Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8” болох ойртож байна. Энэ өдөрт зориулан Zindaa.mn "МАРТ-8" цуврал эхлүүлсэн. Энэ долоо хоногийн турш өдөр бүр эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой мэдээлэл бэлтгэн хүргэх болно.
Дэлхийн яруу найргийн оргил болсон эмэгтэйчүүд цөөнгүй бий. Гэвч үеийн үед эмэгтэйчүүдийн эрх ашиг хөндөгдөх, эрх чөлөөг үнэгүйдүүлэх асуудал хурцаар яригдсаар ирсэн. Эмэгтэй хүн эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө зарц, боол мэт үнэлэгддэг байсан үе ч хүн төрөлхтний түүхэнд бий. Гуравдугаар сарын 8-ны өдөр дэлхий даяар эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нийлүүлдэг.
Шүлэг, найраг, үгийн хүчээр өөрсдийн дотоод сэтгэлийн дуу хоолойг илэрхийлсэн илэрхийллийг хүргэж байна!
Сапфо. Нийтийн тооллын өмнөх VII-VI зуун. Хүн төрөлхтөний соёл иргэншил туульч Хомэрыг анхны суут яруу найрагчаа хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Хомэрын дараа үед Герегийн Лесбос аралд төрсөн Сапфо анхны уянгын их найрагч байжээ. Түүнийг суут сэтгэгч Сократ бишрэн шүтдэг байсан тухай Платон анх зарласан бөгөөд Солон, Плутарх, Аристотель гээд олон сэтгэгчид гоц авьяасыг нь бахдан тэмдэглэн үлдээсэн байна. Намтар нь бүрхэг. Юутай ч, Сапфо авааль нөхөртэй, охинтой байсан нь тогтоогдсон бөгөөд нийтийн тооллын өмнөх 580 оны үед улс төрийн шалтгааны улмаас яруу найрагч Алкейн хамтаар Сицили рүү цөлөгдсөн баримт бий. Сапфогийн ихэнх шүлэг бүтнээрээ хадгалагдан үлдээгүй аж. Түүний бүтээлээс монгол хэлээр анх удаа орчуулагдан хэвлэгдэж буй нь энэ болов уу.
ТЭР ХАМГААС ИЛҮҮ
Дэргэдээ суулгаж хүлцсэнээрээ
Тэнгэр бурхан минь болов, тэр.
Дуу хоолойн чинь уянгалаг ярууг
Сэм чагнахад сэтгэл бүлээцэж;
Дур булаам инээмсэглэл чинь
Зүрхний цохилтыг түргэсгэх юм.
Хэрэв чамтай гэнэтэд тулгарвал,
Хэл гацаад, дуугарч ч чадахгүй юм.
Арьсан доогуур нимгэхэн дөл гүйж;
Алаг нүд харанхуйлчих юм.
Чихний минь хэнгэрэг л
Нижигнэн дэлдэх дуулдаж;
Хөлсөө дагаад би урсчих юм.
Чичирч дагжаад бүхий л бие
Хатсан өвснөөс илүү сиймийж;
Үхэлд тэврүүлчих шиг л болох юм.
Орчуулагч Г.Аюурзана
Ли Чин-Жао (1084-1151), Хятад. Сүн улсын үеийн энэ найрагч эмэгтэйг Хятадын Сапфо гэлцэх нь ч бий. Шүлэг найраг, бийрийн уран бичлэгт гаршсан сэхээтний гэрт төрсөн тэрээр жаахан охин байхаасаа л ихэс дээдсийн дунд уран тансаг, нарийн гойд мэдрэмж бүхий шүлгүүдээрээ алдаршсан бөгөөд удмынхаа заншлаар бичгийн хүнтэй гэрлэжээ. 1126 онд Умард Сүн улсын нийслэл Кайпин хот Зүрчидэд эзлэгдсэний дараа орон гэр нь шатаж сүйдсэн тул эр нөхрийн хамтаар Өмнөд Сүн улсын Нанжин хот руу дүрвэсэн бөгөөд 1129 онд нөхөр нь нас барснаар шүлэг дуу зохиож, нөхрийнхөө номуудыг хэвлүүлэн түгээх болжээ. Хожим нь Өмнөд Сүн улсын нийслэл болсон Ханжу хотноо насан эцэслэсэн байна.
***
Ялгуун салхин сая л намдав.
Эргэн тойрон тоосонд дарагдсан цэцэгс...
Ядарсан гараа өргөвч үсэндээ ч хүрэх чадалгүй,
Жарган буй наран зүг гуниглан ширтнэм.
Хажууд минь чи үгүй.
Хан хорвоо нөгөө л янзаараа.
Амьдралын утга юундаа байгааг
Аяа, ер ойлгох аргагүй.
Альхан нэгийг хүүрнэх гэрлийн зүг харахуйд
Асуулгүй асгарах нулимсан даанч садаатай.
Хаврын цагт Сун-Шин сайхан гэлцэх юм билээ,
Халгих давалгаанд дайгдаад одоохон тийш явчих сан.
Замхарч сарнихгүй энэ их уйтгар
Завинд хүнддэх ачаа биш ээ. Гэвч,
Эргээс жаахан холдмогцоо л би
Энэ голд живчих вий гэж айнам.
Орчуулагч Г.Аюурзана
Эмили Дикинсон (1830-1886), Америк. Америкийн хамгийн шилдэг яруу найрагч 1830 оны арванхоёрдугаар сарын 10-нд Масачусетс мужийн Амхерст хотод хуульч Эдвард Дикинсоны ууган охин болон мэндэлжээ. Түүнд Эмили гэж ээжийнх нь нэрийг өгсөн байна. 1840-1847 онуудад Амхерстийн академид суралцаж төгсөөд, өмнөд хадлейн эмэгтэйчүүдийн коллежид элссэн ч хоёрхон улирлын дараа сургуулиа орхижээ. 1880-аад оноос зөвхөн цагаан өнгийн хувцас өмсөх болж, өрөөнөөсөө ч гарахаа больсон гэдэг. Амьд ахуйдаа зургаан сонинд есхөн шүлгээ өөрийн нэргүйгээр хэвлүүлсэн байна. Хожим 1886 онд бөөрний үрэвслээр нас барахад нь гарчиггүй, бичигдсэн он сар нь тэмдэглэгдээгүй олон зуун шүлгүүдийг нь түүний бичгийн ширээний шургуулганаас олжээ. Эмили Дикинсоных гэж нотлогдсон нийт 1775 шүлгээс анх 1890 онд түүвэрлэж олны хүртээл болгож эхэлснээс хойш өдгөө хүртэл тэр Америкийн хамгийн суут эмэгтэй найрагч гэж дуурсагдаад байгаа юм. түүний эрмэг, эрэмгий шүлгээс хүргэе.
***
Зүрх минь! Чи бид хоёр энэ үдэш
Түүнийг мартана.
Дулаахан илчийг нь чи
Гэрэл гэгээг нь би мартана.
Хэлээрэй! Мартаж дуусаад.
Харанхуйлж мэднэ, бодлууд минь.
Хурдхан! Хожимдох зуур чинь
Харин би түүнийг саначихаж мэднэ.
***
Би хэн ч биш! Харин чи хэн бэ?
Чи ч бас хэн ч биш үү?
Тэгвэл хоёул адилхан юм байна, битгий хэл!
Тэд биднийг цөлчихнө шүү!
Хэн нэгэн байх хичнээн гунигтай!
Олны өмнө мэлхий шиг
Өдрийн турш нэрээ зарлана,
Өрөвдмөөр, нүд хуурах балчиг намагт.
Орчуулагч Г.Лхагвадулам
Кристина Роззети (1830-1894), Англи. 1830 оны арванхоёрдугаар сарын 5-нд төрсөн Английн яруу найрагч.18-р зууны Английн шилдэг яруу найрагчдын нэг Дантэ Габриэл Розеттийн дүү бүсгүй Роззетиг өнөөгийн судлаачид ахаас нь хамаагүй өндрөөр үнэлдэг. Тэрээр харьцангуй шашны үзэл санаатай шүлгүүд бичдэг ч тэдгээрээс нь эротик өнгө аяс нэвт мэдрэгддэг. Дотоод ертөнцөө эрчүүдийн нөлөөнөөс хамгаалж чаддаг хүчирхэг яруу найрагч эмэгтэйчүүдийн нэг гэж түүнийг тодорхойлдог байна.
ТӨРСӨН ӨДӨР
Миний зүрх жиргэж буй шувуу юм,
Нойтон мөчирт үүр нь засаастай.
Миний зүрх цэцэглэж буй алимны мод юм,
Жимсээ даалгүй мөчир нь бөхийгөөстэй.
Миний зүрх солонгорон үзэгдэгч дуун юм,
Амгалан тэнгист тэр хөвөөстэй,
Миний зүрх солиорон дурласандаа
Алив бүхнээс илүү баясгалантай.
Амьдрахаар инагш ирсэн өдөр минь
Дурлал бас тохиосныг тэмдэглэж
Агаарт намайг торго мэт, өд мэд үлээ
Тэнгэрт намайг улаан тууз мэт өлгө.
Тэр туузаар тагтаа, анар жимс,
Зуун нүдэт тогосыг хайчил.
Тэгээд бас надаар алтан мөнгөн үрэл
Зуны цэцэгс, навчсыг урла.
Орчуулагч Г.Аюурзана
Силвия Плат (1932-1963), Америк. Америкийн зохиолч, яруу найрагч Силвия Плат 1932 оны аравдугаар сарын 27-нд төрсөн. Амьд ахуйдаа хэд хэдэн яруу найргийн түүвэр болон роман хэвлүүлсэн. 1982 онд Пулитцерийн шагнал хүртсэн. Тэр мөн хоёр хүүхдийн ээж байсан юм. Харамсалтай нь Силвия Плат 1963 онд гэрийнхээ гал тогооны өрөөнд амиа егүүтэсэн байдаг. Хожим 2003 онд Силвия Платын дотны нөхөр байсан зохиолч Жиллиан Бекер “Шантрахуй: Силвия Платын сүүлчийн өдрүүд” ном хэвлүүлжээ.
ТОЛЬ
Мөнгөлөг бие минь өөгүй тэгш.
Таамаг, зөн надад үгүй.
Мөчийн дотор л харсан бүхнээ байгаагаар нь нь залгидаг би.
Таалах, гутахын алинд нь ч бие минь халтирах нь үгүй.
Харгис биш ээ, би. Байгаа минь л энэ.
Хариугүй жижигхэн бурхны дөрвөн өнцөгт нүд-Би.
Эсрэг хананаа бясалгаж цагийг нөхцөөнөм.
Эрээн судалтай ягаахан ханыг
Энэ л зүрхнийхээ хэсэг болгон санатлаа ширтнэм.
Хана хааяахан нүд цавчнам.
Эгэл дүрүүд, гүн харанхуй үе үе биднийг салганам.
Одоо би нуур болсон. Эм хүн над руу тонгойж
Олж өөрийгөө харах гэж эргийг минь нэгждэг.
Тэгээд л лаа, сар тэргүүтэн хуурамч дүртнүүдийн адил болдог
Тэгэвч би ар нурууг нь ширтэнгээ тусгалыг нь энхрийлдэг.
Тэр намайг нулимсаараа, чичирхийлсэн гараараа шагнадаг.
Түүнд би эрхэм нэгэн. Эргэж ирсээр л байдаг, тэр.
Харанхуй гэгч өглөө бүр түүний төрхөөр солигддог.
Миний дотор л тэр залуу охин, өтөл эмгэний дүрээр живж
Хачин муухай загасны дүрээр өөртөө өдөр бүр дөтөлдөг.
Орчуулагч Г.Лхагвадулам
Ингеборг Бахман (1926-1973), Австри. Австрийн зохиолч Ингеборг Бахман (1926—1973) Австрид төрж, өсөж, Германд уран бүтээлээ туурвиж, Швейцарьт хайр дурлалтайгаа учран, Италид амьдарч, нас барсан хүн. Түүнийг дэлхийн дайны дараахь үеийн герман яруу найргийн үндэслэгчдийн нэг гэж үздэг. Бахманы уран бүтээлд гүн ухаантан Витгенштейний нөлөө их байдаг. 1973 оны 9-р сарын 26-нд Италийн Ром хот дахь түүний байранд гал түймэр гарч, эмнэлэгт хүргэгдсэн Бахман 21 хоногийн дараа нас барсан юм. Униахдаа тамхиа унтраалгүй орхисон тун бяцхан явдал энэ агуу найрагчийн амьдралыг таслаж орхисон билээ.
***
Чамтай л хуваалцсан өдрүүд, хэдэн ном, өнөөх хөгжим.
Чиний хэрэглээд орхисон түлхүүр, цайны аяга,
талхны сагс, цагаан хэрэглэл, ор.
Чиний юу ч үлдээлгүй үрж дуусгаад явсан
үгс болоод үйл хөдлөлийн минь инж.
Дагах л ёстой, дагаж л орхисон
дүрэм журмууд.
Дурлуулж орхисон өвөл, зун, Венын аялгуу,
далайн эрэг, газрын зураг, уулан дахь овоохой.
Бидэнд л хамаатай өдрүүдийг тэмдэглэсэн
цаг тооны бичиг, буцаашгүй амлалтууд
миний шүтээн.
Шүтээндээ мөргөхдөө өөр юмсыг биширсэн минь тоотойхон,
сүсэглэсэн минь үгүй.
Шашнаас ч сүрдэж явсангүй, гэрт маань
ариун дуган байсан нь бидний ор.
Тэнгис рүү хандсан цонх намайг зураач болгосон.
Тагтан дээрээсээ би хөршүүдтэйгээ мэндэлдэг болсон.
Задгай галын дэргэд, чиний хажууд үс минь хүртэл
хамгийн тодоор гялалзан байсан.
Зол, жаргалын минь сэрүүлэг чиний дардаг
хаалганы хонх байсан.
Гарз минь тэгэхээр
ганц чи биш.
Ахуй ертөнцөө бүхлээр нь
алдчихаад байна, би.
Орчуулагч Г.Лхагвадулам
Ши Мөрөн (1943-), Тайвань.Тайваны яруу найрагч, зохиолч, зураач Ши Мөрөн 1943 онд Чунчинд төржээ. Түүний аав Өвөр Монголын Цахарын чуулганаас гаралтай Монгол үндэстэн юм. Ши Мөрөн 1964 онд Брусселийн Эзэн Хааны Урлагийн Академид элсэж, зураач мэргэжлээр төгссөн. Тэрбээр “Хүж өвс”, “Алс холын нутаг”, “Голын урсгалын дуун” зэрэг долоон шүлгийн түүвэр, мөн 10-аад зохиолын түүвэр хэвлүүлсэн. Түүний шүлгийн хамгийн гол сэдэв нь цэцэг. Шүлгийнх нь бас нэг гол сэдэв бол Монгол нутаг. Тэрбээр Монгол үндэстнээр бахархдаг, зүрхний хайртай энэ нутагтаа очиж үзэхийг олон жил мөрөөдөж 1989 онд мөн хүслээ биелүүлсэн гэдэг. Ши Мөрөн бол Тайвань, хятадын уран зохиолын ертөнцөд Монгол гэдэг нэрээр овоглож яваа гайхалтай яруу найрагч юм.
МИНИЙ ИТГЭЛ
Хайр гэдэг амьдралын
Хамгийн тунгалаг, энхрий зүйл гэдэгт
Би итгэдэг.
Аливаа гэрэл болоод сүүдрийн
Авцалдаа болоод тусгал гэдэгт
Итгэдэг.
Өнгөлзөгч цэцэгс бол хөр цасан доорх
Өчүүхэн нэг үрээс үүсэлтэй гэдэгт
Би итгэдэг.
Гурван зуун бадаг шүлэгт
Үргэлж тааралдах тэр санаа бол
Насны залууд хэлж зүрхлээгүй
Тэр л үг гэдэгт
Би итгэдэг.
Мөнх хөх тэнгэрийн
Мөн бүхний зохицолд
Би итгэдэг.
Хамгийн анхны учрал руугаа
Хамтдаа явахыг чи зөвшөөрвөл
Энгийн, даруухан, холын тэр эхлэл дээр
Эцэстээ бид ойлголцож чадна гэдэгт
Итгэдэг ээ, би.
Орчуулагч Н.Энхбаяр
СЯ ЮЙ (1956-), Тайвань. Ся Юй 1956 онд Тайпейд төржээ. Тайваны үндэсний их сургуулийг төгсөөд хэвлэл, мэдээлэл телевизийн салбарт ажиллаж байсан. 1983 онд өөрөө бие даан хэвлүүлсэн "Санамж бичиг" хэмээх анхны шүлгийн түүвэр нь гарснаар тэр дороо олны анхааралд өртөж, түүний уламжлалт бус, этгээд содон дуу хоолой нь Тайваний залуу уншигчдад том нөлөө үзүүлсэн гэдэг. Ся Юй яруу найргийн найман түүвэр, жүжгийн хоёр түүвэр хэвлүүлжээ. Тэрбээр одоо орчуулга хийж, дууны шүлэг бичин Парист амьдардаг аж.
ШҮЛЭГЧИЙН ӨДӨР
Шүлэгчийн өдөр
Шүүрч үзгээ авмааргүй
Шүлэг огт бичмээргүй байна.
Харин
Үсээ тайруулах хэрэг байна.
Өвлийн хувцсаа угаамаар байна.
Эвтэйхэн ганц захиа бичих ажилтай
Эцэстээ ер нь гэрлэх үү, болих уу, бодох хэрэгтэй.
Үд дунд унтаад амарчихмаар...
Чийрсэн дэвсгэр даанч жихүүн...
Үгүй ер нь ингэхэд хүүхэд төрүүлэх хэрэг байна уу?
Өрөөнд замбага цэцэг, гүйлсний
Онцгой үнэр нисэлдэнэ.
L.Cohen гитараа
Элдэвлэж байна:
“Атаат дайсан чинь нойрсож байна
Амраг бүсгүй нь сэрүүн байна...”
Баншны гурилыг, давсалсан өндөгний цагааныг
Барж идэхэд түүний хөгжим л хэрэгтэй.
Тамхиа татах нь цаанаа л донжтой
Тэр бас онигоо ярих дуртай.
Тэгэвч үүнээс илүү шалтгаан байх ёстой.
Хатагтай, ноёд оо!
Хангалттай, би дахиж уйлахгүй.
Дэлхийн бөмбөрцгийн далан хувийг
Далай тэнгис бүрхчихсэн шүү дээ.
Тэгээд ч данхтай ус буцалчихлаа.
Аяга цай найруулаадхья.
Тэр утсаар ярьж байна:
Алив ээ, хөгжилтэй байцгаая.
Зөөлхөн
Амттай
Зөнгөөрөө л шингэх
Түүний уруул
Бас хэлэх үгс...
Даанч ус буцалчихлаа.
Даруйхан би цай найруулах ёстой.
“Нил мөрний улаан загас байснаас
Нэг насаараа бүсгүй хүн байхыг хүснэ”
Энэ бол зүгээр л сурталчигаа.
Эхлээд би шүршүүрт орох хэрэгтэй байна.
Эцэст нь дүгнэхэд
Шүлэг гэдэг хэтэрхий хээнцэр
Тэгээд бас
Тэнэг, уйтгартай зүйл.
Орчуулагч Н.Энхбаяр
Сэтгэгдэл ( 4 )
Маш их баярлалаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Маш их баярлалаа. Шүлэг яруу найрагт дуртай хүн бүхэнд хэрэгтэй сайхан мэдээлэл байна. Эдгээр яруу найрагчдын гүн мэдрэмж, тэдний сэтгэл зүрхнээс ургасан ѳвѳрмѳц содон үгсийг биширмой.
Орчуулагчдын нэрсийг дурдалгүй, өөрсдөө орчуулсан мэт оруулахаа боль л доо.
Баярлалаа. Сайхан юмаа сэтгэл сэргэчихлээ