ НИСЧ ТУУЛСАН АНХНЫ ЭМЭГТЭЙ

Гарриет Куимби богинохон буюу 37-хон насласан ч дэлхийн нисэх хүчний түүхэнд маш их нөлөө үзүүлсэн эмэгтэй юм. 1911 онд тэр “U.S. Pilot’s” сертификат авч, АНУ-ын нисгэгчийн эрх авсан анхны эмэгтэй болсон. Харин жилийн дараа Ла-Маншийн хоолойг нисч туулсан анхны эмэгтэй болон түүхэнд нэрээ үлдээжээ. 1912 оны 4-р сарын 16-нд Английн Дувраас Францын Кале хотруу 59 минутын хугацаанд нисэн очсон билээ. Дэлхийн хэмжээний том үйл явдал ч харамсалтай нь урд өдөр нь сүйрсэн “Титаник” хөлгийн улмаас хэвлэлээр бараг гараагүй юм. Энэ түүхэн явдлаас гуравхан сарын дараа Гарриет онгоцны ослоор нас барсан.

 

AНХНЫ ХУУЛЬЧ ДОКТОР ЭМЭГТЭЙ

  Жулиана Морелл бол дээд боловсрол эзэмшиж, докторын зэрэг хамгаалсан анхны эмэгтэй. 1608 онд докторын дипломоо гардан авсан тэрбээр хууль, эрхийн салбарт зэрэгцэх хүнгүй эрдэмтэн байв. Олон тооны гэрлэх санал, ажлаас татгалзсан Жулиана өөрийгөө бурхан шашинд бүрэн зориулсан билээ.

 

ЖОМОЛУНГМАД ГАРСАН АНХНЫ ЭМЭГТЭЙ УУЛЧИН

Японы уулчин Жюнко Табэй Эверестийн ноён оргил Жомолунгмад гарсан анхны эмэгтэй уулчин. 1975 оны тавдугаар сарын 16-нд хийсэн түүний дайралт түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдсэн. 7 хүүхэдтай айлын 5 дахь нь болон төрсөн Табэй багадаа туранхай, сул охин байлаа. Насанд хүрсэн хойноо ч ердөө 152 см өндөр байсан тэрбээр бие махбодиа хатуужуулан хичээллэхийн үлгэр дууриаллыг багаасаа харуулсан юм. 10 наснаасаа уулын спортоор хичээллэж, хамгийн анх 1,916 метрийн Насү оргилд авирч байв. Хөрөнгө мөнгөгүй ядуу айлын хүүхэд тул их мөнгө зардаг энэ спортод амжилт олохгүй гэгдэж байлаа. Эрэгтэй уулчид түүнийг басамжлан доромжилдог байсан тул Табэй 1969 онд “Эмэгтэй уулчдын клуб” байгуулж байв. Эмэгтэй хүн хүүхдээ хараад гэртээ байж байх ёстой гэсэн хуучны үзлийг бут цохисон хүн бол тэр. Жомолунгмад авирах аялалд ивээн тэтгэгч бараг олдохгүй байсан тул Табэй машины суудлын бүрээсээр цүнх, бээлий оёж, галууны өдөөр унтлагын мешок хийж байсан гэдэг. Табэй бол 7 тивийн 7 оргилд гарсан хамгийн анхны эмэгтэй уулчин.

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДСӨН АНХНЫ ЭМЭГТЭЙ

Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгч Виктория Вудхулл 1872 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн анхны эмэгтэй болсон юм. “Тэгш эрхийн нам” хэмээх нам байгуулж, “Ажлын 8 цаг”, “Цаазын ялыг хориглох”, “Боловсролын системийн шинэчлэл”, “Маргаантай асуудлыг шийдэх Олон улсын шүүх байгуулах” зэрэг олон чухал асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаасан байлаа.  

 

ДУУНЫ ХУРДЫГ ДАВСАН АНХНЫ ЭМЭГТЭЙ

Америкийн нисэх хүчний анхдагч, хамгийн авьяаслаг эмэгтэй нисгэгчдийн нэг Жаклин Кокран Канадын армийн “Canadair F-86 Sabre” онгоцоор Rogers Dry Lake нуурын дээгүүр 652,337 миль/цагийн хурдтай нисэж, дууны хурдыг давсан анхны эмэгтэй хүн болсон байна. 1963 онд нь дууны хурдыг 2 удаа даван гарсан анхны эмэгтэй нисгэгч боллоо. Атлантын далайг бөмбөгдөгч онгоцтой туулсан анхны эмэгтэй нисгэгч,  тив хоорондын “Bendix” уралдаанд оролцсон анхны эмэгтэй нисгэгч гээд маш олон рекорд амжилт тогтоосон. 1956 онд Бүгд найрамдах намаас сонгуульд өрсөлдөж байлаа. Олон улсын сансрын алдрын танхимд 1965 онд заларчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top